Нийгэм
2021.02.27 01:02

Энэ онд 389.3 мянган га-д үр тариа тариална

Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл даваа гаригт хуралдаж, чуулганы завсарлагааны хугацаанд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зарим байнгын хороог хуралдуулах шийдвэрийг гаргасан.

Үүний дагуу өнөөдөр (2021.02.26) Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо. Хуралдаан 14 цаг 18 минутад 68.24 хувийн ирцтэй эхэллээ.

Манай улс өнгөрсөн онд нийтдээ 432.2 мянган тонн үр тариа, үүнээс 411.1 мянган тонн улаанбуудай, 240.7 мянган тонн төмс, 115.0 мянган тонн хүнсний ногоо, 21.3 мянган тонн тосны ургамал, 171.1 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авчээ. Харин гурил үйлдвэрлэлд 254.3 мянган тонн буудай нийлүүлэгдсэнээр хэрэгцээт улаанбуудайн 83 хувь, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 46 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн байна. Цар тахлын онцгой нөхцөл байдалтай уялдуулан хүнсний улаанбуудайнд импортын зөвшөөрөл олгож, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласнаар ОХУ-аас 156.2 мянган тонн хүнсний улаанбуудай импортлосон бөгөөд энэ нь 2021 оны ургац хураалт хүртэлх хүнсний улаанбуудай, гурилын дутагдал гаргахгүй, үнэ өсгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, “2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авч, 320.2 мянган га-д уринш боловсруулж, бэлтгэх зорилт тавьж, хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа ороод байна. Улаанбуудайн үр импортлох зөвшөөрөл авсан 3 аж ахуйн нэгжтэй Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулах 12.0 мянган тонн улаанбуудайн үр нийлүүлэх гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 820 тонн улаанбуудайн үрийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл салбарт хүлээн аваад байна. Мөн 3380 тонн үр тээвэрлэлтийн шатандаа явж байна” хэмээн танилцуулав.

Түүнчлэн “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр төмс, хүнсний ногооны үрийн нөөц бүрдүүлж, иргэдэд нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох, “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж, тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор 10 нэр төрлийн 147.5 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр, 50 тонн төмсний супер элит үрийг тариалалтаас өмнө нийлүүлэх ажлыг эхлүүлжээ. Энэ хөнгөлөлттэй дэмжлэгт хот, хөдөөгийн 10.5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөсөн байна.

Салбарын сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, О.Цогтгэрэл, Д.Өнөрболор, Ц.Анандбазар, Т.Энхтүвшин, Ц.Цэрэнпунцаг, Т.Аубакир, Х.Болорчулуун нар асуулт асууж, санал хэллээ.

Тариалан эрхлэгчдийг дэмжих, усалгаатай тариалангийн аж ахуйг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлж байгаа ажлын талаарх гишүүдийн асуултад, “10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс 100.0 тэрбум төгрөгийн хүүний хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлүүлсэн. Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газрын 10.2 сая еврогийн санхүүжилтээр “Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийг эхлүүлсэн. Энэ төслийн хүрээнд 8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах, 50-80 морины хүчтэй трактор 100 ширхэг, ногооны үрлэгч, хураагч комбайн, копатель, хөрс боловсруулах техник, ургамал хамгааллын бодис цацах тоног төхөөрөмж зэрэг нийтдээ 600 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Мөн ОХУ-аас үр тарианы зориулалттай өндөр хүчин чадлын техник нийлүүлэх, Бүгд Найрамдах Беларусь Улсаас малын тэжээл бэлтгэх, төмс, хүнсний ногооны зориулалттай техник, тоног төхөөрөмж авахаар ажиллаж байна. Салбарын яамнаас стандартын шаардлагад нийцэх агуулахын тоог нэмэгдүүлэх, техник тоног төхөөрөмжийг сайжруулахад чиглэн ажиллаж байгаа” гэж хариулав.

Харин малын тэжээл тариалалтыг хэрхэн дэмжих талаарх асуултад салбарын сайд хариулахдаа, “Одоогоор нийт 1.0 сая га-д тариалалт эрхлэх боломжтойгоос 880 мянган га-г эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Одоогийн байдлаар 62 мянган га-д тэжээлийн таримал тарьж байгаа. Цаашид 100 орчим мянган га-гаар нэмэгдүүлнэ. Төв, хангай болон баруун, зүүн бүсэд тэжээлийн 4 үйлдвэр байгуулах асуудал яриа хэлэлцээрийн түвшинд явж байна. Салбарын яамнаас хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажилладаг. Ажлын байрыг нэмэгдүүлэх, тариалалтыг дэмжихэд Зээлийн батлан даалтын сангаас дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдэж байгаа” гэлээ.

Онцлох нийтлэлүүд