ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.04.21 09:04

Ядуурлыг зөвхөн ядууст үүрүүлэх гэсэн харийн хар харгис бодлого

ОУВС-гаас манайд тодорхой шаардлагууд тавьж, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө хамруулахаар тохирсон. Энэ шаардлагын дагуу Засгийн газар долоон төрлийн татварыг Төсвийн тодотголдоо тусган, УИХ-аар хэлэлцүүлж байна. МАН-ынхны санааны мухарт байсан татвар нэмэх, халамж багасгах санаа бүгд л энд багтсан нь Валютын сангийн шаардлагатай тун төстэй байгаа юм. Эрх баригчид засаг авсан даруйдаа л татвар нэмэх ийм юм яриад эхэлсэн шүү дээ. Энэ долоон төрлийн татвар нь зөвхөн дундаж, дунджаас доош орлоготой, ядуу хэсэгт ачаа үүрүүлээд эдийн засгийн хямралаас гарах гэсэн амиа аргацаасан арга харагдаад байна. Тэтгэврийн насыг нэмж, хүүхдийн мөнгийг танаж, хадгаламжийн хүү авах, архи, тамхины онцгой албан татвар нэмэх, приусын татвар, хүн амын орлогын албан татвар, ниймгийн даатгалын шимтгэл, хадгаламжийн татвар гээд дунд давхаргын нуруун дээр хамгийг үүрүүлж хямралыг давах гэсэн ОУВС, МАН хоёрын санаа яв цав ингэж нийцээд байна. Сангийн яам гэж том толгойлсон биеэ даасан институци байна уу ч гэж хардахаар зүйл их ярих юм. Сайд нь Олон улсын валютын сангийн төлөөлөгч юм уу, Монгол Улсын Сангийн сайд уу гэдэг нь ч мэдэгдэхээ байлаа. Ам л ангайвал “Валютын сан ингэ гэсэн болохоор болохгүй” гэх юм. Энэ татварын нэмэлтүүд хөрөнгөтэй, мөнгөтэй баячууд, гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад бол юу ч халгаахгүй юм байна. Монголын том баячууд, эрх мэдэл, эд баялагтай хүмүүст дарамт болох юу ч энэ төсөлд алга. Эрх баригчид шаталсан татварт шилжье гэдгийг авч хэлэлцсэнгүй. Алтны роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны татвар нэмэгдүүлэх гэхэд тоосонгүй. Сангийн яам нь ч тэр, Валютын сан нь ч тэр , МАН ч тэр авч хэлэлцсэнгүй. УИХ-д цөөнх болсон АН-ын бүлгийнхэн эрхбиш нэг дуугаравч олонхийн багцалсан саналыг сарниулж чадахгүй нь тодорхой байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат төсвийн тодотголын талаар “Энэ төсвийн тодотгол Валютын сангийн шаардлагаар гэж байгаа. Оруулж ирсэн санал тэр чигээрээ батлагдах нь. Олонхиороо кнопдоод шийдэгдэх шиг байна. Эдийн засаг төсвийн нөхцөл байдал, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэрийн дор бүх төрлийн татварыг нэмсэн. Гэхдээ Засгийн газар нь зарлагаа нэмээд оруулж ирж. Төр өөрөө бүсээ сайн суллаж өгөөд ард иргэд рүүгээ бүх татварын дарамтыг хийж байгаагаараа асуудал буруу тийшээ явж байна. Бид Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайдтай уулзсан. Валютын сантай нэгэнт тохирсон учир нэг ч зүйл хасч болохгүй гэж байна лээ. Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг уулзалтад урьсан боловч ирээгүй. Ирэхгүй байна гэдэг бол өөрсдийнхөө хөтөлбөрийг тулган шаардаж байгаа юм байна. Сангийн сайд нь үнэн яриад байгаа юм уу. Валютын сан ингэж хүчтэй шахаад байгаа юм уу. Эцсийн нөхцөл байдал дээр харахад хүүхдийн мөнгийг жаран хувь дээр байсныг дөчин хувьд өгөхөөр болголоо. Мөн хамгийн түрүүнд иргэний халаастай холбоотой, хэрэглээтэй холбоотой бүх зүйлийг танасан. Бусдын гарт санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдийнхээ эрх мэдлийг хасч байгааг бид эсэргүүцэж байна. Тэтгэврийн насны асуудлаар дэлхийн жишиг 65 нас байна гэсэн. Монгол орон дэлхийн жишигт байна уу гэдгээ харах ёстой. Дэлхийн дундаж наслалтаас монголчуудынх доогуур. Манай улсын хүн амын дундаж наслалт 65 байдаг. Гэтэл 65 насаар тэтгэвэр тогтооно гэдэг бол өнөөдрийн нөхцөлд нийцэхгүй гэж бодож байна. Эрх баригчид гадныхантай хамтарсан шокийн бодлого руу явж орсон. Архи, тамхи, автомашины татварыг байж болно гэхэд жирийн иргэдийн унадаг хос тэжээлтэй машины татварыг хулгайн аргаар нэмэх гэлээ. Нийт иргэдийн 70 гаруй хувь нь приус унадаг. Онцгой албан татварыг нэмснээр далд эдийн засгийг өдөөх анхны суурийг тавилаа. Нийгмийн даатгалын шимтгэл бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед аж ахуйн нэгжүүдэд асар том дарамт болно. Валютын сангийн гол шаардлага нь орлогоо нэмэгдүүл, зарлагаа багасга, алдагдлаа бууруул гэсэн үндсэн гурван шаардлага. Гэвч энэ бүхний эсрэг явж байна. Орлого нэмэгдсэн зардал нэмэгдсэн, алдагдал нэмэгдсэн. Буурсан юм нэг ч алга. Та нар жилд өгдөг хүүхдийн 200 тэрбум төгрөгийг 90 орчим тэрбум болгочихоод сайд нарын багцыг дөрвөн зуун дөрвөн тэрбумаар нэмлээ. Орлого нэмэгдүүлэх хэд хэдэн боломж бий. Өмч хувьчлалаар зуун далан тэрбумаа оруулж ирж болох байв. Ханшийн зөрүүгээр зардлаа бууруулж болох байв. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн өсөлтийг зөв ашиглах хэрэгтэй. Энэ өссөн мөнгийг нууж эхлэх юм руугаа явж байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. МАН-ын буурьтай гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар ч байнгын хороо, чуулганы хуралдаан дээр төсвийн тодотголд иргэдийн татварыг нэмж байгаа хэрнээ өөрсдийнхөө зардлыг нэмж оруулж ирснийг шүүмжилж байсан.

