ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.02.17 12:02

Э.Чулуунчимэг: Бүсгүй хүний дотоод сэтгэл, гэгээлэг сэдвүүдийг хөндсөн дуунуудаа цомогтоо багтаасан

МУСТА, дуучин Э.Чулуунчимэгтэй ярилцлаа.


-Удахгүй бие даасан “Бүсгүй ертөнц” тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын талаар яриагаа эхлүүлье?

-Би хоёр жилийн өмнө “Зүгээр л инээмсэглэ” тоглолтоо төрсөн өдрөөрөө хийж байсан. Тэрнээс хойш 21 аймгаа нар зөв тойрон аялан тоглолтоо хийсэн л дээ. “Бүсгүй ертөнц” тоглолт маань бие даасан хоёр дахь тоглолт. Уран бүтээлийн тоглолт дээр 20 орчим дуу дуулагдаж таардаг. Энэ 20 гаруй дууны тэн хагас нь сонсогчдын маань сонсох дуртай дуу байна. Харин 30 хувьд нь шинэ дуу дуулагдана. Үлдсэн дуунууддаа хуучны сайхан дуунуудыг багтаасан. Үүнээс гадна маш олон уран бүтээлчдийг хамруулахыг зорьж байгаа. Motive хамтлагийн Ганбаа ах маань миний “Эрхэмсэг” гээд дууг маш гоё дуулсан. Тоглолт дээр маань ч дуулна.

-Тоглолтоо дагаад шинэ цомог гаргасан. Ямар дуунууд багтсан бэ?

-Нийтдээ би бие даасан дөрвөн цомог гаргасан байна. Оюутан байхдаа анх “Санаандгүй учирсан дурлал” цомгоо гаргаснаас хойш “Сэтгэлийн зурвас”, “Зүгээр л инээмсэглэ” гэсэн цомгууд маань гарч байсан. Энэ удаагийн “Бүсгүй ертөнц” цомогт маань нийтдээ 15 дуу багтаж байгаа. Хамгийн гол нь цомогт маань 14 шинэ дуу багтсан ба нэг нь л хуучин дуу байгаа юм. 2009 онд анх уран бүтээлийн гараагаа эхэлж байхдаа анхны уран бүтээл “Санаандгүй учирсан дурлал” дуугаа цомогтоо багтаасан. Миний хамгийн хайртай уран бүтээл л дээ. Анхны тоглолтоо хийснээс хойш хоёр жилийн хугацаанд чамгүй олон уран бүтээл хийсэн байна. Эдгээр дуунуудаасаа шүүж “Бүсгүй ертөнц” цомогтоо оруулсан. Ерөнхийдөө “Зүгээр л инээмсэглэ” нэртэй дууг дуулснаас хойш миний дууг сонсдог сонсогчдын маань дийлэнх, тоглолтын зрителийн 80 хувь нь бүсгүйчүүд байсан л даа. Тэгээд л охид бүсгүйчүүд рүүгээ хандсан уран бүтээл түлхүү хийе гэж зорьсон. Хөгжмийн зохиолч, яруу найрагчдаас ирж байгаа уран бүтээлийн саналууд маань ч тэр тал руугаа хэвийж байна. Энэ хугацаанд “Бүсгүй ертөнц”, “Бүүвэй”, “Хамгийн гоё хайр” дуунуудаа дууллаа. Ер нь бүсгүй хүний дотоод сэтгэл, гэгээлэг сэдвүүдийг хөндсөн дуунуудыг энэ цомогтоо багтаасан. Нэг ч гунигийн дуу байхгүй. Би өөрөө уран бүтээлч хүн учраас олон эмэгтэйчүүдийн дуу хоолой, төлөөллийн нэг нь болж уран бүтээлээ хийхийг зорьж явдаг. Бүсгүйчүүд маань урам зоригтой, өөртөө итгэлтэй, өөдрөг аливаа зүйлийн гэрэл гэгээтэй талыг нь дандаа харж байгаасай гэх уриалгыг уран бүтээлээрээ тод томруун харуулахыг эрмэлзэж байна. Цомгийн баяраа энэ сарын 16-нд Хүннү моллд зохион байгуулна. Цомгийн баяртаа зориулж “Бүсгүйн ертөнц” нэртэй теле концерт хийлээ.

-Охинтойгоо хамтарч “Хамгийн гоё хайр” дууг дууллаа. Охиноо дуучин болгоё гэж зорьж байх шиг санагдсан?

