ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.02.24 10:02

“Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ

Цагаан сар хаяанд ирчихсэн, айл бүхэн сар шинэдээ бэлдээд, хүн бүр билэг ерөөлийг бодож байгаа. Сар шинийн өмнөхөн билэггүй юм яриад яахав дээ гэх хандлага байдаг. Гэвч эдийн засаг хамгийн үнэн, бодитой. Нэрэлхээд нэрээ идэхгүй, гэртээ хариад гэрээ идэхгүй гэдэг шиг өнөөдөр Монгол Улс дампуурлынхаа ирмэгт ирээд байна. Эдийн засаг үнэхээр хүнд байна. Засаг төр маш хурдтай ажиллаж, зоримог шийдвэрт хүрэхгүй бол монголчуудын уламжлалт баяр цагаан сарын золголт ид дундаа байх цаг дор улс орон маань дефолт буюу хүн төрөлхтний өмнө дампуурлаа зарлаж шившгээ дэлгэнэ. Ийм л цаг бидний өмнө ирж дампуурлаа зарлах уу, үгүй юү гэдэг асуудал ердөө л минут, секундээр хэмжигдэж эхэллээ.

Манай улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүй байдалд ороод байгаа. Гэтэл Олон улсын валютын сан Монголд хамгийн хүнд нөхцөлтэй шаардлагыг тулгах болсон. Энэ нь Монгол Улсын Сангийн яам болоод ОУВС-гийн хэлэлцээрийн явцаас мэдрэгдэж байна. Тухайлбал, “Extended fund facility” буюу урт хугацаат өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг манайд тулгаж байгаа юм. Ийм хөтөлбөрийг төлбөрийн тэнцлийн хямралд өртсөн орнууд хэрэгжүүлдэг. Үндсэндээ эдийн засаг нь элгээрээ хэвтсэн орнуудад санал болгодог гол хөтөлбөр нь аж.

Олон улсын валютын сангийнхан “Эдийн засаг чинь онцгой хүнд нөхцөлд байгаа учир үүнээс өөр арга одоохондоо алга” гэдгийг хэлж байна. Татвар нэмэх, орлогын шаталсан татвар бий болгохыг шаардсан нь өнөө яригдаад буй 450 сая ам.доллар бөөндөө биш цуварч орж ирнэ гэсэн үг. Валютын сангийн даалгаврыг цаг тухай бүрт нь биелүүлж байгаад дараагийн мөнгөө авах эрхтэй болно. Ийм л хатуу зарчмаар явах сонголтыг тэд тулган хүлээлгэж байна. “Extended fund facility”-д хамрагдсан орнуудад ОУВС-гаас төсвийг нь эрүүлжүүлэх танах чиглэлээр цаашдаа тодорхой салбар руу нь шууд дайран ордог байна. Түүний нэг жишээ нь уг хөтөлбөрт хамрагдсан Украинд эрчим хүчний төлбөрийг шууд нэмэгдүүлж байжээ. Манайд ийм эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүйг эдийн засагчид онцлоод байгаа.

Өнөөдөр Монголын төрийг эх орончдын нам буюу Монгол ардын нам барьж байгаа. Тэд хорин нэгэн оны хавар Монголд анх улс төрийн хүчин болж байгуулагдсан. Монгол ардын нам бол халуун зоригт эх оронч хөвгүүдийн байгуулсан нам. Улс орны тусгаар тогтнолын суурийг тавьсан эх орончдыг үгүйсгэж болохгүй хэмээн тунхаглаж, жил бүрийн гуравдугаар сарын нэгнийг Эх орончдын өдөр гэж жигтэйхэн баяр хөөр болж, наадам найр хийдэг. Юм л болбол эх орон, ард түмэн минь, эх оронч баатарлаг хөвгүүд минь гэж лоозогнодог Ардын намыг эх орончдын нам гэсэн нь ийм учиртай.

Эдийн засаг элгээрээ хэвтэж, улс орон дампуурахдаа тулаад буй энэ үед Эх орончдын намд засгийн эрхийг барих ээлж таарсан юм. Тэд өнгөрөгч оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулахдаа ард иргэдээ өдөр бүр ам руу нь угжиж байх хайр, халамжийг хавтгайд нь зарласан.

Эргэн санавал, “Бид хамтдаа иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлооно” гэж уриалан тунхагласан мөрийн хөтөлбөртөө хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлгийг олгоно, оюутнууд сургалтын төлбөрөө төрөөс зээлж, ажилдаа орсны дараа буцаан төлдөг тогтолцоог бүрдүүлнэ. Өрх толгойлсон эцэг эх, орлого багатай өрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ тусгайлан дэмжинэ. “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхэд төрүүлэн өсгөх бүрт ээжүүдийн ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно. “Одонтой ээжүүд”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгон бууруулах бодлого хэрэгжүүлнэ. Үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Орлого багатай иргэдээ тэтгэнэ. Цалин урамшууллыг өсгөж өрхийн сарын дундаж орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гээд цааш хөвөрнө.

