ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.02.13 01:02

Э.Энхтөр: Сэрчмаа бид хоёрын тоглолт гэгээн хайрын дуунуудаар хөглөгдсөн сайхан үдэш байх болно

“Freezone” хамтлагийн ахлагч, дуучин Э.Энхтөртэй ярилцлаа.

-Дуучин Э.Сэрчмаатай хамтарсан тоглолт нэг хоногийн дараа болох гэж байна. Тоглолтын бэлтгэл хангагдчихсан уу. Тоглолтын онцлог юу байна вэ?

- Дуу хэдий цээжинд байгаа ч өөрийн болгон амилуулж хүмүүсийн зүрх сэтгэлд хүртэл дуулна гэдэг хамгаас чухал. Тиймээс тоглолтын бэлтгэлээ маш сайн хийлээ. Бидний зүгээс болоод арын албаны ажлууд маань бүрэн хангагдчихсан. Сэрчмаа бид хоёр анх удаагаа хамтарч уран бүтээлийн тоглолт хийх гэж байна. Бид хоёулаа хөгжим бүжгийн бүтээгдэхүүнүүд. Сэрчмаа маань анх Эмоушн хамтлагтай дуулж байгаад дараа нь бие дааж уран бүтээл хийх болсон. Миний хувьд Freezone хамтлагтайгаа уран бүтээлээ холбоод 20 гаруй жил боллоо. Харин өнгөрөгч онд “Харанга”-ын Чулуунбатын ая, Лхагвасүрэнгийн үг “Цасан хаялга” дууг Сэрчмаатай хамтарч дуулсан. Энэ дуунаас маань үүдсэн ч юмуу үзэгч сонсогчдоос хамт тоглолт хийгээч гэх санал их ирсэн л дээ. Red corner медиа группын зүгээс бид хоёрт хамтарч тоглолт хийх санал тавьсан юм. Ингээд л маргааш тоглолт маань болох гээд догдлоод сууж байна даа. Бид хоёр нэгдээд тоглож байгаа нь нэг талаараа онцлог. Нөгөө талаас Зууны манлай дуучин Б.Сарантуяа эгч маань ая дуугаа хүргэнэ. Boyband хамтлагийн загалмайлсан эцэг болох “Титэм” хамтлаг, Guys хамтлагийн Мийгаа зэрэг дуучид маань ирж ая дуугаа өргөнө. Тоглолтод маань эдгээр хамтлаг, дуучид ирж ая дуугаа өргөнө гэдэг маш том хүндэтгэл. Тоглолт маань гэгээн хайрын өдөр товлогдсон учраас хайрын дуунуудаар хөглөгдсөн сайхан үдэш байх болно.

-Тоглолтын нэр “Хайрын шилдэг дуунууд” гэж байгаа.

Өөрсдийн бие даасан уран бүтээлүүд дуулагдах уу. Fre­ezone хамтлагийн дуунууд эгшиглэх үү?

-“Best of love songs” гэсэн нэртэй болохоор мэдээж хайрын дуунууд дийлэнх нь эгшилнэ. Харин бие даасан уран бүтээлүүдийн хувьд Сэрчмаа маань өөрийн олонд хүрсэн шилдэг арван дуугаа дуулна. Миний хувьд “Fre­ezone” хамтлагийн олонд хүрсэн “Өвлийн шөнө”, “Бороотой зуны дурсамж”, “Зүүдний дагина” зэрэг дуугаа дуулахаас гадна өөрийн соло дуунууд гээд нийт арван дуугаа дуулах юм. Сэрчмаа бид хоёр хамтарч долоон дуу дуулна. Нийтдээ бидний зүгээс 27 дуу эгшиглэнэ.

-Та хоёр аялан тоглолт хийх үү?

-2018 онд “Цасан хаялга” дуу хүмүүст хүрч эхэлхэд Европын орнуудад тоглооч гэх санал ирсэн. Ирэх дөрөвдүгээр сараас гадаад, дотоодоороо аялан тоглолт хийхийг зорьж байна.

