ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2017.11.02 12:11

Юу ч хийсэн шүүмжлэх дон шүглэжээ, монголчуудад

Image result for Шөнийн гэрэлт гудамжШөнийн гэрэлт гудамж нэртэй аятайхан ажлыг хийв. “Ёстой дэмий юм хийж байх юм. Зам хаагаад. Ядаж энэ нэг юм аа арай уртхан болгочихгүй дээ. Гэрэл нь унжаад будаа болж байна лээ, хайран мөнгө” гэсэн хэл ам дагуулав. Явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам бүхий гүүрэн гарцтай болов. “Ямар урт юм бэ. Аятайхан зураг гаргаад хийчихгүй, бөөн мөнгө идэж уугаа биз” гээд араас нь мянган шүүмжлэл дагалаа. Нийслэлд өнгө үзэмж нэмчих санаатай хэдэн хөшөөг хотын төвийн гудамжинд байрлуулжээ. “Тамтаггүй өндөр үнээр бий болсон байна. Утгагүй хөшөө босголоо. Үхснийх нь аз жаргалтай Улаанбаатар” гэсэн хэл амыг дагуулав.

Монголчууд ер нь юу ч байсан хамаагүй шүүмжилдэг, хараар буддаг сэтгэлзүйн гажигтай болсон бололтой. Сайн ч зүйл хийсэн, муу ч юм хийсэн заавал араас нь муулдаг заваан сэтгэхүйтэй болжээ.

Уг нь тэр хөшөөнүүд нь бидний жишээ болгон ярих дуртай гадаад орнуудын гудамжинд хэдэн арваараа байдаг. Иргэдээ осол аюулгүй зорчуулахын тулд хийсэн гүүрэн гарцууд хаа сайгүй бий. Компьютерийнхээ ард шигдэж суугаад хамаг бүхнийг харааж суудаг, хар бодлоороо будаж байдаг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс л харин монголчууд бидний тулгамдсан асуудал боллоо. Улсын нийслэл, их хотод гэрэл гэгээ нэмэх хийц донж нь таарсан аятайхан хөшөөг харин ч олныг хийх хэрэгтэй.

Ядаж л хүмүүсийн зургаа авахуулах боломжийн зүйл болно. Ямар өчнөөн тэрбумаар авто замын аюулгүйн тойрог дээр нохойны хөшөө барьж байгаа биш. Одоо санаагаар болдог бол нийслэл хотод хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн нэмж байгуулмаар байна. Бас хотыг тойроод ганц нэг ч болов нуур цөөрөм бүхий зугаалгын газартай болмоор байна. Иргэдэд зугаалж алхах газаргүй болчихоод байгааг хотын дарга нар дээр дооргүй анхаарч ажил болгох хэрэгтэй. Мэдээж ямар ч дарга нар гараад юу ч хийсэн үй түмэн шүүмжлэлийн бай болно. Тэр бүхэнд гомдож тунирхаад байлгүй ажлаа зоригтойхон хиймээр байна. Улаанбаатар гадаадын нүсэр хотуудын хажууд үгүй ээ мөн авсаархан хот шүү дээ.


Онцлох нийтлэлүүд