ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.17 04:09

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулан МАН-ын Удирдах зөвлөл, Ю.Цэдэнбалын академи, Нийслэлийн МАН-ын хороо, мөн Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд, ач охин Анастасия Зориговна нар өнөөдөр хөшөөнд нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Ю.Цэдэнбал нь 1916 оны есдүгээр сарын 17-нд Увс аймгийн Давст суманд айлын тав дахь хүү болон мэндэлжээ. Есөн настайдаа буюу 1925 онд Улаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж, 1929 онд төгссөн. Мөн онд боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүүг зорьсон байна. Есөн жилийн турш Эрх, Улаан-Үдийн хооронд аялж, Сибирийн Санхүү, Эдийн засгийн институцыг онц дүнтэй төгсөж, санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ. Улмаар 1938 онд Улаанбаатар хот руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.

Харин 1984 оны наймдугаар сард Ю.Цэдэнбал агсныг тэтгэвэрт нь гаргаж, Орос улсад аваачсан бөгөөд тус улсад 1991 оны дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл амьдарч, насан өөд болсон юм.

Онцлоход, 2016 онд түүний 100 насны ой тохиох бөгөөд ойн арга хэмжээг ёслол хүндэтгэл дүүрэн өнгөрүүлэх  ажлыг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуцан ажиллахаар болсон ажээ.

Онцлох нийтлэлүүд