ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.09.25 09:09

Ядахдаа, өмнөд монголчууддаа үүд хаалгаа нээлттэй байлгах сан

Японыг хамгийн насжилт өндөртэй улс гэдэг. Жил бүр Японы хүн ам хагас саяар хорогдож байгаа нь цаашдын хөгжил, эдийн засгийн тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлөхүйц тоо юм. Тиймдээ ч Дэлхийн Эдийн засгийн чуулганы хүрээнд Вьетнамын Ханой хотод зохион байгуулагдсан хуралд оролцохдоо Японы гадаад хэргийн сайд Таро Коно “Япон улс цаашдаа гадаадаас ажиллах хүч ихээр хүлээж авч байж улсынхаа нийгэм, эдийн засгаа аврахаас өөр аргагүй” гэдгийг онцолжээ. Түүний хэлсэн “Бид ийм байдлаар нийгмээ тогтвортой хөгжүүлж чадахгүй. Бид улс орноо нээж байна. Бид хөдөлмөрийн зах зээлээ гадаад улс орнуудад нээнэ. Бидний боловсруулж байгаа шинэ бодлогын дагуу Японы нийгэмд уусан шингэх хүсэлтэй хэн бүхнийг хүлээж авах болно” гэсэн үгийг дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Таро Коно Япон улс өөр үндэс угсаатнуудаар хүн амаа нэмснээр хэрхэн амжилт олж байгааг газрын теннисийн залуу од Наоми Осакагаар жишээ татан ярьжээ. Гайти эцэг, япон эхтэй Осака АНУ-ын Гранд Сламын цомыг хүртсэн анхны япон гаралтай тамирчин гэдгийг онцлоод “Олон угсаатнуудаас хүн амаа бүрдүүлэх хэрэгтэй. Нээлттэй бодлого чухал” гэсэн юм.

Япончууд хэзээнээсээ үндэснийх нь хэл, ёс заншлыг мэддэггүй гадныханд таагүй ханддаг гэдэг. Гэхдээ тэд ирээдүйгээ төсөөлж ийм шийдвэр гаргажээ. Манайд элэгтэй, биднийг хүндэтгэдэг Японы иргэн бол гэж тэд урьж байна. Одоо тус улс зөвхөн нарийн мэргэжлийн ажилчдыг авдаг бол ирэх оноос тодорхой мэргэжлийн ур чадваргүй ажилчдыг хүлээж авахаар дүрэм журмаа боловсруулж эхэлжээ. Ирэх оны дөрөвдүгээр сараас ажил хэрэг болгоно гэж ерөнхий сайд нь мэдээлж.

Үүнээс үүдээд манайд хэт үндсэрхэг үзэл улам л газар аваад байна уу гэж бодогдох болов. Хэт үндсэрхэг үзэлтэй элдэв бүлэглэл, төрийн бус байгууллага олноороо байгуулагдаж байна. Тэд гадныхныг ялангуяа урд хөрш, өмнөд монгол иргэдийг дээрэлхэх, доромжлох байдал хэрээс хэтэрсэн. Үүнийг сошиал орчинд асар идэвхтэйгээр дэвэргэж байна. “Хятадууд монголчуудыг зодлоо”, “Энэ хятадууд арай л хэтэрч байна” гэсэн сүржин гарчигтай мэдээлэл байнга л цацагдаж, дор нь хуйгаараа зүхэж, хараасан сэтгэгдлээр дүүрдэг. Энэ их хийрхлийг эрх баригчид мэдсэн ч мэдээгүй дүр эсгэнэ. Цагдаа, хүчний байгууллагынхан ч нүдээ аниад өнгөрөөдөг.

Гурван сая гаруй хүнтэй Монгол Улс нийтээрээ хэт үндсэрхэг үзлээ дэвэргэн хэдэн талаас нь сэвээд суух нь орчин цагт арай л болохгүй байна. Япон улс “Манайд ирж амьдар” гэж дэлхийд үүдээ нээж байна. Бид Японыг бодвол хүн ам, газар зүйн байрлал зэргээрээ өөр, насжилтын хувьд ч харьцангуй залуу улс. Гэхдээ бид олон болж байж илүү хүчирхэг болно. Олуулаа болох бодлогыг хэзээ ч мартаж, хаяж болохгүй. Ядахдаа өмнөд монголчууддаа үүд хаалгаа нээж, нээлттэй хаалганы бодлого баримаар байна. Хэт үндсэрхэг үзлийг төр засгийн дэмжлэгтэйгээр багасгах, дэвэргэхгүй байх талаас нь хармаар. Өмнөд хилийн цаана Өмнөговьд амьдарч байсан халхууд таслагдан үлдсэн гэдгийг, энүүхэн гучин хэдэн онд эндүү андуу ятгалга, учир нь үл олдох үймээн самуунд төөрсөн монгол айлууд нүүж суурьшсан гэдгийг мартах учиргүй. Долоон тэрбум хүний дунд адилхан монгол хэлээр ярьдаг хэдхэн хүн суудаг гэдгийг ч бодсон бид өмнөд монголчууддаа найрсаг хандах учиртай. Өмнөд монголтой оюутан, багш, эмч солилцоо юу л байна олон тоогоор солилцох хэрэгтэй. Тэр тоогоор бие биенээ ойлгох, харилцан хүндлэх, хүлээн зөвшөөрөх болно.

