ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.01.15 04:01

Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна

Их хурлын дарга мөнгөний эрэлд мордож, баахан явж явж ирлээ. Эхлээд юмыг яаж мэдэхэв гээд хойд хөршдөө давхиад буусан. Гэтэл “Танай монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлага гэдгийг мэддэггүй хүмүүс” гэж ам руугаа алгадуулах нь тэр. Тодруулбал, ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко Монголын парламентын тэргүүнийг хүлээж авахдаа шууд л тэгж хэлсэн. Ингээд ноён спикер гишүүдээ дагуулаад дэлхийн баян орнуудын тоонд зүй ёсоор бичигддэг Арабын улсуудыг зорьсон. Эмират, Саудын Араб, Кувейтээс мөнгө босгох нь найдвартай болов уу гэж амьхандаа итгэсэн. Тэгтэл Арабын нэгдсэн Эмират улсын парламентын дарга “Эдийн засгийн тусламж үзүүлж болно. Гэхдээ олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримтлах ёстой”-г сануулсан бол Кувейт “Монголд хөрөнгө оруулах төсөл хөтөлбөр алга байна” гэж мэдэгдсэн юм.

Их хурлын дарга ийм л нэг бүтэл муутайхан, ганзага хоосон яваад иржээ. Хойд хөрш болоод Арабын орнуудын эдийн засгийн тусламж үзүүлж чадахгүй гэх мэдэгдлийн цаана урд хөршийн маань хатуу бодлого нуугдаж байгаа байлгүй дээ. “Монгол Улс Хятадын санал болгоод байгаа хөнгөлөлттэй зээлийг авахгүй, өөр улс орноос зээл авах нь” гэж тээг саад хийж байгаа биз. Өнөө “хятад тэврэлт” гэх айхтар зүйлдээ оруулах гэсэн санаархлын нэг хэлбэр энэ мөн байх. Сануулахад, манай улс ирэх оны гуравдугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлээс Монголын Засгийн газрын босгосон бондуудын хамгийн эхнийх буюу Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өр төлнө.

Уг өрийн 520 тэрбум төгрөг буюу 210 сая ам.долларыг улсын төсвөөс үлдсэн 370 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудаар төлүүлнэ гэж байгаа. Хөгжлийн банкнаас буюу “Чингис” бондоос санхүүжүүлт авсан төсөлд Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр зам, Эрдэнэс таван толгой, “Хөтөлийн цемент шохой” компанийн өргөтгөл, нийслэл хотын болон орон нутгийн авто замууд багтаж байгаа юм. Эдгээр төслийн дийлэнх нь эргэн төлөгдөх боломжгүй, ойрын хэдэн жил улсын төсөвт үр ашгаа өгөх ямар ч боломжгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон бондынхоо өрийг төлж чадахгүйд хүрвэл Хөгжлийн банкийг дампуурсанд тооцох нь хууль. Хөгжлийн банк дампуурна гэдэг Монгол Улс дампуурлаа гэсэн үг. Үүнийг олон улсын хэллэгээр дефолт гэж нэрлэдэг. Дефолт зарласан тухайн улс орноос гадныхан хамгийн түрүүнд нүүрээ буруулж эхлэх нь жам. Гадны хөрөнгө оруулалт, банк санхүүгийн урсгал, зээл тусламж бүх зүйл зогсох нь дамжиггүй. Монголын төр засаг гадагшаа хичнээн санал санаачилга, төсөл хөтөлбөр гаргаад нэмэргүй. Биднийг хэн ч тоохгүй, улс орон гэж үнэлэхгүй. Харин ч даажин тохуу хийж “Дефолт зарлачихсан юм. Илүүчлэх юм байвал өгье. Зовж байгаа амьтад” гэх зэргээр өрөвдмөөр хандлага үзүүлнэ. Эдийн засгийн боломж бололцоотой, хөгжил дэвшлээрээ дэлхийд тэргүүлж байгаа Хятад гүрэнд хуваарилж, өлсгөж цангуулалгүй аваад явахыг ч санал болгохыг үгүйсгэх аргагүй. Туурга тусгаар Монгол Улс ингэж өмнөд хөршөөсөө бүх зүйлээ асуусан, өөрийн гэх толгойгүй болж буйн эх үүсвэр ерөөсөө л эдийн засгийн баталгаагүй болсны илэрхийлэл. Ийм үед бидний сүйд болоод байдаг ардчилал маань ч худлаа болно. Хятадын мэдлийнх гэх нь хаашаа юм. Гэхдээ л үгнээс зөрсөн үйлдэл хийвэл бөөн гомдол санал, уньсан туньсан байдал үзүүлэх нь дарамттай. Ер нь тэгээд сүүл үеийн улс төрийн байдлыг анзаарахад урдаас айлгаж, хойноос анхааруулсан ийм л нөхцөл бүрдэх шинжиндээ орчихлоо.

