ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
ЭНТЕРТАЙМЕНТ ЕРТӨНЦ
2019.03.17 01:03

Э.Оюунтунгалаг: Гэр бүлээ бүтэн байлгахыг хүсвэл хүндлэлээ хэзээ ч гээж болохгүй

Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Э.Оюунтунгалагтай ярилцлаа.


-Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбооноос “Зөв-Монгол гэр бүл” хөтөлбөр зохион байгуулж байгаа юм байна. Та гэр бүлийн дархлааг бий болгохын тулд юу хийх хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?

-Монголын хүүхдийн байгууллагуудын нэгдсэн холбоонд нийтдээ 70 гаруй байгууллага байдаг. Үүний 20-иод нь гадны зөвлөгч байгууллага. Бид тэдгээрээс маш их туршлага судалж байна л даа. Ер нь аливаа хүн гэр бүлтэй болоход бэлтгэгдэх ёстой юм. Тэгж гэмээнэ гэр бүл тогтвортой байна. Судалгаа хийгээд үзэхэд Швед улс гэр бүл салалтгүйгээрээ дэлхийд нэгт эрэмбэлэгддэг юм билээ. Учир нь Швед улс гэр бүлийн тусдаа яамтай. Гэр бүл тогтвортой оршин тогтнож байж улс орон хөгждөг гэдгийг тэд мэддэг. Тиймдээ ч гэр бүл тогтвортой байх эсэхэд онцгой анхаарах нь зүйтэй юм байна гэж бид үзсэн. Дээрээс нь хүүхдийн байгууллага удирдан ажиллаад 17 жил болохдоо хүүхдээ зөв байлгахын тулд гэр бүлтэй нь хамт ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гэдгийг мэдсэн. Хүүхдээр нь дамжуулан гэр бүлийн боловсрол олгож, дархлааг тогтоох нь чухал. Одоогоор бид мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг тусгасан “Зөв-Монгол гэр бүл” гэсэн телевизийн нэвтрүүлгүүдийг хийж эхлээд байна. Мөн тодорхой сургалтууд явуулж байна.

-Гэр бүл тогтворгүй байхын гол шалтгаан нь юу вэ?

-Би дэлхийн 66 оронд очсон. Хөгжингүй орнуудын цөм нь ерөөсөө л тогтвортой гэр бүл байгааг би олж анзаарсан. Гэр бүл тогтвортой байхаар улс орон илүү хөгждөг. Харин гэр бүл тогтворгүй байх гол шалтгаан нь гэр бүлийн боловсрол дутмагаас үүддэг. Тиймээс бид гэр бүлийн боловсрол олгох танхимтай болох зайлшгүй шаардлагатай. Бид оролдлого хийж үзэж байсан. Энэ чиглэлээр бодлого, төсөл боловсруулаад өгдөг юм. Шийдэгдэж амжаагүй байтал дараагийн Засгийн газар нь солигдчихдог. Цаашдаа төр засгаас гэр бүлийн боловсрол олгоход анхаараасай гэж хүсч байна. Хүмүүс гэр бүлийн танхим байдаг гэж хэлдэг л дээ. Тэрхүү танхим нь гадны буюу Улаанбаатар сургууль дээр байдаг юм. Хатуухан хэлэхэд солонгос суурьтай л гэр бүлийн танхим. Бидний хүсэл бол зөв монгол гэр бүлийг бий болгох явдал юм. Цахим ертөнц хүчтэй хөгжиж байгаатай холбоотойгоор хүмүүс хүссэн мэдээллээ авдаг болсон. Тэр дунд гэр бүлийн тухай мэдээллүүд ч байгаа байх. Гэхдээ зурвас хараад өнгөрөх, зориулж цаг гарган сонсох хоёр тун өөр шүү дээ.

-Гэр бүлийн хүмүүсийн боловсролын ялгаа салалтад нөлөөлөх нэг шалтгаан болж байна гэж яригдах боллоо. Энэ нь хэр үндэслэлтэй бол?

-Эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү боловсрол өндөртэй байх тохиолдол манай улсад ажиглагддаг. Гэхдээ энэ нь гэр бүл салалтын шалтгаан болдог гэдэгтэй би санал нийлдэггүй. Яг үнэндээ гүйцэтгэх засаглал дээр эмэгтэйчүүд ихэвчлэн ажиллаж, удирдлагыг эрчүүд л атгаж байгаа шүү дээ. Энэ бол бодит үнэн. Мэдээж би удирдагч учраас чи сурч болохгүй гэж туйлширч болохгүй л дээ. Хамгийн гол нь эмэгтэйчүүдийн эр нөхрөө хүндлэх хүндлэл нь алга болчихсон юм болов уу гэж хардаг.

-Тэгэхээр бие биеэ хүндлэх нь гэр бүл бат бөх байхын нэг үндэс гэсэн үг үү?

