ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.09.14 11:09

“ЭФ СИ УЛААНБААТАР”, “ХОЛБООНЫ ЦОМ”-ын хагас шигшээд шалгарлаа

“Эф Си Улаанбаатар”, “Холбооны цом”-ын хагас шигшээд шалгарлааМонголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Холбооны цом”-ын хагас шигшээд өрсөлдөх сүүлийн багийг тодруулах тоглолт өчигдөр (2017.09.14) 19:00 цагаас боллоо.

“Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар” клубүүд “Хүрхрээ үндэсний лиг”-ийн нэгдүгээр тойрогт учраа таарахад “Гоёо Эф Си” 4:3-оор хожиж байв. Япон дасгалжуулагч Жун Фукудагаар удирдуулсан “Эф Си Улаанбаатар” энэ улиралд “Хүрхрээ үндэсний лиг”-т үлдэхээс гадна “Холбооны цом”-д байр эзлэх зорилготой байгаа нь дамжиггүй. Тиймдээ ч энэ удаагийн тоглолтын санаачилгыг эхнээс нь гартаа авч, нэгдүгээр үед О.Энх-Амгалан /27'/, Мотохиро Канаширо /30'/ гоол оруулж, баг нь 0:2-ээр тэргүүлэх болов.

Хоёрдугаар үеийн 47 дахь минутад “Гоёо Эф Си”-ийн Япон легионер өөрийн хаалганд гоол оруулж, тооны харьцааг 0:3 болж холдсон. Энэ тоглолтын дөрөв дэх гоолыг мөн л “Эф Си Улаанбаатар”-ын довтлогч Мотохиро Канаширо оруулав. “Гоёо Эф Си”-ийн О.Одбаяр 65 дахь минутад хоёр дахь шар хуудсаараа торгуулж талбайг чөлөөлснөөр үлдсэн хугацаанд тооны харьцаа өөрчлөгдсөнгүй, “Эф Си Улаанбаатар” 0:4-өөр хожлоо.

Ингэснээр “Холбооны цом”-ын хагас шигшээ “Улаанбаатар сити” - “Эрчим”, “Эф Си Улаанбаатар” – “Дэрэн” багууд учраа таарав. Хагас шигшээ тоглолт есдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас болно.

Онцлох нийтлэлүүд