ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.11.09 01:11

Эрхүүгийн их сургуулиар овоглосон хуульчид

Төгсөлтийнхөө 25 жилийн ойн баяраар сургуулийнхаа үүдэнд

Монгол Улс дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх гараагаа ОХУ-ын Эрхүүгийн их сургуулиас эхэлсэн түүхтэй. Энэ цагаас хойш Монголын үе үеийн залуусын оюутан ахуй цагийн дурсамж Эрхүүтэй холбогддог. Өнөө ч эл сэжим тасраагүй. Монгол-Оросын найрамдал хамтын ажиллагааны өдрүүд тохиож байгаа энэ мөчидОросын шинжлэх ухаан, соёлын төвөөс Эрхүүд төгсөгчдийн уулзалтыг зохион байгуулж байгаа юм байна. Тэдний дундаас нэгэн ангийг сонгож, дурсамжийнх нь "хуудсыг" сөхлөө.Эрхүүд оюутан явсан хэн бүхэн тэднээр бахархдаг, өдгөө ч үлгэр дуурайллаа болгоцгоодог гэнэ.Тухайн үед тэднийг сургуулиа төгсөөд нутаг буцахад нь декан Л.П.Шаулина "Эрхүүгийн их сургуулийн түүхэнд ойрын арван жил танайх шиг ийм мундаг анги гарахгүй байх аа" хэмээн хэлж байсан удаатай.Монгол оюутнуудын нэр нүүр болж, орос багш нарт үнэлэгдэж явснаараа бахархдагаа тэд дурслаа. Энэ бол 1984-1989 онд Эрхүүгийн их сургуулийн хуулийн факультетийг төгссөн нэг ангийнхан билээ. Эрхүүгийн их сургуулиар овоглосон хуульчид юм. "Эрхүү гэдэг нэрийг сонсохоорцэл залуу насны минь гэгээн дурсамжууд тодорч,амьдралын турш анд нөхөд болж яваа ангийнхан минь төсөөлөгддөг юм. Аравдугаар ангиа төгсөөд улаан шугамд багтаж, харь нутагт сурах "тийз" авсан бидний 23 хүүхэдЭрхүүд очиж байлаа. Баруун хязгаарын Увс болон Булган, Говь-Алтай, Баянхонгор, Сэлэнгэ, Дундговь гээд хот, хөдөөгөөс цугласан 18-тууд алс хол хүний нутагт эрдэм сурахаар зорьсон юм.

Эрхүүд хэлний бэлтгэлээ дүүргэчихээд байсан арван хүн бидэн дээрнэмэгдсэн л дээ.Манай ангийнхны33-уулаа болсон түүх ийм" хэмээн хуучлах нэгэн бол Г.Мөнхчимэг. Тэрээр мөрдөн байцаагчаар 20 гаруй жил ажилласан туршлагатай. Сүүлд 2004 онд ОХУ-д бэлтгэгдсэн Монголын анхны полиграфич эмэгтэй. Улсын мөрдөн байцаах газар хvний үнэн худал ярьж байгаа үгүйгполиграф гэдэг аппаратаар тодорхойлдог болсон нь түүний Москвад суралцаад ирсэн цагаас эхтэй. Полиграфийн аппаратыг хүн амины хэрэг илрүүлэхэд ашиглана,цагдаагийн бие бүрэлдэхүүн албандаа хэр үнэнч ажиллаж байгааг шалгана. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхнөхцөлд ч энэ аргыг хэрэглэдэг тухай Г.Мөнхчимэг ярьж байлаа. Тэрээр өдгөө мөрдөн байцаагчийн ажлаас завсарлаж, Газрын тосны газарт ажиллаж байгаа юм байна. Тэр бол энэ ангийн бахархлуудын нэг нь яах аргагүй мөн.

Эрхүүгийн хуулийн ангид орно гэдэг баргийн хүүгийн чаддаг ажил биш байсан гэлцдэг. Аймаг болгонд нэг л хуваарь очно. Гадаадад сурна гэдэг улаан шугамд багтсан, онц сурлагатнуудад олддогболомжбайв. Энэ л жишгээр 1984 оны тэр намар шилдгүүдийг цуглуулсан нэг анги нь эднийх байжээ. Тэд хичээл эхэлсэн цагаас л сургуульдаа манлайлагчид байж. Анхандаа хэлний бэрхшээл тулгарч байсан. Шууд л оросоор дужигнуулах багш нарын лекцийг гүйцэхгүйгээс эхлээд асуудал ундарсан байна. Гэвч орос сургууль төгссөн Б.Ундрах, Д.Нарантуяа хоёрын ачаархоцорсон лекцээ нөхөж авцгаана. Хожмоо хэн нь ч хэнээсээ ялгагдахааргүй жигд сайн суралцаж,ана мана өрсөлддөг болсон байна. Ангийн онц сурлагатан Б.Ундрах өдгөө Дээд шүүхийн иргэний танхимын тэргүүн. Тэр хэзээний л гавал. Дөрвөн улирал дараалан онц сурч 120 рублийн степент авдаг оюутнуудын манлай.

