ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.17 11:05

Энэ их газар нутгаа бид хэзээ ашиглах юм бол

Бид газар нутгаа ашиглаж чадаж байна уу. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод  л чихэлдэж, шахалдан, бухимдаж амьдарч байна. Дөрвөн уулын дундах  давчуухан газар нутаг дээр л хөгжил дэвшлийг бий болгох гэж зүтгэцгээнэ. Өмнөговь зэрэг цөөн хэдэн аймагт уул уурхайн компаниуд газрын баялаг ашиглаж байна. Өөрөөр цэлийсэн их тал нутгаа ашиглаж чадахгүй л байна даа гэх бодол дорнын их талаар явж байхад бодогдов. Үнэхээр л нийслэл хотоос гараад 50 километр хүрэхгүй давхиад цэлийсэн хээр нутаг угтана. Манай орны зүүн хэсэгт  уул, толгод гээд нүдэнд бүртийх ч зүйлгүй өнжмөл шаргал өвс найгасан тал нутаг байх. Мэнэнгийн их тал, Хөх нуур, Эрээнцавын их талд хэдэн малчин усаа бараадаж малаа бэлчээн аж төрцгөөнө. Туулаад барамгүй цэлийсэн их талыг огт ашиглахгүй өдий хүрч байна. Энд хэдэн ч том хот босгож болохоор.  Хэнтийн нуруу, Минжийн хангай, Хөвсгөлийн их тайга нутаг гээд хүний хөл хүрээгүй газар олон. Усанд нь метр гаруй урт тул загас сэлээд, ан амьтад дүүрэн идээшлэх. Морь, онгоцноос өөр зүйл хүрэхгүй ян сарьдаг хөвч, тайга огт эзэнгүй байна. Ядахдаа өгөрч унасан модыг нь ашиглаж болмоор. Тэнд унанги мод дүүрэн байна лээ.  Баруун тал Алтайн нурууны ар, өврөөр говь, хангай хосолсон газар нутаг мөн л эзэнгүй. Баруун аймгийн ихэнх иргэд хот руу нүүгээд ирцгээсэн. Цавчим өндөр уулс бүхий нутаг хэзээд ашиглахад бэлэн байна. Эзэнгүйдсэн энэ газар нутаг дээр дэлхийд гайхагдсан олон хот, тосгодыг босгож болмоор санагдана. Бид энэ их газар, нутгаа хэзээ бүрэн ашиглах юм бол доо.

Э.Хүрэлбаатар    

Онцлох нийтлэлүүд