ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.31 04:05

Эрчим хүчний сайд Хятадад айлчиллаа

Эрчим хүчний сайд М.Сономпил тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д ажлын айлчлал хийгээд иржээ. Айлчлалын эхний өдөр Эрчим хүчний сайд М.Сономпил БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншионтой уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Эрчим хүчний сайд М.Сономпил Монгол Улс нүүрсээ дангаар нь экспортлох биш, цахилгаан эрчим хүч болгож, БНХАУ-ын зах зээлд борлуулах сонирхолтой байгаа. Тиймээс   томоохон цахилгаан станц барихаар зэхэж байгаа бөгөөд энэ төслүүдэд Хятадын талыг хөрөнгө оруулахыг хүссэн байна.
Харин БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны дэд дарга, Эрчим хүчний удирдах газрын дарга Ву Шиншион өмнө нь яригдаж байгаад орхигдсон томоохон төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, цаашид хамтын ажиллагааны шинэ боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хоёр ажлын хэсэг байгуулах замаар шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хэлжээ. Уулзалт ярилцлагын үеэр Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Эрчим хүчний удирдах газрын хооронд хамтран ажиллах санамж бичигт хоёр тал гарын үсэг зуржээ.
Мөн Эрчим хүчний сайд М.Сономпил айлчлалын хүрээнд БНХАУ-ын эрчим хүчний салбарын томоохон 16 компаний удирдлагатай ажил хэргийн уулзалт зохион байгуулж, яриа хэлцлүүдийг хийсэн байна.

Онцлох нийтлэлүүд