ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2014.05.11 10:05

Эх орны торгон хилийг дээд боловсролтой залуус манаж байна

Эрдэнэцагаан сумын нутагт байрлах Лхачинвандад дархан цаазат уул ховор ан амьтан ихтэй гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэгвэл эл уулын ар өвөр бэлээр нутагладаг зээр, бор гөрөөсөөс эхлээд ихэнх амьтад гал түймрээс болоод дайжжээ. Бичигтийн заставын дарга А.Насанбуян түймрээс хойш цөөн тооны буга, ганц хоёроороо явж буй зээр л харсан гэнэ. А.Насанбуян уг нь нийслэл хотын унаган хүү аж. Сургуулиа төгсөөд хилийн цэрэгт дурлаж энд эхнэр хүүхэдтэйгээ иржээ. Түүний эхнэр хот руу амаржихаар явсан байв. Мөн тогооч нь үсчний мэргэжлээр сурахаар чөлөө аваад явсан гэнэ. Заставын хувьд хоёр хилийн залгаа боомтын ойролцоо байдаг учраас хөл хөдөлгөөн ихтэй гэсэн. Ялангуяа хулгайн анчид шөнөөр машинтай явах тохиолдол гардаг байна. Тиймээс бусад ангиудыг бодвол өндөржүүлсэн бэлэн байдалд ажилладаг тухайгаа ярив. Тус заставт таван хүүхэд байсан. Бүгд цэцэрлэгийн насны багачууд. Хоёр километрийн зайд байрлах Бичигтийн боомтын цэцэрлэгт өглөө 09 цагт хүргэж өгөөд орой тарах үед аав ээж нь ээлжээр авдаг байна.


Бичигтийн боомтын тухайд гэвэл сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт хийж захиргааны байр, хянан шалгах байр гээд нэлээд ажлыг хийсэн аж. 2016 он гэхэд боомтыг Сүхбаатар аймагтай холбосон хатуу хучилттай зам тавихаар бэлтгэж байгаа аж. Боомтоор нүүрс ачсан тав зургаан том оврын ачааны машин гарч тоос манаргасаар гарч байгаа харагдсан. Тус боомтоор нүүрс, газрын тос гаргадаг. Тодруулбал, “Петро чайна Дачин тамсаг” газрын тос олборлож урагш гаргадаг бол Баянцогтын нүүрсний уурхай олборлосон нүүрсээ боомт хүртэл зөөдөг аж. Учир нь цаад хөршөөс ачааны том машинууд орж ирээд боомтод овоолсон нүүрсийг цааш авч явдаг байна. Дээрх хоёр үйлдвэр хоёулаа хятад эзэнтэй гэдэг. Харин Хятадаас манайхан бүх төрлийн барилгын материал зөөдөг байна. Хилийн торны цаахна Хятадын боомт байх бөгөөд аймгийн хэмжээний том суурин харагдана. Иргэдийн ярьснаар бол энэ боомт хэдхэн жилийн өмнө Монголын боомттой ялгаагүй цөөхөн хэдэн байшин байсан бол өнөөдөр энэ хэмжээнд хүртэл хөгжсөн гэх. Боомтоос нь 60 гаруй км яваад Улиастай хот байх бөгөөд монголчууд хүнсний бүтээгдэхүүнээ ч цуглуулдаг гэх. Тиймээс Хятадын тал боомтдоо монголчуудад зориулсан том худалдааны төв барихаар төлөвлөж байгаа сурагтай. Хятадууд манайхтай хиллэдэг зурвасын дагуу нэлээд хэдэн олборлолт явуулж буй уурхайтай гэсэн. Зүүн бүсийн хил орчмоор гэсэн үг. Ямар үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдэх боломжгүй бөгөөд бараг Монголын хилийн тортой хаяа дэрлэх газар байдаг учир газар доогуур эх орныг минь ухаж байгаа гэх хардлага нутгийн иргэдийн дунд гарах болсныг ч ярьж байсан. Амралтын өдөр болоод ч тэр үү боомтын амьдрал нам жим байлаа. Боомтын аюулгүй байдал харуул хамгаалалтыг ерөнхийдөө хилчид хариуцан ажилладаг байна. Бид хоёр орны хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслахын хэмжээний уулзалт хийж байх үетэй таарсан юм. Хилчдийн хувцасны өнгө манай хилчдийн хувцсыг бодвол цайвар. Харин үүрсэн буу нь манай хилчдийн нэлээд хэдэн жилийн өмнөх загвартай бууг бодвол хүрзний иш шиг бариултай сүүлийн үеийн буу байв. Хоорондоо ёслоод “Хил тайван” гэсэн утга бүхий юм хэлээд гар барилцаад инээмсэглэх аж. Тэд хилийн 1046 дугаар багана дээр ийн уулзалт хийв. Хоёр орны харуулын манаа болон хилийн тор руу гараа заан ярилцах аж. Нэг их удсангүй уулзалт дуусч гараараа дохин хоёр тийш явцгаалаа. Хятадын талын хилийн хамгаалалтын тор нэлээд бөх шинэ харагдсан. Харин манай хилийн тор өнгө муутай үзэгдэв. Ингээд уулзалт дуусч заставын зүг хөдлөв. Харин хилийн манаанд ээлж солигдон А.Амарбаясгалан хэмээх цэрэг үлдэв. Тэрээр ОХУ-д геологийн чиглэлээр сурч байгаад иржээ. Ер нь сүүлийн жилүүдэд гадаадад боловсрол эзэмшсэн залуус хил дээр ирэх нь ихэсчээ. Учир нь төрийн албанд заавал цэргийн алба хаасан эрчүүдийг авна гэсэн шаардлага тавьдаг болсонтой холбоотой аж. Эрдэнэцагаан суманд байрлах Эрдэнэцагааны отрядад Б.Хатантөмөр гэх залуу байна. Тэрээр мөн л Энэтхэгт эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм байна.