Д.Нарантуяа ч ялгаагүй. Түүнийг ангийнхан нь "Энэ хорвоод мэндлэхдээ дарга байх заяанд төрсөн" хэмээн ярьцгаана. Учир нь тэрээр ангидаа байсан таван эвлэлийн даргын нэг. Сурагч байхдаа ч ангийн дарга, сургуулиа дүүргээд ажилд орохдоо ч дарга болсон хувь заяатай нэгэн хэмээн ангийн нөхөд нь хошигноно.Гэхдээ Д.Нарантуяа үнэхээр манлайлагч оюутан байсан гэдэг. Гитар тоглоод л "Журавли"-г ганган дуулна. Дуунд нь уярч, түүнд дурласан орос залуус олон.Одоо хэр нь Д.Нарантуяаг асууж, сураглацгаадаг гэнэ лээ. Ангийнхны "эгч" хэмээн авгайлдаг Б.Дэнсмаа мөн л онц сурлагатнуудын нэг.Одоо Дорнод аймагтдавах шатны шүүгчээр ажиллаж байгаа юм байна.Тэрээр ангийнхнаасаа насаар эгч байж шалихгүй. Гэхдээ нөхдийнхөө хувьд ээж нь л гэсэн үг. Өвдөж шаналсан нэгнээ асарч, тойлж, асуудлыг нь шийдэж өгдөг ажил хэзээнийДэнсмаагийн үүрэг мэтбайж. Тиймээс ангийнхан нь түүнийг "эгч" хэмээн хүндэлдэг юм байна. Ангийн дарга нь Болдбаатар. Гэвч тэрээр хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзжээ. Мөн л унаган орос хэлтэй, ангийн урдаа барьдаг оюутнуудын нэг байж.

Харин ангийнхныгаа нэг хүн шиг зангидаж, нийгмийн бүх ажлыг нь зохион байгуулж явдаг нь З.Алтангэрэл. Тэр бол энэ ангиас төрсөн өмгөөлөгчдийн нэг. Одоо ч түүний ажлын хуваарь хэвээрээ, ангийн нөхдөө цуглуулж, ажил зохион байгуулна. Оюутан насны дурсамж, ангийн хүүхдүүдийн онигоо, хөгжилтэй явдлуудыг ч он дарааллаар нь санадаг ой ухаантан гэнэ.Д.Цэндсүрэн ч ангийн манлайлагчдын нэг.Эвлэлийн үүрийн дарга. Дунд сургуулийн найзууд энэ ангид орж ирсэн нь Д.Саранцэцэг, Г.Тунгалаг нар. Сайхан ч дуулна, шүлэг уншина.

Ингээд дурдаад байвал энэ ангид бахархал болсон оюутан их. Уран гимнастикийн мастер, шатрын дэд мастер, хөнгөн атлетикийн тамирчнаас эхлээд авьяастан олонтой. Сургуулийн урлагийн үзлэгийг шуугиулна.Спортын тэмцээн уралдааныг тэд л өнгөлнө.Ямар сайндаа сургуульд анх очсон жилийнхээ урлагийн үзлэгийн эхний гурван байрыг бүгдийг нь хамж, орос оюутнуудыг ангайлгаж байхав. Охидын дөрвөл хамтлаг гаргаж,ардын язгуур урлагийн тоглолт үзүүлж,үлгэрийн баатруудыг "амилуулснаар" шагналын хамаг бялууг нь хамж байсан түүхтэй. Хуулийн сургуулиас гаргасан найрал дууны багийг энэ ангийнхан л бүрдүүлнэ.

Энэ тухай хожим Л.П.Шаулина багш нь "Та нарын дуул­сан дуу одоо хэр нь миний чихэнд хоногшин үлджээ" хэмээн нулимс унаган дурсан ярьдаг гэнэ. Энэ ангийнхан сурлагаараа ч ярих юмгүй. Эрхүүгийн хуулийн факультетад цойлдог байв. Олон нийтийн арга хэмжээнд бусдаас идэвхтэй оролцоно. Хичээл заадаг багш нар нь ч Эрхүүгийн их сургуулийн мундгууд. Л.А.Корчагина, Н.А.Пьянов,А.И.Хаснутдинов, В.В.Онохова, В.С.Абраменкова, О.П.Личичан, С.С.Акманов, О.А.Парягина, Г.А.Фоменко,В.А.Семеусов гээд л олон арван эрдэмтэн багшаа тэд бахархлын дээд гэж хүндэтгэнэ. "Биднийгхуульч хэмээх нэр төртэй мэргэжилд сургаж хүмүүжүүлсэн гавьяат хүмүүсээ бид мартаж болохгүй" хэмээн ярина.

