ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.03.18 08:03

Э.Дүүриймаа: Цэргийн хувцастайгаа дуулахад баатарлаг, бадрангуй сэтгэл төрдөг юм

Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын дуучин Э.Дүүриймаатай ярилцлаа.


-Дуучнаар төгсч байгаа хүмүүсийг анзаараад байхад ихэвчлэн нийтийн дуу руу л орж байгаа харагддаг. Гэтэл та хилийн цэргийн дуучин. Чухам яагаад ийшээ орох болсон юм бол?

-2011 онд Хөгжим, бүжгийн сургуулийг төгсөөд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад дуучнаар орохоор шалгуулсан. Шалгалтад нь тэнцээд уг чуулгын дуучин болсон юм. Дуучдыг ажиллуулах мэргэжлийн байгууллага улсын хэмжээнд бага шүү дээ. Гэтэл жилд дуучнаар хичнээн хүүхэд төгсч байгаа билээ. Миний хувьд аз таарсан гэх үү, нэг тийм үед уг чуулгад орсон л доо. Манай ахмад уран бүтээлчид гавьяаныхаа амралтад гарч орон тоо шинээр гарч нэлээд олон залуу уран бүтээлчдийг шалгаж авсан юм, тэр жил. Хавар дөрөвдүгээр сард нь л би энэ том байгууллагын дуучин болно гэсэн бодол төрсөн л дөө. Тэр хүртэл надад цэрэг, хилтэй холбоотой ямар ч мэдэгдэхүүн байгаагүй. Цэргийн хүн болно ч гэж төсөөлж байгаагүй. Дөрөвдүгээр сард найрал дууны “Хаврын баяр” наадам болсон. Тэрэнд ХЦДБЧ-ын уран бүтээлчид, найрал дуучид, холимог найрал хөгжимчид ирж оролцсон юм. Тэднийг харахад маш их эмх цэгцтэй, дүрэмт хувцастай их жавхаатай харагдсан. Тэр үед л ерөөсөө хилийн цэргийн дуучин болъё гэж шийдсэн. Өмнө нь эстрадын “Хилчин” хамтлаг гэж байсныг 2011 онд дахин шинээр сэргээсэн юм. Яг тэр үед хилийн цэрэг эстрадын найрал хөгжимтэй болох гэж байгаа гэж дуулчихсан байлаа. Энэ бүхэн давхцаад л энэ сайхан байгууллагын дуучин болж, авьяастай уран бүтээлчдийнхээ эгнээнд орсон доо.

-Таныг төрийн шагналт, ардын жүжигчин Х.Уртнасан агсны шавь гэж сонссон юм байна. Тэгэхээр дуурийн дуучин гэсэн үг үү?

-2007 онд анх багштайгаа танилцаж багш, шавь болж байлаа. Би тэр үед Соёл, урлагийн их сургуулийн Кино драмын ангид сурдаг байсан юм. Хэдийгээр жүжигчний мэргэжлээр сурч байсан ч дуучин болох хүсэл минь давамгайлаад Хөгжим, бүжгийн коллежид очоод Х.Уртнасан багштайгаа уулзаж байлаа. Багш маань намайг шалгаад “Хүрээд ир” гэсэн. Тэгэхэд багш маань тус коллежийн Дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг байсан юм. “За, ямар багшаар хичээл заалгах вэ. Багшаа сонго” гэхээр нь “Таныг л гэж ирлээ. Танаар л заалгая” гэхэд “Хөөх миний өөдөөс бас ингэж том дуугардаг хүн байдаг юм байна. За яахав, зоригийг чинь үнэлье” гэж хэлээд өөр дээрээ авч билээ. Би сонгодог гэхээсээ поп чиглэлд илүү дуртай. Багш маань тэрийг мэднэ. “Яах вэ, миний хүү. Өөрийнхөө дуртай юмыг хийгээд яв. Хэрэгтэй газраа байх шиг сайхан юм байдаггүй юм” гэж дандаа хэлдэг байсан юм. Намайг огт өөр хөгжмийн чиглэлд дуртай хэрнээ дөрвөн жилийн турш дууриар сурсан гэхээр манай багш ямар их ухаантай, аливаад авах гээхийн ухаанаар ханддаг, юмыг тэнцүүлж чаддаг мундаг хүн байсныг нь харуулж байгаа юм. Уурлаж хэлнэ, ойлгуулж хэлнэ. Хөгжим бүжгийг төгсөөд ХЦДБЧ-д ороод Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Ганчимэг багшийнхаа шавь болж байлаа. Манай Ганаа багш Уртаа багш бид гурав нэг нутгийнх. Булганых. Уртаа багш “Нэг нутаг усныхан байна даа. Чамд энэ хүүхдийг даалгаж өгье. Гарааг нь би тавиад өгчихсөн, цаашид зөв явахад нь, сайн дуучин болоход нь чи дэмжээрэй” гэж захиж үлдээж билээ. Тэрнээс хойш Б.Ганчимэг багшаасаа дуучны ур чадвараас эхлүүлээд маш их зүйлийг сурсаар явна. Манай багш их өгөөжтэй, хүнд юм өгч чаддаг сайхан эмэгтэй.