-Энэ дуу маань “Зүгээр л инээмсэглэ” дуунаас эхтэй л дээ. Миний охин чинь нэгдүгээр ангид сурдаг. Энэ дууны шүлгийг надад дандаа хэлдэг үгүүдээс нь санаа авч бичүүлсэн. Хамт дуулахыг охин минь санаачилж, ярилцаж байгаад шийдсэн. Манай охин чинь ээжтэйгээ цомог гаргана, цомгийн баяраа ч хийнэ гээд ярьдаг юм. Магадгүй яваандаа охины маань хүсэл биелэх байх гэж боддог. Цаашдаа хүүхдийн ертөнцөд хандсан цомог, тоглолт ч хийе гэж бодож байгаа. Энэ болгонд охин маань түлхүүр болж байна л даа. Цаашдаа охинтойгоо дагнан уран бүтээл хийхээ сайн хэлж мэдэхгүй байна. Охины маань хүсэл сонирхлоос л шалтгаалах байх даа.

- Дуучин СТА Б.Алтанжаргалтай хамтарч ардын дуу дууллаа. Уран бүтээлч хүний хувьд өөр жанраар өөрийгөө сорьсон хэрэг байв уу?

- Би дуурийн дуулаачаар төгссөн л дөө. Ардын дууг төдийлөн дагнаж уран бүтээл хийж байгаагүй. Тэгэхдээ ардын дуу бол дураараа оролдоод байх сэдэв биш л дээ. Үнэхээр хоолойнд таарсан уран бүтээлээ дуулахгүй, зоргоороо дуулаад байх салбар биш гэж боддог. Б.Алтанжаргал ах маань өөрөө ардын дууг маш сайхан дуулдаг. Нэг өдөр ах маань надад хамтарч дуулах санал тавьснаар хамт дуулсан юм. Сар шинийн өмнө дуучин А.Түмэн-Өлзийтэйгээ хамтарч Монгол Улсын хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн зохиосон “Анхны хайрын дуу” киноны Янжингийн дуу хэмээх цэргийн сэдэвтэй хуучны дууг дуулсан. Мөн шинэ цомогт маань багтсан “Бид нэгэн үеийнхэн” дууг дуучин Д.Найдандорж, Э.Чинбаттайгаа хамтран дууллаа.

-Урлагийн хүмүүс яалт ч үгүй олны нүдэнд ил байдаг. Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Сайхан дуулахаас гадна зүс царайндаа мэдээж анхаарна. Үзэгч олноо ч хүндэтгэсэн тэр гоо сайхандаа цаг зав гаргадаг. Заавал урлагийн хүн гэлтгүй эмэгтэй хүн бүр л өөрөө өөртөө анхаардаг шүү дээ. Ид ачааллын үеэр гэртээ цаг зав маш бага гаргадаг. Бидний ажил орой эхлээд л үдэш тарж байх жишээтэй. Намайг гэртээ харихад охин маань унтчихсан байдаг. Өглөө охиныгоо унтчихсан байхад гараад явчихна. Ээж, аав маань л арын албыг хариуцаж байна. Ажил бага үед аль болох охинтойгоо хамт байхыг боддог. Урлагийн хүний амьдрал цаг нартай биш юм даа.

-Хөдөө орон нутгаар тоглолт их хийж байх шиг санагддаг?

-Сумдад тоглолт хийх маш гоё байдаг шүү. Халуун дулаан уур амьсгал тэнд л бүрддэг дээ. Ер нь аль болох л сонсогчидтойгоо ойр байдаг. Залуу уран бүтээлчийн хувьд ч тэр сонсогчидтойгоо ойр байхыг эрмэлздэг. Энэ сарын 22-нд UB palace-д тоглолтоо хийчихээд 24-нөөс нь эхлэн 21 аймгаа тойрон тоглоно. Сар гаруй аялан тоглолтоор явна даа.

-Таныг бага байхад эмээ тань гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж өхөөрдөн дууддаг байсан гэсэн үү?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг гэж сайхан дуучин бий. Намайг төрөх үед Чулуунчимэг гуай ардын болон богинын дуугаар ид алдаршиж байсан юм билээ. Тийм болохоор эмээ маань өхөөрдөөд тэгж дууддаг байсан гэсэн. Амны билгээс ашдын билэг гэж эмээгийн маань хэлсэн үгийн хүч биелэн дуулж яваа болов уу гэж боддог. Түүнчлэн би Л.Чулуунчимэг гавьяаттай хамтарч “Таван сүрэг” дууг дуулсан. Хамт дуулах саналыг маань маш сайхнаар хүлээж авсан л даа.


Онцлох нийтлэлүүд