ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.03.18 09:03

Энэтхэгийн тэмдэглэл (III)

Түрүүч нь № 051, 052(6152, 6153) дугаарт


БИХАР МУЖ

Бурханы шашинт монголчуудын зорьж очдог ариун дагшин газруудын нэг бол Энэтхэгийн Бихар мужид орших Бодьгаяа юм. Тийш очихын тулд нийслэл хотоос онгоцоор Патна хот хүрэх бөгөөд Бодьгаяа хүртэл автобусаар дахин 6-8 цаг явна. Энхэл донхол бүхий замаар дэржигнүүлэн давхих зуур энэ нутгийн хүмүүсийн ахуй амьдрал алган дээр тавьсан мэт тодхон харагдаж байв. Арга ч үгүй юм, замын хажуунаас залгаад л түжигнэж бужигнасан амьдрал эхэлж, хотоос хот хүртэл огтхон ч тасрахгүй үргэлжилнэ. Энэтхэг кастын систем буюу баян ядуугаараа ангилагдан тусгаарлагдсан орон. Баян, хоосны ялгаа үлэмж. 200 шахам сая хүн үгээгүй ядуу амьдарч байхад дэлхийн тэргүүн баячуудын тоонд 90 гаруй энэтхэг хүн багтдаг.

Бихар муж бол хөгжил буурай, хүмүүсийнх нь амьдрал ч ядруу. Төв замынхаа хоёр талаар тасралтгүй ил задгай зах үргэлжлэх бөгөөд чихэр жимс, хувцас хэрэглэл, түргэн хоол гээд байхгүй юмгүй. Түргэн хоолны тогооч нь хоолны хачир энэ тэрээ гараараа атган таваглана, өнөөдүүл нь ч хуруугаараа сэрээдэн идэж харагдана. Замын тоос шороо, эргэн тойрон хөглөрөх хог новш, нааш цааш сүлжилдэх олон хүмүүсийн алхаа гишгээ гээд залхмаар адилхан дүр төрх эрээлжилнэ. Хэсэг яваад энэ байдал арай өөрчлөгдөн, орон сууцны хороололд ороод ирэв. Хоёр давхар навсгар байрыхаа нэг давхарт өнөө л худалдаа арилжаагаа хийж байгаа хүмүүс. Хүний олноор арилжаа наймаа нь давгүй явдаг биз. Зарж борлуулж буй бараа нь тоос шороонд дарагдсан ч тоох юм алга. Ийм л дүр зураг бүтэн зургаа долоон цаг нүдний өмнүүр жирэлзэнэ. Багахан чөлөөнд ногооны талбайнууд харагдана. Харин хаа сайгүй үнээгээ хөтөлсөн харчууд харагдах бөгөөд зарим нь сааж сууна. Үхэр бол энэтхэгчүүдийн бахархал, сахиус нь гэсэн үг. Тэд энэ оноос үхрийг нь хэн нэг нь хөнөөх, хохироохоос сэргийлэх зорилгоор паспорт олгох аж. Паспортод тухайн үхэрний нас хүйснээс гадна цусны шинжилгээ ч байх тул хуурамчаар хийхэд тун хэцүү болсон байна. Энэтхэгт лалын шашинт үндэстэн цөөнгүй бий. Тэдний хувьд үхэр бол мал, мах. Гахайн мах хориотой тул лалын шашинт энэтхэгчүүдийн гол хүнс үхэр. Харин хүн амын ихэнх болох индусүүд сүүг нь ашигладаг ч үхрийг хүнсэнд хэрэглэх, арьсыг нь зарж борлуулахыг эрс хориглодог. Үндэстэн хоорондын зөрчилдөөний нэгэн гол асуудал болсон үхрийн асуудлыг ийнхүү паспортоор шийдэхээр болжээ. Энэтхэг 40 сая үхэртэй. Тэднийг паспортжуулах ажилд найман сая доллар зарцуулна гэсэн мэдээлэл байна. Энэ улсад үхрийг хамгаалаад зогсохгүй бүх талаар нь судлан шинжилдэг. Энэтхэгийн Засгийн газарт үхэр сүргийн асуудлыг шийдэх, судлах тусгай хороо байдаг нь 19 хүнтэй. Тийм болохоор үхэр нь бараг л хүнээсээ дутуугүй хангамжтай. Өвс, усыг нь бэлдээд тавьчихсан, гоёмсог хүзүүвч хийчихсэн байв.

Патна хотоос биднийг буутай цагдаа нар замчилж Бодьгаяа хүргэсэн бөгөөд зам зуур зогсож зурах авах төдийд нутгийнхан эвэртэй туулай үзсэн мэт нүд салгалгүй ширтэх нь эвгүйцэм. Оройхон гудамж талбайд гэрэл анивчан, хөнгөн хөгжмийн ая үсчин, саари өмссөн бүсгүйчүүд, хүдэр борог эрчүүдтэйгээ диско бүжиглэх нь мэр сэр тааралдах болов. “Хурим болж байна” гэж хөтөч маань товчхон сонирхууллаа. Маш цомхон хүрээнд, тэрүүхэн хавьдаа цөөхүүлээ бүжиглэх бөгөөд гудамжны нөгөө талд худалдаа наймаа үргэлжилсээр байсан. Энэтхэгийн заншлаар хуримын ёслолоор эхнэр нөхөр хоёр дараагийн долоон үеийн амьдралаа холбож байгаа гэж итгэдэг тул ёслолыг маш өндөр зэрэглэлд зохион байгуулахыг хичээнэ. Хэрэв эхнэр нь нөхрийнхөө ирээдүйг тодорхойлдог хэмээн үздэг. Эхнэр нь нөхрийнхөө эрүүл мэнд, сэтгэл хангалуун байлгах нөхцөлийг хангах үүрэгтэй. Эхнэр хүн нөхөртөө муу хандах, сэтгэл дундуур байгаагаа харуулж нөхрийнхөө сэтгэлийг зовоож болохгүй. Хэрвээ нөхөр нь өвчнөөр эхнэрээсээ өмнө нас барвал эхнэр хүн бүх гоёл чимэглэлээ авч, үхэн үхтлээ гашуудал зарладаг. Бэлэвсэн эхнэрүүдийг ямар нэг арга хэмжээнд хэн ч урихгүй, нийгмийн байр суурь хамгийн доод түвшинд тооцогддог гэдэг. Ингэж явсаар бид Бодьгаяад ирлээ.