-Хүндлэл бол маш чухал. Гэр бүлээ бүтэн байлгахыг хүсвэл хүндлэлээ хэзээ ч гээж болохгүй. Ядуу тарчиг гэр бүл байлаа ч гэсэн хүүхэд нь яаж ийж байгаад л хүн болчихно. Харин хүүхэд эцэг, эхээр, хайраар л дутуу өсч болохгүй. Хүүхдээ хайраар дутуу өсгөж, зүрхэнд нь шарх үүсгэхгүйн тулд багахан л тэвччих хэрэгтэй юм. Хүн хүнээр л хамгийн их дутдаг болохоос эд хөрөнгөөр тэгтлээ их дутахгүй дээ. Тэвчээр гаргах, үр хүүхдүүдийнхээ хувь заяаг өөрчлөхгүй байх нь ч гэсэн эцэг, эхчүүдийн нэг үүрэг юм шүү. Үүнийг ойлгуулахын тулд гэр бүлийн боловсрол гэгч зүйл маш чухал байгаа юм.

Бид хаана төрөх, ямар эцэг, эхтэй болохоо сонгох боломжгүй. Харин бидэнд бурхнаас нэг л сонголтыг хийх боломжийг олгосон. Тэр нь хань ижлээ сонгох сонголт юм. Энэ сонголтыг л бид зөв хийх хэрэгтэй. Одоо гэр бүл салалт хэвийн үзэгдэл мэт болчихлоо. Энэ нь гэр бүлийн боловсролгүйгээс үүдэж хань ижлээ буруу сонгосонтой холбоотой. Эцэг, эх байх, хүний хань ижил болно гэдэг ямар үүрэг хариуцлага үүрдэг эсэх, хүн хэрхэн хичээвэл амьдрал бат бөх байдаг, гэр бүлийн үнэ цэнээ яаж олж авах вэ гэдгийг бид мэддэг байх ёстой.

Монголчууд бид “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг. Биеэ ч засаагүй, гэрээ ч засаагүй байх нь төрд уршигтай. Үүний жишээг бид өнөөдөр хангалттай харж, сонсож байна. Аливааг засч сураагүй хүн үймүүлэхээс өөр юуг хийж чадах билээ дээ. Хүний хий гэснийг л хийж таарна. Зааж байгаа хүн нь муу хүн байвал бүр ч ярих юм биш.

-Гэр бүлийн аливаа асуудалд хөндлөнгөөс найз нөхөд, ойр тойрныхон нь оролцох зөв, буруу гэж ярьдаг. Таны хувьд юу гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн өдөрт 50 мянган үг амнаасаа гаргаж байж тайван байдаг гэнэ л дээ. Тэрхүү үгийг зөв газар, зөв хүмүүст, эергээр гаргах нь чухал. Тэр нь мэдээж гэр бүлийнхэн байж таарна. Манай зарим эмэгтэйчүүд бүхий л зовлонгоо найз нөхөд, эргэн тойрныхондоо гаргачихдаг. Тэдгээр нь эргээд нөхцөл байдлыг буруу тийш нь залах эрсдэлтэй байдаг. Манайхан чинь өөрсдийнхөө амьдралыг ч төвхнүүлээгүй хэрнээ бусдадаа зөвлөөд байдаг сул талтай шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн хар хайрцаг гэж байх ёстой юм. Түүнийгээ задлахгүйгээр диваажин руу хамтдаа аваад явчих л даа. Миний хувьд хүмүүст салж сарнихыг огт зөвлөдөггүй. Бүхий л гэр бүл аз жаргалтай, харилцаа нь бат бөх байх ёстой гэдэг үүднээс ханддаг. Тиймдээ ч хүмүүс намайг их өөдрөг хүн гэх нь бий. Өнөөдөр ганцхан миний амьдрал сайн сайхан байснаар бүх зүйл гайхалтай болчихно гэсэн үг биш. Энэ нийгэм тэр чигтээ сайн сайхан байж гэмээнэ гайхамшиг тохионо гэдэгт би итгэдэг. Миний мэдэх нэгэн америк эмэгтэй хүргэнийхээ гарт ганц охиноо алдсан юм. Тэрээр маш хүчирхэг, ухаалаг эмэгтэй л дээ. Түүний хувьд хүргэнийхээ талыг судлаад үзтэл маш их зовлон зүдгүүр дундаас босч ирсэн байдаг. Хэдий тэрээр амжилттай яваа нэгэн болж чадсан ч өссөн орчноос нь бий болсон түүний уг чанар хэвээрээ байсан. Тиймдээ ч төрөлх зангаа барьж дийлэлгүй хүүхдийнхээ эхийг хороочихсон хэрэг. Найз бүсгүй маань надад “Би охиноо сайхан орчинд өсгөж, маш сайн хүмүүжүүлж, мундаг нэгэн болгохын төлөө амьдарч иржээ. Харин түүний эргэн тойронд байгаа хүүхдүүд хэрхэн өсөж хүмүүжиж байгааг огтхон ч анзаараагүй ирсэн байна. Бид гадуурхагдсан хүүхдүүдийг тоолгүй орхиж болохгүй” гэж хэлсэн. Тэр найз маань хүргэнээ уучилсан л даа. Хүргэнтэйгээ хамтарч гадуурхагдсан, ганцаардсан, хүнд хэцүү амьдралд өсч, торниж байгаа хүүхдүүдийн төлөө ажил хийдэг болсон. Түүн шиг бид нийгмийн сайн сайхны төлөө гар бие оролцож л байх хэрэгтэй. Эцэст нь нийгэмд гэгээн бүхнийг тарьж, ургуулж байдаг эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

О.ЦЭЦЭГМАА

Онцлох нийтлэлүүд