ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2020.08.11 10:08

Э.Батзориг: Хил нээгдчихвэл бид бүжгээрээ дэлхийд “толгой цохих” нь баттай


“AIM4R продакшн”-ыг үүсгэн байгуулагч, бүжигчин Э.Батзоригтой ярилцлаа.


-“AIM4R продакшн”-ыг байгуулж байсан хугацаа саяхан мэт л санагдаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш олон сайхан бүжигчид төрүүлжээ?

-Тийм шүү. Продакшны үүсэл хөгжлийн тухай яривал, би арван жилээсээ бүжиглэх дуртай хүүхэд байлаа. 2008 онд МУИС-ийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөөд “Зоос” банканд маркетингийн менежерээр хоёр жил ажилласан л даа. Удалгүй БНХАУ руу хэлний бэлтгэлд суралцах боломж олдоод явсан ч ханз бичнэ гэдэг миний хийх ёстой зүйл биш гэдгийг мэдээд сургуулийнхаа бүжгийн зааланд цаг зав гарвал бүжиглэдэг болсон. Тэгтэл нэг өдөр хятад бүжигчид ирээд надтай танилцаж нэрийн хуудсаа үлдээгээд явлаа. Ингээд долоо хоногийн дараа залгатал Ханжоу хотын хоёр том бүжгийн студийн нэг “MADA” надад бүжгийн багшаар ажиллах санал тавьсан хэрэг. Ингээд л анх арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй хамтлаг байгуулсан. Ер нь хамтлаг болж ажиллахаас илүү зах зээл нь байсан учраас продакшн болж ажилласан. Одоо зөвхөн “Assassins” гэхэд л 60 гаруй бүжигчидтэй.

-Гудамжны бүжиг хэмээн нэрлэдэг чөлөөт бүжгийг хүмүүс ойлгож эхэлсэн байна. Ер нь энэ урсгалын хөгжил Монголд аль шатандаа явж байна?

-Үүнийг дан ганц би тодорхойлох эрхгүй л дээ. Өмнө нь бид хоцрогдолтой байсан нь үнэн. Харин сүүлийн таван жилийн хугацаанд манайд чөлөөт бүжиг сайн хөгжсөн. Хэрвээ боломж нөхцөл нь байгаад эдийн засгийн асуудлаа шийдчих юм бол бид нар гадны ямар ч тэмцээнд бүх төрлөөр ороход бэлэн болсон. Гадагшаа явж байнгын тэмцээнд оролцож байгаа салбар бол “Bboy” салбар. Энэ салбараас Дөк гэх залуу гадаадад болдог уралдаан тэмцээнүүдэд нэлээдгүй амжилттай оролцож яваа. Азидаа танигдсан гэхэд илүүдэхгүй. Манайхаас Кай, Даваа хоёр Орос улс руу явж батлл тэмцээнд ордог. Ер нь Хятад улс Азийн бүжгийн төв нь болчихсон шүү дээ. Тэндхийн нэгэн гэр бүл Америкийн томоохон бүжгийн тэмцээнийг Хятадад зохион байгуулж эхэлсэн байдаг. Үүнээс хойш Хятадад мундаг, том хамтлагууд бэлтгэлээ хийдэг, тэндээ сургалтуудаа явуулдаг болсон. Бид нар ч тэр тэмцээнүүдэд орохоор судалгаа хийгээд, бэлтгэлдээ орох гэж байтал коронавирус гарчихлаа.

-Монгол бүжигчдийн ур чадвар дэлхийд үнэлэгддэг шүү дээ. Ер нь ганц хувь хүн гэлтгүй баг хамт олноороо дэлхийд танигдахын тулд яах ёстой юм бол?

-Би урлагийн нэг төрлийг бизнес болгоод явж байгаа энгийн л залуу. Манайд 14-25 насны олон залуус бий. Эдгээр залуус маань дан ганц бүжиглэхээс илүү мэргэжлээрээ төгссөн залуучууд. Жишээлбэл, “As­sassins” хамтлагийн Ruby, Кай хоёр “Volume Plus” сувагт хөтлөгчөөр ажилладаг. Ялангуяа Кай өөрийн найз охины хамт нөлөө бүхий in­flucer болчихсон явж байна. Миний хувьд продакшныхаа нэг охины дууг удахгүй гаргахаар ажлуудыг нь гүйцэтгээд явж байна. Ер нь толгой ухаантай ажиллаад хил нээгдчих юм бол бид дэлхийд толгой цохиж эхлэх нь баттай. Дэлхийд гарахын тулд яах вэ гэдэг бодолд бизнес ухаан л шаардана. Монгол залуус дэлхийд өрсөлдөхөд бэлэн болсон шүү.

-“AIM4R продакшн” нийт хэдэн хамтлаг төрүүлэв ээ. “Авьяаслаг монголчууд” шоунд олон ч хамтлаг оролцсон?

-Маш олон хамтлаг төрүүлсэн. Тоог нь мэдэхгүй байна. Ер нь бид олон ч залуусыг зөв зүг рүү нь чиглүүлээд арав гаруй жил болж байна. Бүжгийн урлаг гэдэг дан ганц хөдөлгөөн биш шүү дээ. Хүнтэй зөв харилцаж, хүндэлж сурна, телевизийн шоу нэвтрүүлэгт орж сурна, ялж ялагдаж сурна.

-Бүжгийн сургалтуудаа онлайнаар орж байгаа юу. Ер нь гадаадаас хүүхдүүд холбогддог уу?