"За тэгээд Эрхүүд оюутан байна гэдэг тэр чигээрээ адал явдал. Эрхүүгийн хаврыг дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Жавар тачигнам хүйтэн ч гэлээ үзэсгэл энтэй тэр өвлийг нь мартахын аргагүй. Хичээлдээ ч хамт, байрандаа ч цуг, төмсөө шарж, хар талхаа идэж нэг хамт олон болж явсан тэр он жилүүдийн дурсамж хэзээ ч балрахгүй" гэж тэд хуучилна.Орос оюутнуудтай ахан дүүс мэт нөхөрлөж, баяр бүрийг хамтдаа тэмдэглэж явсан гэгээн дурсамжуудаа нэхэн санах ажээ. Хуулийн ангид сурч байсан тэр жилийн төгсөлтийнхөн цөм нэг анги. Тийм учраас орос, монгол гэлтгүй ойр дотно нөхөрлөцгөөсөн байна.

Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан 1980-аад оны сүүлчээр монгол оюутнууд ганзагын наймаанд хааяа явна. Олсон мөнгөөрөөхаалттай хот Ангарскаас гангарааны хувцас авч самбаачилна. Тэр л жишгээр явсан оюутнуудын тоонд ордог байлаа. Ангийнх нь хөвгүүдийн зарим нь тарваганы арьс зөөж сэргэлэнд тооцогддог байсан тухай дурсамж бий.

Ямартай ч оюутан насаа үдсэнээс хойш олон жил өнгөрчээ. Гэсэн ч тэд өнөө хэр салаагүй. Өөр хоорондоо холбоотой. Байнга уулзаж, жил бүр шинэ жилээ тэмдэглэнэ. Жилийн өмнө хоёр багшаа Монголдавчирж амраасан байна. Эрхүүгийн хуулийн сургуульд сурч байсан оюутнууд багш нараа ирснийг дуулаад анги ангиараа цугларч, баяр хөөр болцгоож.Энэ бүхнийг эдний ангийнхан зохион байгуулжээ. Тэд төгсөлтийнхөө 25 жилийн ойгоор төрөлх сургуулиа зориод ирснээ ч олзуурхан ярина. 20-иод жилийн дарааЭрхүүгийн их сургуулийн "Уланбаторская" гудамжин дахь оюутны байрандаа очиход нь эрдэмтэн багш нар угтаж, инээд хөөрөөр бялхжээ.

Яг л олон жил очоогүй нутагтаа харьсан мэт, ахан дүүстэйгээ учран золгосонтой адил сэтгэл хангалуун байснаа дурсацгаав. Төрөлх сургуулиа зориод очих үед нь А.И.Хаснутдинов багш нь ОХУ-ын Хууль зүйн яамны харьяа Эрх зүйн академийн Хууль зүйн салбар дээд сургуулийн захирал болсон байлаа. Харин орлогч захирлаар нь В.В.Онохова, хүмүүжил эрхэлсэн захирлаар нь Л.А.Корчагина багш нь болсон байжээ. Удаан уулзаагүй орос найз нар нь "Хаана явна, та нарыг тосч авахаар ресторан бэлтчихээд байна" гэж утасдаад л , одоо манайхаар зочилно шүү гэдэг захиалгад дарагдаад л дэндүү сайхан өдрүүдийг өнгөрүүлжээ.

"Ленинградын их сургуулийг дөнгөж төгсөж ирээд орос хэл зааж байсан О.В.Сокольникова багш маань Дэнсмаа, Цэндсүрэн нарыг нэгдүгээр курст байхад нь хамтавахуулсан зургаа бариад ирчихсэн.Яг тэр үед нь манай Г.Батмөнх дуугаа дууллаа.Гэтэл Лена тэндээс "Хөөе Батмөнх өө чи ээжийн тухай Милая мама, как я тебя люблю гэдэг дуугаа дуулаач" гэж захиалаад л сайхан байсан" хэмээн хөөрөлдөнө. Олон арван өмгөөлөгч, шүүгч төрсөн энэ ангийнхан өнөөдөр онгоцноос буух Костя Якубовичбагшаа тосохоорхөл хөөрцөг болонявцгаав.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд