ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.09.22 07:09

Энэрлийн элч буюу дэлхийн эмч

(ИРГЭНИЙ БАХАРХАЛ-БОДРОЛ)


“Ард түмний эмнэлэг” хэмээн дээдлэгдэж түмэн олондоо өргөмжлөгдсөн Шастины нэрэмжит III эмнэлэг манай улсын эрүүл мэндийн их өргөөний нэг билээ. Энд Монгол улсын тэргүүлэх зэргийн эмч,анагаах ухааны докторант, клиникийн профессор Цогтын Лочин ажилладаг. Энэ эмчийн тухай өгүүлэхийг хүсэж байна.

Аугаа сэтгэгч Гиппократ “Эмч тэгээд гүн ухаантан бол бурхантай эгнэнэ” гэж хэлсэн байдаг. Үүний агуулга нь шинийг сэтгэгч ухаан, аугаа их хүн чанар, бас нинжин сэтгэл зэрэг хүний олон сайхан шинжийн илэрхийлэл юм.

Энэ бүх шинжүүд ШУГТЭ-ийн ерөнхий мэс заслын тасагт 12 дахь жилдээ ажиллаж байгаа Ц.Лочин эмчид бүрдсэн мэт санагдана.

Ц.Лочин шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээний шинэ аргуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн зэрэгцээ мэс заслын багажуудыг шинэч­лэн, өөрчлөн сайжруулах зэргээр мэс заслын амаргүй,ээдрээ төвөг­тэй салбарт өөрийн хувь нэмрээ оруулж яваа чадварлаг мэс засалч. Тэрээр 2005 оноос эмчилгээнийх нь асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байсан нойр булчирхайн үхжилт, үрэвслийн өвчнийг мэс заслын шинэ аргаар эмчлэх болсон нь үр дүнгээ өгч,уг өвчний нас баралтыг 90 хүртэл хувиар бууруулсан нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эмчилгээний чиглэлээр хийгдсэн дорвитой өөрчлөлт болж гүн хүндэтгэл хүлээжээ. Тухайн мэс засалд хэрэглэдэг 3 төрлийн багаж,8 төрлийн урсгуур гуурснуудыг шинээр зохион бүтээсэн нь эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд бодитой шинэчлэлт болсныг мэргэжил нэгт нөхөд нь нотолж байна. Улсын хэмжээнд яаралтай мэс заслын хоёрдугаар байрт ордог цөсний замын эмгэгийн дурангийн болон нээлттэй мэс заслын багажуудыг шинээр зохион бүтээж нэвтрүүлсэн байна. Ийнхүү Ц.Лочинд эмчийн төдийгүй инженерийн сэт­гэл­гээ, арга зүйг бурхан бас хайрлажээ. Хэвлийн хөндийн мэс заслын улмаас үүссэн наал­дац, түгжрэлийн улмаас хагалгаанд орон дахин түгжирч ордог мэс заслын хүнд эмгэгийн эмчилгээний аргыг 2011 онд шинэчлэн,мэс заслын практикт нэвтрүүлсэн нь Монголын Анагаах Ухааны Үндэсний Хүрээ­лэн эмчилгээний шинэ арга гэж үнэлжээ. Үүнийг Ц.Лочингийн үйл ажиллагааны нээлт ч гэж хэлж болох юм. Хийт үхжлийг (хөлний, дээд мөчдийн, их биеийн, нүүрний хэлбэр) идэвхтэй соруулан эмчлэх аргыг анх удаа шинээр нэвтрүүлснээр хөлний хэлбэрийн хийт үхжлийн үед хөлийг нь тайрсан ч амь нас энддэг байсан эмгэгийг хөлийг тайрахгүйгээр,булчинг үхжүүлэхгүйгээр хамгаалан авч үлдэх цоо шинэ боломжийг бий болгосон нь түүний шинээр зо­хион бүтээсэн гуурсны зо­хиомж­той холбоотой болохыг эрдэмтэн судлаачид нотолжээ.

Дээр дурдсанчлан Ц.Лочин эмчийн нойр булчирхайн үхжилт, үрэвслийн мэс засал болон бусад мэс заслын эмчилгээнд шинээр нэвтрүүлсэн шинэ бү­тээл, арга технологинь Монгол Улсын болон дэлхийн эрүүл мэндийн салбарт үр дүн­гээ өгч, олон хүний алтан амь эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг хол­богдох байгууллагууд үнэлж Монгол Улсын шилдэг залуумэс заслын эмч батламж, Монгол улсын шилдэг зохион бүтээгч медаль, Тэргүүний залуу эмч медаль, 2018 онд Женевт байр­лах Дэлхийн Оюуны Өмчийн газрын алтан медалиар шагнаж урамшуулжээ.

