ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.12.04 03:12

“Эрх чөлөөний өргөн чөлөө”-г албан ёсоор нээлээ

Монгол улсын хэмжээнд жил бүр арванхоёрдугаар сарын 10-ний өдөр ардчилсан хувьсгалын ойн баярыг тэмдэглэдэг. Харин Орхон аймгийн тухайд 1989 оны арванхоёрдугаар сарын 3-ний өдөр монгол улсын хэмжээнд ардчилсан хувьсгалын төлөөх хамгийн анхны тайван жагсаалыг хийж ардчиллын өлгий нутаг болсон түүхтэй.

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд анхны жагсаалыг хийж байсан гудамжийг "Эрх чөлөөний өргөн чөлөө" болгон нэрийдлээ. Түүнчлэн анхдагч илгээлтийн эздийн хөшөөнөөс дурсамж жагсаалыг эхлүүлж Амарын хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөсөн түүхэн үйл хэргийг эхлүүлсэн замналыг баримтат кино болгон, мөн түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг ойн хүрээнд олны хүртээл болгож байна.

Эрдэнэт хотноо ардчиллын анхны тайван жагсаал эхэлснээр ардчиллын салхи газар авч Ховд аймагт 1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Багшийн дээд сургуулийн оюутан багш нарын жагсаал болж мөн анх удаа "Улс төрийн товчоо огцор" гэсэн шаардлага гарсан аж.

Түүнчлэн Монголын ардчилсан холбоо хэмээх анхны чөлөөт байгууллага багуулагдаж , арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод анхны цуглаан Хүний эрхийн өдөрт зориулагдан зохион байгуулагдаж байжээ. Энэхүү цуглаанаар МоАХ байгуулагдсанаа зарлаж төр засагт тавих 14 зүйлт шаардлагыг хүргүүлж байсан түүхэн цаг үеийг үеийн үед хүндлэн санаж явах ёстойг 25 жилийн ойн дурсамж жагсаалын үеэр ардчилсан холбооны партизанууд захиж байлаа.

Онцлох нийтлэлүүд