ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.02.14 05:02

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас дөрвөн хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 10-наас 13-ны өдрүүдэд нийт 963 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 724 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас арван хүн гэмтэж бэртсэн бөгөөд нийслэлд нэг, орон нутагт гурван хүний амь нас хохирчээ.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр – 1 хэрэг тус тус бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ноцтой ослоос дурдвал:

  • Хоёрдугаар сарын 10-ны өдрийн 01.20 цагийн орчимд Завхан аймаг Их-Уул суманд Toyota prius маркийн автомашины жолооч П нь явган зорчигч 31 настай, эмэгтэй С-ыг мөргөж, амь насыг нь хохироосон.
  • Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 20.30 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсан сумын Буянт гуравдугаар багийн нутаг Өндөр толгой гэх газар асфальтан замд Sybaru Forester маркийн автомашин онхолдож, жолооч 37 настай, эрэгтэй Г нас барсан.
  • Хоёрдугаар 13-ны өдрийн 06.00 цагийн орчим Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2-р багийн нутаг Чоно гол гэх газар шороон замд Dayon маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 31 настай, эрэгтэй Б нас барсан.
  • Мөн энэ өдрийн 00.02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын зам, Наран төвийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч овог, гэрийн хаяг нь тодорхойгүй 30-35 насны орчим эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Энэ долоо хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх долоо хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 22.5 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 23.1 хувиар, хүний амь нас хохирсон осол хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Онцлох нийтлэлүүд