Энэ бол магтаал ч биш, алдар ч бус гагцхүү үр дүн буюу энэ эрхмийн гайхамшиг гэлтэй.Үүнийг бид Монголын их бахархал, Монгол хүний оюуны өндөр чадамжийн баталгаа гэж омогшиж байна.

Эмч хүнд баярлалаа гэх нэг хэрэг , эмч хүнээр бахархъя гэвэл хүн төрөлхтний эрүүл мэндийн шинжлэх ухаантай аль хир мөр зэрэгцэн,хүн хэмээх аугаа бодгальд аз жаргал,амьдрал хайрласнаар нь дүгнэх учиртай. Иймдүгнэлтхүндэтгэлийн эз­дийн нэг бол Ц.Лочин эмч мөнөөсөө мөн. Өнөөдөр Монгол улсын анагаах ухааны хөгжил дэвшил орчин үеийн эмч на­рын дэлхийн жишигт хүрсэн их үнэмшил бид­ний дэргэд байгаагийн баталгаа энэ бус уу.

Энэ нь анагаах ухааны сал­барын үсрэнгүй хөгжил, тех­нологи IT программын эрин үетэй холбоотой эмчилгээний дэвшилтэт аргуудыг үйл ажил­лагаандаа тууштай нэвтрүүлж чадсаны үр дүн юм. Ц.Лочин эмчид салбарын тэргүүн хийгээд төрийн хэмээгдсэн өндөр цол хэргэмүүд аль нь ч байдаггүй бололтой.Түүндээ ч бүр аугаа мэт санагдана. Ингэж өгүүлэхийн учир хэмээвээс эмчийн тангараг өргөж,эрүүл мэндийн үйлсэд зүтгэж яваа мянга мянган алдарт эмч,эмнэлгийн ажилтнуудын маань дунд ийм л эрхэм хүмүүн эгэл мөрөөрөө зүтгэж явааг та бүхэндээ дуулгах гэсэн юм.

Од бүхэн гэгээтэй гэдэг шиг эмч бүхэн ачлалтай. Гэхдээ тэдний дунд “нэг л сайн эмч хэдэн зуун гарамгай дайчны үнэтэй” хэмээн аугаа Гомерийн хэлсэн суут үгний баатар Ц.Лочин бид­ний дунд Шастины нэрэмжит III эмнэлгийн мэс заслын та­сагт ард түмнийхээ төлөө тан­гарагт үйлсээн цогцлоож явна. Ц.Лочин эмчийн амжилт нь түүний эрдэм шинжилгээний ажлын удирдагч академич Н.Баасанжавын ажлын нөр их туршлага, бүтээлч чанартай салшгүй холбоотой юм.Япон, АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад “эмч хүн онолын өндөр мэдлэгтэй ,мэргэжлийн ур чадвар сайтай,ажлын дадлага туршлага төгс,хүнлэг энэрэнгүй, харилцааны өндөр соёлтой, шударга, судлаачийн арга зүйг төгс эзэмшсэн эмчлэгч төдий бус профессор, нийгмийн томоохон зүтгэлтэн,соён гэгээрүүлэгч байх өндөр шаардлагуудыг тавьж ажилладаг байна. Монголын үйлчлүүлэгч олон нийт ч ийм л хүчирхэг эмч эмнэлгийн ажилтнуудыг хүсэн хүлээсээр байдаг билээ.

Өнөөдрөөрөө,хойч үеэрээ бахархана гэдэг ирээдүйг дэр­гэдээ авчирч харах лугаа гайхамшиг билээ. Ц.Лочин эмчийнхээ тухай ийнхүү өгүү­лэхийн сацуу шинэ залуу чад­варлаг эмч нарыг бэлтгэх тог­толцоог бий болгож,анагаахын сургалтыг дэлхийн төвшингийн хэмжээнд зохион байгуулах то­дор­хой арга хэмжээ авах цаг болсныг, бүр тодруулбал, анагаахын салбарт сургалт, сургалт бас дахин сургалт нэн шаардлагатай байгааг залуу сайдын сонорт хүргэе гэж бод­лоо. Эрхэм сайд энэ талаар тууштай өөрчлөлт хийнэ гэдэгт гүнээ найдаж байна.

Чингэлтэй дүүрэг6 хорооны иргэн, ахмад багшНоровнямын Мягмардорж утас:99579529

Онцлох нийтлэлүүд