-ХЦДБЧ-ын дуучин болсноосоо хойш Монгол орныг хэд тойров?

-Нэг бүтэн тойрчихоод байна. Бараг хоёр тойрчихжээ. Нэг очсон газартаа хичнээн ч очив доо.

-Анх хил дээр очиход гүн сэтгэгдэл үлдээсэн ямар застав байна вэ?

-2012 оны зургадугаар сард анх бригадаар явж байлаа. Анхны бригад маань Дорноговь аймгийн Улаан-Уулын хилийн заставт очсон юм. Манай чуулгын дарга шинээр орсон залуу дуучдаа дагуулаад, “Хилчин” хамтлаг, мөн манай чуулгын ахмад үеийн төлөөлөл болох дуучин Д.Март эгч гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр анх бригад гарсан нь тэр. Халуу шатаад л, хөлс гэдэг асгараад л. Нойтон сальфеткаар хамаг биеэ арчицгаагаад л явж байлаа. Говьд чинь аагим халуун дуниартаад л тэгсэн хэрнээ халуун салхитай. Заставууд нь эл хуль. Би хил дээр очоод мэлмэртэл уйлж билээ.

-Яагаад?

-Мэдэхгүй. Сэтгэл омогшсон гэх юм уу яасан юм. Бараг хоёр өдөр тэгж уйлсан. Манайхан бүгд гайхсан. Цаанаасаа сэтгэл омогшоод л хүний хөл хүрч чадахгүй ийм өргөн уудам хязгаар нутгийг манаж байгаа хилчдээ харахаар л өрөвдөөд ч байгаа юм уу, уяраад ч байгаа юм уу сэтгэл хөдөлсөн. Хамгийн анхны бригад маань сэтгэлд их тод үлджээ. Тэгэхэд манай хөтлөгч, дуучин Г.Батсүх ах “Жаал Шандын заставын дарга” найраглалыг уншсан юм. Яруу найрагч Б.Доржпалам Жаал шандын заставын дарга Гамгаравт зориулж бичсэн шүлэг л дээ. Тэр шүлгийг Г.Батсүх ах их сайхан уншина. Халуун учраас тоглолтоо гараажинд тоглоно. Эсвэл гадаа талбайд тоглоно. Эргэн тойрны байр байдал, хүмүүсийн төрх, цаг агаар, байгалийн зан ааш ер бүгд яг тэр найраглалтай яг цав тохирно гэж яана. Хоорондоо уялдаатай, холбоотой. Тэр бүгдийг хараад уйлсаар л байгаад ирж билээ.

-Улаанбаатарт Бөхийн өргөө, UB Palace-т тоглох, заставт очиж тоглохын хооронд асар их ялгаа харагддаг байх. Ялангуяа үзэгчдийн харц, хүлээлт...

-Асар өөр. Хил дээр байгаа хилчид бригадаар уран бүтээлчид ирэхийг хүсэн хүлээж байдаг. Хүний хөл хүрэхээргүй хол хязгаар нутагт хилээ манаж байгаа тэд биднийг хүсэн хүлээдэг. Бригадаар очиход хамаг өнгөтэй, өөдтэйгөө бариад ирдэг. Улаанбаатарт идэж үзээгүй ховор сайхан амттануудыг бид застав дээр иддэг шүү дээ. Тэгж л нандигнаж сэтгэл зүрхнээсээ хүлээж тэсч биднийг хүлээж авдаг. Хөөрхөн бор цэргүүд, заставын ахлагч нартайгаа дуулахад сайхан. Концертынхоо дараа залгуулаад бүжгээ зохион байгуулна. Салмааргүй санагдаад явах гэхээр сэтгэл хоргодож гэгэлзээд л. Уян юм болохоор уйлах гээд л байдаг юм.

-“Суварган цэнхэр уулс” кино шиг л юм болно биз дээ?

-Ерөөсөө л тэрэн дээр гарч байгаа үйл явдал тэр чигээрээ л өрнөнө шүү дээ. Концерт болж байхад гэнэт зөрчил гараад хилчид бүгд хил рүүгээ явчихна. Янз янзын үйл явдал болно, болно. Хилийн тухай, хилчдийн тухай кинонд их дуртай. “Байтаг богд” их гоё кино болсон байна лээ. “Суварган цэнхэр уулс” киноноос хойш хилчдийн тухай өгүүлсэн кино тийм ч их гараагүй байх шүү. “Босго, тотго” гэж Хил хамгаалахын 80 жилийн ойгоор гаргасан кино бий.

