ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.07.24 08:07

“Явдаг хогийн цэг” байвал ямар вэ?

Улсын наадмаар Хүй долоон худаг болон Цэнгэлдэх орчимд хогийн цэг, сав олноор байрлуулсан гээд л сурталдаад байсан. Наадмын дараа хог хөглөрдгөөрөө хөглөрч, элдэв гялгар уут салхинд хийсдгээрээ хийсч харагдсан. Мөн Хүй долоон худгийн орчим замын хойно, урд барьсан уяачдын гэр, асрыг нүүсний дараа хэсэг хэсэг газар хог нь цайран үлдсэн байна лээ. Ухамсартай нэг нь хогоо ачаад нүүсэн байх. Дийлэнх нь хойтон дахин буухгүй юм шиг хогоо овоолоод хаячихсан байх жишээтэй. Тэгвэл дараа жилээс наадмын үеэр “явдаг хогийн цэг” ажиллуулбал зүгээр юм. Асар майхны гадаа очоод хогийг нь ачаад, тодорхой төлбөр авдаг болбол хүмүүс дуртай үйлчлүүлнэ. Үүнийгээ наадмын өмнө сайн зарлаад гэр барьсан айл бүрт хэл дуулгавал дороо л ажил хэрэг болчихно. Үйлчилгээний хөлсөөрөө хогийн машиндаа хийх шатахуун хийчихнэ. Хогийн цэг ойр харагдахгүй бол хогоо хаячихаад нүүдэг залхуу хүмүүс шүү дээ, бид.

Ер нь зөвхөн наадмаар гэлтгүй элдэв баяр цэнгэл, амралтын өдрүүдээр Туул голын хөвөө гэх зэрэг хүмүүс хамгийн ихээр амарч аялдаг газруудаар “явдаг хогийн цэг” буюу хогны машинаар үйлчилбэл хаа сайгүй хийсч байдаг гялгар уут, овоолсон хогны асуудал хялбар шийдэгдэх юм биш үү?

Д.ОЮУНТУЯА


Онцлох нийтлэлүүд