-Студийн сургалтууд хөл хорионы улмаас хаагдсан. Арван хүнтэйгээр сургалт явуулж болно гэсэн зөвшөөрөл гарсан. Сургалтаа зохион байгуулах гэсэн ч эцэг эхчүүд хүүхдүүдээ сургалтад хамруулахаас эмээсэн байдал анзаарагдсан. Тэгээд заримыг нь онлайнаар явуулахаар болсон. Яахав, танхимаар орох хүсэлтэй найм, есөн хүнд танхимаар ордог. Бүхэл бүтэн гучин хүн бүжиглэх боломжтой зааланд арав хүрэхгүй хүнд сургалт явуулахаар заалны түрээснээс гадна жижиг сажиг асуудлууд гарч ирнэ. Гэсэн ч бид хэзээ ч төрөөс биднийг дэмжээч ээ гэж гуйгаагүй, цаашид ч гуйхгүй.

-Сургалтад нь насны хязгаар бий юү?

-Хязгаар гэж байхгүй. Өвчтэй хүн ч гэсэн бүжиг заалгахаар ирдэг.

-Бүжгийн тэмцээнүүдэд нэлээн шүүгч хийж харагддаг шүү дээ. Шүүж байх үед яг энэ хүнтэй л хамтарч ажиллая гэсэн хүн гарч ирж байв уу?

-Шүүнэ гэдэг их хариуцлагатай ажил. Хүмүүсийн ур чадварыг шүүх нь нэг талаараа шинэ санаа олох, хүмүүсийн техникүүдийг харж давхар өөрийгөө хөгжүүлж болдог. Тэмцээнд оролцогчдоос хамтран ажиллах юмсан гэсэн хүмүүс харагддаг. Гэхдээ яг хамтран ажиллах болохоор анхнаасаа нэг үзэл санаан дор хамт ажиллаагүй тул зөрчилдөх үе гарна. Хэдий техник нь байгаа ч цааш бүжгээрээ явахгүй ч хүн бий. Ер нь манай продакшн өөрсдийн сонгон шалгаруулалтаа явуулж боловсон хүчнээ авдаг учраас тэмцээнд оролцогчидтой тэр бүр хамтрах санал тавьдаггүй.

-Сүүлд дуучин Укагийн “Аавд” гэх уран бүтээл дээр ажилласан. Бүжгийн дэглэлтээр чухам юуг илэрхийлэхийг зорив?

-Дуучин УКА эгчийн “Аавд” хэмээх уран бүтээл дээр 50 гаруй бүжигчидтэй хамтран ажилласан. “Assas­sins” гэх охидын бүрэлдэхүүн хамтлагтай. Охид маань намайг Daddy нь гэж дууддаг. Охиддоо хэлээд байдаггүй ч дотроо хайрлаж явдаг гэдгээ энэ бүтээлийн бүжгийн дэглэлтээр хэлэхийг хүссэн. Санаагаа ч сайн гаргасан.

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд “AIM4R Gaming” салбараа хөгжүүлэхээр түлхүү ажиллалаа. “E-sport”-д багаасаа хоббитой байсан гэсэн. Энэ талаараа хуучлаач?

-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед платформ хөгжүүлэх ажил ч нэлээн хийлээ. E-sport-ийн тухайд багийн мөрөөдөл байсан шүү. Бага байхдаа тоглодог байсан ч цаг хугацааны явцад больсон. Гэсэн ч үргэлж бодогдоно. Бодогдсоор өнгөрсөн жилийн өдийд Кай бид хоёр нийлээд багтай болох талаар ярилцсан л даа. Ингээд Монголд амжилттай яваа таван залуутай хамтарч ажиллах санал тавиад их хурдан гар нийлсэн. Е спортын шаардлага их өндөр. Тоглогч бүр өөр өөр keyboard, чихэвч ашигладаг. Дэлгэц 144 герц байх ёстой энэ нь зөвхөн нэг брэндийнх байх хэрэгтэй гээд л. Ер нь коронавирус нөлөөлж чадахгүй байгаа салбар шүү дээ.

- Та бүхний цаашдын төлөвлөгөө юу байна?

-“AIM4R Gaming” хоёр дахь бэлтгэлийн байраа нээсэн. Охидын багаа сонгоод авчихсан. Цаашид өөр төрлийн тоглоомын багтай болно. Үндсэн таван тоглогчийнхоо дэргэд арван дөрвөн настай хүүхдүүдийг элсүүлэн авсан. Арван долоон нас хүртлээ олон улсын хэмжээний тэмцээнд орохгүй. Хоёр жил бэлтгэгдсэний дараа зүгээр л “ниргэнэ”. Үүнээс гадна томхон оффистой болох зорилго тавьсан.

-Продакшныхаа цаашдын хэтийн төлөвийг тодорхойлчихсон байх. Дурдахгүй юу?

-Монголын уран бүтээлчид их задгай сэтгэж эхэлж байна. Урлаг хөгжиж эхлэхтэй зэрэгцээд сүүлийн үеийн клипүүд бүжиггүй явахаа больсон. Нийтийн дуу ч гэсэн одоо өөрчлөгдөх хэрэгтэй. Гэхдээ нийтийн дуун дээр бүжиг хийнэ гэдэг хэцүү. Зарим дуунд бүжиг дэглэж болдоггүй гэдгийг хүмүүс мэдэх хэрэгтэй. Азиар хязгаарлагдаад зогсохгүй бид цааш илүү хөгжинө. Урлагийг харах өнцгийг бид өөрчлөх болно.

С.ЛХАМАА

А.ЗОЛЗАЯА

Онцлох нийтлэлүүд