БОДЬГАЯА

Гэгээ орох төдий үнэгэн харанхуйгаар бид Махабоди сүм руу хөдөллөө. Бурхан багш одоогоос 2500 жилийн өмнө Бодьгаяа буюу Очирт сууринд Бодь модны дор суун, 35 настайдаа төгс гэгээрлийн хутгийг олжээ. Бурхан багшийг гэгээрэлд хүрэх үеэр биеэс нь их гэрэл цацарч, түшин суусан Бодь модноос бусад бүх мод шатсан домогтой. Энэхүү газрыг тэмдэглэн Их бодь суварга буюу Махабоди суваргыг эрдэмт Ашока хаан босгосон гэдэг.

Үүр дөнгөж хаяарахаас эхлээд Бурхан багшийн гэгээрсэн энэхүү Бодь мод, ариун суварганы зүг сүсэгтэн олны хөл тасралтгүй урсана. Үүд хавиар зарах цэцгэн мандлыг олон хүн гартаа барж, суварганд өргөж байлаа. Махабати суварганы гол хаалгаар оруут Бурхан багшийн алтадсан дүр угтана. Чанга яригчаар бурханы номыг нэгэн жигдээр тасралтгүй унших бөгөөд анхилам хүжийн үнэр хаа сайгүй тархжээ. Түүнээс гараад суваргыг нар зөв гороолон тойрвол лам нар хэсэг хэсгээрээ газарт завилан сууж уншлага номоо эхэлсэн байв. Үнэн сүсэг бишрэлтэй хүмүүс сунаж мөргөн урагшилна. Тэнд бүх хүн гутлаа тайлж орох ёстой.

Махабоди сүм нь 10 мянган ламтай. Сүмийн дэргэд түмэн зүйлийн шувуу жиргэсэн том нуурыг хашаалсан байх бөгөөд нуурын дунд Бурхан багшийн дүрийг могой ороосон байдлаар залжээ. Учир нь Бурхан багш бясалгал хийж байх үеэр айхавтар үер болсон бөгөөд тэр үеэр түүнийг могой хамгаалж байсан гэдэг.

Сүмээс гарч ирэгсдийг гараа тоссон сарвайсан хүмүүс, юухан хээхнээ үнэд хүргэх гэсэн наймаачид хуйлран тосно.

Ариун дагшин байдал, итгэл, шүншиг илтэд нэвт шингэсэн Бодь мод, Махабоди суваргад мөргөх нь дэлхийн бурханы шашинтнуудын туйлын хүсэл байдаг. Тиймдээ ч сүсэг нэгт олон түмнээ цагийн цагт мөнхөд соронздон далласаар байдаг биз ээ.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Ерөнхий сайд болсноосоо хойш Азийн Бурханы шашинтай орнуудад түлхүү айлчлал хийж байгаа бөгөөд үүнийгэээ “Будда дипломаси” гэж нэрлэдэг. Бурхны шашнаар дамжуулан Бурхан багшийн ариун дагшин газрууд байралдаг Энэтхэгийн хамгийн буурай хөгжилтэй газруудад хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх бодлого явуулж байгаа аж.

Монголчуудын хувьд ч Энэтхэг орныг бурханы шашны өлгий нутаг хэмээн хэдийнээсээ сүсэглэсээр ирсэн. Өдгөө шашин номын үйл хэргээс гадна хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам л өргөжин тэлсээр байна. 2015 оны тавдугаар сард хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн хэмээн зарлажээ.

Хамтын ажиллагааны заримаас нь дурдвал, хоёр улсын Засгийн газар “Дипломат, албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр”-ийг 2005 онд байгуулсан байна. Монгол, Энэтхэгийн соёлоор харилцах нийгэмлэг 1959 онд байгуулагдаж, 1990 онд Монгол, Энэтхэгийн найрамдлын нийгэмлэг болон шинэчлэгджээ. Энэтхэгийн соёлын төв Улаанбаатарт 1992 оноос үйл ажиллагаа явуулж, энэтхэгийн соёл, урлагийг монголчуудад сурталчилж, хүүхэд залуучуудад хинди хэл сургаж байна. Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр 150 төрийн албан хаагчийг Энэтхэгт төрөл бүрийн богино хэмжээний сургалтад хамруулдаг. Энэтхэгийн соёлын харилцааны хөтөлбөрийн хүрээнд жил бүр 25 хүртэлх оюутныг бакалавр, магистр, докторын сургалтанд хамруулах боломжтой ажээ.

Цаашид хоёр орны улс төр, батлан хамгаалах, соёл, боловсролын салбар, олон нийтийн байгууллага болон эдийн засгийн харилцааны цар хүрээ улам нэмэгдэн гүнзгийрэх нь дамжиггүй юм.


Онцлох нийтлэлүүд