-Таныг “UBS” телевизийн “My voice” шоунд амжилттай оролцож байсныг санаж байна шүү?

-Тэр жил их амжилттай гоё жил байсан юм, 2015 онд. Яг тэр шоунд оролцож байхдаа ОХУ-д цэрэг, эх орны сэдэвт дууны олон улсын уралдаанд оролцоод тусгай байр эзэлж байлаа.

-Ямар дуугаар вэ?

-“Журавли” дуугаар. Басс баритон хоолойгоор дуулдаг дууг сопрано хоолойгоор дуулсан л даа.

-Удахгүй хоёр дахь цомог тань гарах гэж байгаа юм байна. Таны эхний цомогт багтсан “Сүүн зам” дууг онцолъё. Энэ дууг өмнө нь, дээр үед өөр дуучин дуулж байсан уу?

-Үгүй. Энэ дууг би анх дуулсан.

-Яагаад тэгж асуув гэхээр энэ дууг анх сонсоход л нэг тийм танил мэдрэмж, өмнө нь сонсч байсан юм шиг сэтгэгдэл төрдөг?

-Хүмүүс энэ дуунд минь их дуртай байдаг юм. Хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ахын хөгжим л дөө. “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш” зэрэг ард олны зүрх сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг хийсэн мундаг зохиолчийн сэтгэлээс гарсан хөгжим болохоор хүмүүст гоё сонсогддог байх гэж боддог юм. Сүүлд “Сэтгэлийн километр” гэж дуугаа дүрсжүүлж гаргасан. Би дээр хэлсэн шүү дээ, хугацаат цэргийн албаны залуус 18-25 насныхан байдаг гэж. Одооны залуусын сонсч байгаа дуу нь арай өөр болчихож л дээ. Хөгжмийн хэмнэл, дууны шүлгээсээ эхлээд өөр. Тэдэнд л зориулж уг дуугаа хийсэн. Манай алтан үеийнхний “Хаврын шөнийн бодол”, “Амрагийн дуу”, Ганаа багшийн маань “Чиний минь ирэх харгуй” зэрэг сайхан дуунууд бий. Орчин үетэйгээ нийцсэн, залуустайгаа хөл нийлсэн арай өөр юм хийх гэж оролдсон дуу.

-Хилийн цэрэгт ажилладаг бүсгүйчүүд Мартын 8-наас илүү Цэргийн баярт ач холбогдол өгдөг байх даа гэж бодогддог?

-Эмэгтэй л хүн юм чинь баярлаж, хүлээж догдолно шүү дээ, Мартын наймныг. Гэхдээ урлагийн байгууллагын хүн болохоор өөрөө баярлахаасаа илүүтэй, хүмүүсийг баярлуулж явсаар л таардаг юм. Сая бид бүгдээрээ л завгүй байлаа. Хилчин бүсгүйчүүдээ баярлууллаа. Төрийн ордонд болсон Монголын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагаанд манайхан бүгдээрээ оролцлоо. Цэргийн баяр дөхөхөөр бас завгүй болно.

-Цэргийн байгууллагын дуучин болохоор өндөр дэг журамтай байдаг байх. Өглөө болгон жагсдаг уу?

-Өглөө болгон жагсдаг. Амралтын өдрүүдэд амарна. Гэхдээ онцын шаардлагатай үед дуудахад бэлэн байх ёстой.

-Тайзан дээр даашинзтай гарч дуулах, цэрэг хувцастайгаа гарч дуулах хоёрт өөр өөр мэдрэмж төрнө биз?

-Даашинз чинь эмэгтэй хүнийг турьхан, наалинхай, эмэгтэй гэдгийг нь мэдрүүлдэг. Гэтэл цэргийн хувцастайгаа тайзан дээр гарч дуулахад баатарлаг, бадрангуй сэтгэл төрдөг юм. Их сайхан мэдрэмж төрдөг. Манай ах дүүс дунд цэргийн хүн байхгүй л дээ. Аав, ээж минь миний мэргэжилд их дуртай. Манай чуулгынхныг их хүндэлнэ. Тоглолтоор явахдаа манай гэрээр дайрч гарч байсан л даа. Тэгэхээр л аав, ээж хоёр маань “Ямар эмх цэгцтэй улс вэ. Ийм олуулаа байж ямар замбараатай юм бэ” гэж биширсэн. Тоглолтыг маань үзчихээд “Цэргийн чуулга цаанаа л өөр юм аа. Миний хүү эндээ л ажиллаад байгаарай” гэж захидаг юм.


Онцлох нийтлэлүүд