-Таны хувьд бие дааж хэд хэдэн уран бүтээл хийсэн. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Анхны бие даасан цомгоо 2006 онд “Би явсаар”, удаах цомгоо 2010 онд “Үнэн эсвэл худал” нэртэйгээр гаргаж байсан юм. Энэ хоёр цомгийн хэд хэдэн дуунаас гадна өөрийн маань зохиосон дуунуудаас бүрдэх шинэ цомгоо энэ онд гаргах гээдажиллаж байна. “Эгээрэл” дуу маань нэг талаараа Англи улсад сурсны минь дипломын ажил юм л даа. Ерөнхий утга санаа нь бол нийгмийн байдлыг үгийн тансагтай хольж хийсэн. Үүнээс гадна хөгжмийн найруулгийн хувьд арай шинэлэг болсон болов уу гэж боддог. Шинэ цомогт орж байгаа 22 дууны маань хамгийн хайртай дуунуудын нэг л дээ. Маргааш болох тоглолтныхоо дараа 35 фильмс студи дээр хоёр дууны маань кпип хийгдэнэ. Миний хувьд энэ жил маш сайхан эхэлж байна. Өнгөрсөн онд уран бүтээлийн ерөнхий ажлуудын чиглэл гарсан. “Эгээрэл” дуундаа дүрсжүүлэлт хийсэн. Удахгүй Англид амьдарч байсан дурсамжаараа “Лондон гитар” нэртэй дуугаа хийхээр ажиллаж байна.

-Freezone хамтлагийн талаар яриагаа үргэлжлүүлье. Freezone хамтлаг сүүлд дуучин Сэрчмаатай хамтарч “Миний нулимсыг салхи л арчина” дууг сэргээж дуулсан. Fre­ezone хамтлаг хэзээ дахин уран бүтээл хийх вэ?

-Манай хамтлагийг тарчихсан уу гэж их асуудагл даа. Албан ёсоор хамтлаг маань тараагүй. Одоогоор хамтлагийн гишүүн Билгүтэй гэр бүлийн хамт Америкт амьдарч ажиллаж, сурч байна. Баттөмөр маань хувийн бизнесээ хийж байгаа. Миний хувьд уран бүтээлээ хийж байна даа.

Аливаа зүйлд цаг хугацаа гэж байдаг шүү дээ. Тохироо нь бүрдэхээр гэдэг шиг биднийг сонсох дуртай үе үеийн найз нөхөд, сонсогчдодоо зориулж тоглолт хийх байх. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй. Ингээд бодохоор манай хамтлагийн хүмүүст хүргэсэн яг шилдэг гэх гарын арван хуруунд багтах дуу бий. Мөн “Бооцоо” жүжгийн дуу, “Надаар тоглосон хайр” жүжгийн дууг дуулж байлаа. Энэ дуу маань хүмүүст маш их хүрсэн. Жүжиг нь хүртэл драмын театрын урын санд томоохон байр эзэлдэг юм билээ. Жүжиг сайхантай, үг, ая ч сайхантай. Эдгээр дуунууд маань яахын аргагүй мундаг хөгжмийн зохиолч, яруу найрагчдын уран бүтээл байгаа юм. Бид дуулсан нь аз завшаан байж л дээ. Тийм мундаг дуунуудыг дуулахаар өөрсдөө ч сайн боловсордог юм байна. Ингээд харахаар О.Дашбалбар агсан, Б.Явуухулан агсан, Ц.Хулан, Ү.Хүрэлбаатар зэрэг агуу яруу найрагчдын дуунууд хүмүүсийн зүрх сэтгэлд төдийгүй үзэгч сонсогчдын маань хайртай дуу байсаар байна л даа. Манай хамтлаг анх байгуулагдсанаас хойш 20 гаруй жил болж байна. 1999 оноос бид гурав тогтвортой уран бүтээл хийсэн гэдгээрээ бол 20 жил болж байгаа юм. Анх таван хүний бүрэлдэхүүнтэй байхдаа “Наддаа итгээч”, “Мөрөөдлийн хатан”, англи дуу болох “Ev­erything” гэх гурван дуу дуулж байлаа.