Эрх баригчид ингэж тунхаглан сонгуульд ялчихаад баярлалдаж байтал Олон улсын валютын сангаас энэ бүхнийг нь тас цавчсан шаардлагуудыг тавих нь тэр.

Халамжийг бараг л байхгүй болгох, татвар нэмэх, төсвөө суурь байдлаар нь танах, төрийн албан хаагчдыг эрс цөөлөх, өрөөр өр дарахгүй байх, өр зээл дахиж авахгүй байх зэрэг хатуу болзлуудыг тулгасан. Өөрөөр хэлбэл, засаг барьж буй Монгол ардын нам “Стэнд бай”-д хамрагдахын тулд сонгуулийн мөрийн хөтөлбөр болоод ард түмэндээ амлаж ялалт байгуулснаа 100 хувь үгүйсгэж, үндсэндээ амлалтынхаа эсрэг ажиллана гэсэн үг. Хэрвээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, эх орныхоо сан хөмрөгийн ёроолд байгаа жаахан хүнсээ халамж нэрээр тараагаад цацчихвал, уутныхаа ёроолыг сэгсрээд гөвчихвөл Монгол Улс дэлхий дахинд дампуурлаа зарлах нь тодорхой. Хэрэв өрөөр өр дарж дампуурлаа зарлаж гэмээнэ тухайн улс орон дахин өндийж хөл дээрээ тогтоход наад зах нь 100 жил шаардлагатай гэсэн шинжлэх ухааны тооцоо байдаг. Дампуурлаа зарлаж, дахин өр тавиад баларч байгаа улс орнуудын жишээ олон бий.

Тиймийн учир монгол төрийн жолоог ийм хүнд бэрх цаг үед барьж буй МАН-д эх орныхоо төлөө харакири хийж өөрийгөө золиослох шаардлага тавигдаж байна.

Харакири гэдэг нь өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ үзүүлж гэдсээ хүүлэн амиа егүүтгэдэг самурайн ёс заншил юм. Хүндлэл, үзэл баримтлалаа сэвтүүлсэн самурай нар өөрийгөө шийтгэж, энэхүү зан үйлийг сайн дураараа хийж гүйцэтгэдэг байжээ. Ардын нам ийнхүү амиа хорлон эх орноо авраад улс төрийн дараагийн сонгуульд ялагдал хүлээх нь мэдээж. Амлалтаасаа 100 хувь ухарсан тэдэнд ард түмэн дахиж итгэл үзүүлнэ гэдэг юу л бол. Дараагийн сонгуулиа бодоод, өөрсдийнхөө амийг хоохойлоод эх орноо дампууруулбал бүр чиг шившгээ дэлгэж, Монголын түүхэнд аймшигтай хар мөр үлдээнэ. Ийм л хэцүү бэрх тулгарлын өмнө ирлээ.

Сонирхуулахад, Монгол Улсын гадаад өр сүүлийн таван жилд 3.2 дахин өсч 21.6 тэрбум ам.долларт хүрсэн. Гадаад өрийн 18 хувийг хадгаламжийн байгууллага (төв банкийг оруулсан), үлдсэн 82 хувийг нь хадгаламжийн бус байгууллагуудын өр бүрдүүлж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хадгаламжийн байгууллагын гадаад өр гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн бол хадгаламжийн бус байгууллагуудын гадаад өрийн хэмжээ 12 тэрбум ам.доллараар огцом нэмэгджээ.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ нь дэлхийн улс орнуудын түвшинтэй харьцуулахад хамгийн өндөр буюу дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний 173 хувьтай тэнцэж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудаас Франц улс 93.9, Америк 104.5 байдаг бол Ямайк 138.9, Ливан 139.7 хувьтай тэнцэж байна. Харин Грек улс эдийн засгийн хямралын хамгийн хүнд үедээ гадаад өр нь ДНБ-ний 173.8 хувьтай тэнцүү буюу 320 тэрбум евро болж байсан удаатай. Дэлхийн улс орнуудыг гадаад өрийнхөө хэмжээгээр тэргүүлж буй улсаа эдийн засгийн хүндрэлээс аварч, дампуурлаа зарлан гутамшиг болгохгүйн төлөө энэ нам, энэ төр засаг ажиллах үүрэгтэй.

Ардын нам өөрсдийнх нь хэлдгээр эх оронч хөвгүүдтэй, тийм зүрх зоригтой нь үнэн юм бол Монгол Улсынхаа төлөө нэр төрөө золиослох цаг үеийн шаардлага тулгарсан байна. Улс төрийн намууд эх орныхоо төлөө ингэж золионд явдаг. Энэ удаад ард түмэн шоо хаяж сонголт хийхдээ Эх орончдын нам буюу Ардын намыг тодрууллаа. Үндсэндээ Монголын ард түмэн энэ намыг золионд гаргахаар санал нэгтэйгээр шийдлээ гэсэн үг. Харин одоо Эх орончдын намд эх орныхоо төлөө харакири хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг иржээ.

Онцлох нийтлэлүүд