Тэгэхээр өмнөд хөршийнхөө үгэнд орохгүйн тулд, дэлхийн улс орнуудад хоёр талаасаа хоол горьдсон өрөвдмөөр дүр төрхтэй харагдахгүйн тулд яах ёстой вэ. Монголчуудыг эх оронч сэтгэлтэй байхыг “Өдрийн сонин” уриалж байна. Улс орны хувь заяа тун эмзэг боллоо. Монгол Улс түүхэндээ хоёр удаа хүндхэн байдалд орж байсан гэдэг. Дотоодын тэмцэл хэрээс хэтэрсний горонд Манжийн эрхшээлд орсон. Сүүлд хориод оны эхээр гаминд эзлэгдэж байсан. Тэгвэл хориннэгдүгээр зуунд дефолт болж дэлхий нийтэд дампуурлаа зарлах дээрээ тулаад байна.

Олон улсын хөрөнгийн зах зээлээс “Чингис”, “Самурай” бонд нэрээр босгосон Хөгжлийн банкны 1.8 тэрбум ам.доллар, 580 сая еврогийн өр зээлийг Монголын төр төлж дийлэхгүй шинжтэй боллоо. Хэрвээ гаднаас мөнгө босгоё гэвэл бурхан шажнаасаа няцсан, хөршүүдийнхээ үгнээс гарахгүй гэж улс төрийн айхтар том амлалт өгч байж таван төгрөгтэй болох юм байна.

Гаднаас орж ирэх улс төрийн агуулгатай, далд нарийн бодлоготой “айхтар хатуу” мөнгийг авч өр зээлээ төлөхийн оронд монголчууд бид өөрсдөө тэр өрийг төлчихвөл яасан юм бэ. Үндсэндээ Монголын төр засаг ард түмэндээ хандаж, ард түмнээсээ зээлж өрөө төлөхөөс өөр гарц байна уу. Монголын томоохон компани, аж ахуйн нэгжүүдийг жинхэнэ эх оронч байхыг цаг үе шаардаж байна. Ядах нь аа, татвараа урьдчилгаа болгоод төр засагтаа тавь, зуун саяар зээлээр өгмөөр байна.

Дефолт гэдэг зөвхөн Монгол Улсад бий болж байгаа зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Америк, Герман, Англи гээд дэлхийн хүчирхэг улс орнууд дефолт болж байсан түүх бий. Тэд эдийн засгийн энэхүү эрсдэл, дампуурлаас хэрхэн гарч байсан гэвэл ерөөсөө л ард түмнийх нь эх оронч үзэл аваад гарч байсан. Бэлээхэн жишээ гэхэд Өмнөд солонгосчууд байна. 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн орон Солонгос юм. Тухайн орны ард түмний хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх сэтгэл тэрхүү хямралыг даван туулсан байдаг. Өнөөдөр Солонгос улс хөгжил дэвшлээрээ ямархан хэмжээнд байгаа билээ. Солонгосын ард түмэн төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж мөнгө болгохоор алт, мөнгөн ээмэг бөгжөө бариад оочерлоод зогсож байсан гэдэг.

Яг үүн шиг монголчууд алт эрдэнэс, машин тэрэг, мал хөрөнгө... мөнгө болчихоор юу л байна, тэр бүхнээ улсдаа хандив, зээл болгож өгөх хэрэгтэй. Малчид мал сүргээ, тариаланчид тариа будаагаа зарж борлуулан улс орондоо хандивламаар байна. Монголын ард түмэн ингэж нийтээрээ хөдлөхөд дааж давшгүй зүйл биш, ойрын хэдэн жилийн өр дорхноо л барагдаад ирнэ. Эрх биш ардчиллын буянаар монголчууд хадгаламжиндаа тав, арван тэрбум долларын хөрөнгөтэй болсон байлгүй. Түүнийгээ төр засагтаа зээлүүлэх хэрэгтэй. Мөн оффшорт мөнгөө хадгалуулсан нөхөд, одоо л хэрэг болно гээд улс орондоо өгөх нь чухал. Улс орон хөл дээрээ тогтон, хөгжин дэвшиж цаг сайхан болох үед буцааж авна биз.

Харин зээл тусламжийг хүлээж авах хяналтын зөвлөлийг ард түмнээс сонгох нь зөв. Тэрхүү хяналтын зөвлөлд нам улс төрийн харьяалалгүй, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүс орно. Хяналтын зөвлөлийнхөн тусламж, зээлийг нарийн нягт дансалж, цаг тухай бүрт нь олон түмэнд хэвлэл мэдээллээр мэдэгдэж байх үүрэгтэй. Улсын төсвөөс өр зээл авсан хүмүүсийн төлбөрийг барагдуулах, мөн төрийн мөнгийг хувьдаа завшсан нэгэнд нь хатуу арга хэмжээ авахыг хяналтын зөвлөл хариуцаж ажиллана.

Шашин төрөө нулимж байж хэдэн бор цаас царайчилснаас монголчуудынхаа халуун сэтгэл, жинхэнэ эх оронч эр зоригт найдсан дээргүй юу. Ингэж хүн бүхэн эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс салгахыг “Өдрийн сонин” уриалж байна. Хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зов гэдэг. Сэтгүүлчид бид нийгэмд хүлээсэн үүргийнхээ дагуу энэ асуудлыг гаргаж тавьж буй юм. Нарийн учрыг мэргэжлийн хүмүүс нь залаад чиглүүлээд явах учиртай.

Онцлох нийтлэлүүд