-Та нарын үед чинь “Сүнс”, “Guys 666”, “Салхи”, “8 дахь гариг”, “Номин талст”, “Камертон” гээд олон хамтлаг хоорондоо уран бүтээлээрээ өрсөлдөж байсан. Тэр ч утгаараа чанартай уран бүтээл гардаг байсан байх?

-Мэдээж олон хамтлаг дундаас ялгарч гарч ирнэ гэдэг хэцүү. Тиймээс хэн сайн хөдөлмөрлөсөн нь л амжилтад хүрч байсан. Хэдийгээр өрсөлдөж байсан ч яг л ахан дүүс шиг байж чаддаг байж.

-Рок попын хамтлаг дуучид цус сэлбэх цаг хэдийнэ болсон гэж ярьдаг. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Бид нарын үеэс эхлээд таван жилд нэг удаа цус сэлбэгддэг байсан. Энэ хугацаанд дараагийн үе гарч ирж байсан гэсэн үг л дээ. Миний бодлоор 2003,2004 оноос рок поп гэх энэ том айлд багтаад хамтдаа явж байгаа залуу уран бүтээлчид хараахан гарч ирээгүй гэж харж байна л даа. Нэг талаараа үе тасарчихаад л байна. Урлагийн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэхээр дээд үеийнхэн нь үнэлсэн, дунд үеийнхэн нь хайрласан, доод үеийнхэн нь хүндэтгэдэг байх ёстой юм шиг санагддаг. Энэ зүйлд таарсан уран бүтээлчид ховор байна. Дараагийн үеийнхэн яаж энэ урлагт үнэлэгдэх вэ гэхээр энэ гурван үе байх юм болов уу гэж боддог. Мэдээж сайн уран бүтээл насаа дааж явж байдаг. Уран бүтээлийн чанар чансаа, үг аялгуу, дуучин гэсэн гурван тулга байдаг. Энэ тулгандаа багтаж байж уран бүтээл сайн гардаг. Сайхан залуу уран бүтээлчид мэдээж байгаа. Гол нь үлдэцгүй л болчихоод байх шиг. Биднийг багш нар маань сууж, анхаарч сургаж, аливаа зүйлд тэвчээртэй, үг сонсгож сургасан байгаа юм. Энэ нь урлаг гэдэг их айлын хаалгаар ороход маш том түлхэц болсон болов уу гэж боддог. Хамтлаг дуучдаасаа үнэлэмж авахын тулд бид чинь их гүйдэг байлаа шүү дээ.

-Танай хамтлагийн “Зүүдний дагина” дууг хулгайн дуу гэдэг. Тэгвэл саяхан энэ дууг “Topline” хамтлаг дуулсан. Танай хамтлаг энэ тал дээр ямар байр суурьтай байсан бэ?

-Мэдээж хамгийн түрүүнд дууныхаа талаар тайлбарлах нь зүйтэй байх. Японы хөгжмийн зохиолчийн өөрийнх нь зохиосон дуу. 1995,1996 оны хавьцаа энэ дуу гарч байсан юм. Манайд тэр үед зах зээл гараад айл бүр CD-ний хөгжимтэй болж эхэлсэн. Урлагийн хүмүүс болохоор гадаад дотоод явсан найзууд маань CD авчирч өгдөг байлаа. Хөгжим бүжгийн сургуульд хамт сурч байсан дуучин Солонгоо маань Японоос ирэхдээ бидэнд энэ хүний сингл CD-г авчирч өгсөн юм. Энэ дууны нэр “Чиний хажууд” гэдэг нэртэй. Тухайн үед энэ дууг сонсож байхад ар талд нь понаграмм тавьчихсан байсан. Бид тэр хөгжмийг нь аваад Ү.Хүрэлбаатар ахаар үг бичүүлж “Зүүдний дагина” дуу бүтсэн түүхтэй. Мэдээж “Fre­ezone” хамтлаг уран бүтээлээ завсарласан байх хооронд “Тоpline” хамтлаг дуулсан. Эдгээр залуучуудыг буруутгах зүйлгүй. Гол нь тухайн хамтлагийн продюсер бид нараас ямар нэгэн зөвшөөрөл аваагүй.

Онцлох нийтлэлүүд