Дэд түрүүч Б.Ха­тантөмөрөөс зарим зүйлийг тодруулсан юм.


-Цэрэгт ирээд хэр удаж байна?
-Өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан.
-Таныг Энэтхэгт сурч байсан гэж сонссон. Яагаад хилийн ангид алба хаахаар болов?
-Би Энэтхэгт эдийн засгийн чиглэлээр сурсан. Мөн МУИС-ийн Олон улсын харилцааг өнгөрсөн жил төгссөн. Сургуулиа төгсөөд л цэрэгт явахаар шийдсэн.
-Яагаад?
-Манай сургуулийн онцлог их нөлөөлсөн байх. Монгол Улсын түүх, байгалийн дурсгалт газар гээд эх орноо таниулах чиглэлийн хичээл их ордог байсан. Тиймээс иргэнийхээ үүргийг биелүүлээд цэргийн алба хаах нь зүйтэй гэж бодсон.
-Саналаараа хилийн ангид хуваарилагдсан уу?
-Тэгсэн. Цэргийн албанд татагдахдаа хүсэлт гаргасан, хил дээр очъё гэж. Тэгсэн 0146 дугаар ангид хуваарилсан л даа. Арми буюу зэвсэгт хүчинд алба хаана гэдэг нэг өөр, онол тал руугаа түлхүү хичээллэдэг юм шиг санагддаг. Харин хилийн цэрэгт алба хаана гэдэг амьдралтай илүү ойр санагддаг.
-Хилчдэд англи хэл заадаг гэсэн үү?
-Тийм ээ. Хилчдэд англи хэлийг А, В, С-гээс эхлээд зааж байгаа. Хоёр сар болж байна. Анги бүрэн бүрэлдэхүүнээрээ сургалтад хамрагдаж байна. Ядаж наад захын англиар мэндлээд өөрийгөө сайхан танилцуулдаг болчихвол хэрэгтэй шүү дээ.
-Хэр сурч байна?
-Ер нь идэвхтэй байгаа шүү. Эмэгтэйчүүд арай илүү хурдан сурч байгаа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу. Цэргээс халагдаад юу хийх бодолтой байгаа вэ?
-Хотод ээж, дүүгийн хамт амьдардаг. Яг тийм ажил хийнэ гэсэн шийд алга. Ямар ч байсан төрийн албанд орж эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээх болно. Энэ завшааныг ашиглаад танай сониноор дамжуулан залуустаа хандаж цэргийн алба хаах нь эр хүн болгоны бахархал, төдийгүй үүрэг юм байна шүү гэдгийг хэлмээр байна.

Д.Даваасүрэн

Онцлох нийтлэлүүд