Дэлхийн хүчирхэг гүрэн Хятад улстай аль ч улс найрсаг харилцаатай байхыг хичээдэг. Бид ч хөрштэйгөө найрсаг харилцаатай байхад буруудах юмгүй. Хятад гэж ярихаар юу юугүй эрхшээлд нь орчих гэж байгаа мэт, буутай, танктай цэргүүд эзлэх гэж байгаа мэт ойлголт, яриагаа одоо цэгцэлье. Хоёр орны иргэдийн хоорондын харилцааг эерэг болгох тухай сүүлийн жилүүдэд яригдаж байгаа нь сайшаалтай юм. Өнгөрсөн жил болсон Монгол Хятадын сэтгүүлчдийн наймдугаар форумын гол сэдэв нь ч иргэд хоорондын харилцааг сайжруулахад чиглэгдэж байв. Үүний үр дүнд телевизүүдээр хятад кино гардаг болж, үзэгчид ч ам сайтай ярих болсон билээ. Хятадууд чинь ийм хүн юм уу, ингэж амьдарч, ийм үзэл бодолтой явдаг юм уу гэх зэргээг өөр хоорондоо ярьдаг болсон. Энэ бол иргэд хоорондын найрсаг харилцааны эхлэл төдий зүйл юм.

Дэлхийн томхон хотуудад “China town” гэж байдаг. Монголд ч хойд, урд хөршийнхөө хятад хороолол, орос хорооллыг байгуулахад болохгүй юмгүй. Хүний тоо, эзлэх хэмжээ зэргийг нь тогтоож, журамлаж өгвөл нэг их гаж зүйл лав биш. Монгол хорооллыг эргүүлээд хоёр хөршдөө байгуулж болно. Ингэж л иргэд хоорондын харилцааг сайжруулж болно. Бие биеэ мэддэг болбол “Энэ арай ч биднийг буудаад алчихгүй” юм байна гэж итгэдэг болно. Монголчууд бидний хэт үндсэрхэг үзэл бүтээн байгуулалтын олон ажлыг нурааж байгааг бид хараад л суугаад байх уу. Төмөр зам, Багануурын цахилгаан станц зэрэг томхон төслүүд “хятадад эзлэгдэх” үндсэрхэг үзлээс болж гацсан. Өөр ч олон төсөл дээр энэ үзэл тээг тушаа болсоор байх вий.

Монголд гадныхан нэг их ирдэггүй. Хүн амьдрах аргагүй тэсгим хүйтэн өвлийг дааж гарахад бэрх болохоор зүглэдэггүй биз. Дулаарахаар цөөн тооны жуулчид ирнэ. Дэлхийн аялал жуулчлалд жинтэй хувь нэмэр оруулж буй хятадууд ч бага багаар ирдэг. Тэд ганц нэгээрээ дээрэлхүүлж, дээрэмдүүлж хаширсан болохоор одоо гурав дөрвөн зуугаараа бүлэг болон ирдэг болжээ. Бид тэднийг хэт үндсэрхэг үзлээсээ болж үзэн ядаж, хатуурхаад байвал яваандаа төр нь иргэдээ хамгаалж цэрэг дагуулж илгээдэг болно. Асуудлыг ингэтэл нь дэвэргэх утгагүй бөгөөд энэ бүхнээс аль болох сэргийлэх төрийн мэргэн бодлого л үгүйлэгдэж байна.

Даяарчлагдан хавтгайрч байгаа дэлхий дээр бид ч гэсэн бусдын адил байх хэрэгтэй байна. Аль нэг хөршдөө эзлэгдэх айдаст ард нийтээрээ авталгүй, найрсаг харилцаа, ухаалаг, тууштай бодлогоор үүд хаалгаа нээмээр байна. Адаглаад л Монгол оронд юм үзэх харах гэж ирсэн аль ч орны жуулчид хэн нэгнээс айж бүлтгэнэлгүй амар тайван алхаг л дээ.

Онцлох нийтлэлүүд