Ингэж татварын дарамтанд ард түмнээ оруулсны үр дүнд баячууд улам л баяжих юм байна. Харин дундаж, бага орлоготой хэсгийнхэн орвонгоороо сөнөхөөр байна. Энэ чигээрээ батлагдвал дундаж, дунджаас доош ядуу давхаргынхныг тэр чигт нь сөнөөнө. Яг ийм дүр зураг сүүлийн үеийн эдийн засгийн байдлын талаар авч байгаа арга хэмжээнээс харагдлаа. Татвараар ингэж иргэдээ дарамтлахгүй байж болох бололцоо байхгүй биш байгаад байна. Зардал нь хамгийн их нэмэгдсэн хоёр сайдын багцыг багасгахад л ард түмний ачаа ингэтэл нэмэгдэхгүй байж болохоор. Эрх баригчид зүгээр л хүсэхгүй байна. Нэг жижигхэн үсчний газар, цайны газар, дэлгүүр ажиллуулаад таван хүн ажлын байраар хангаад Монголын нийгмийн амьдралыг авч явдаг байсан дундаж давхаргынхны бүх бизнес байхгүй болно. Энэ бүгд дундаж давхаргыг устгах гэсэн харийн бодлого яваад байна уу. МАН намын муйхар бодлого яваад байна уу. Манай сонин “Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ” гэж бичиж байсан л даа. Гэтэл МАН баячуудын төлөө, гадаадын хөрөнгө оруулагчтай уул уурхайн төлөө харакири хийчихжээ. Тэд иргэдээ ядуурлаас аварч эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, хүчирхэг баян улс болгоно гэсэн амлалт өгсөн. Яг одоо хийж байгаа үйлдлүүд нь өнөөх амлалтуудынхаа эсрэг байгаа гэдгийг та ч харж, би ч харж байна. Дундаж давхарга устахад хэдэн баячууд ноёрхоно. Түүнээс үүдээд МАН устана. МАН бол Монголд байгаа зохион байгуулалттай, буурь суурьтай, тулхтай цор ганц нам гэж хэлэхээр институци юм. Сүүлийн хорин жилд дахиж ийм дайны нэг намтай болох гээд бид чадахгүй л байгаа. МАН төрд байхгүй үед ямар юм хүмүүс оронд нь гарч ирдгийг бид мэднэ. Тэд хонзон авдаг, дур дураараа улсын өмчийг шамшигдуулж, тарааж , эв эеэ олохгүй талцан муудалцаж, улс орноор тоглочих гээд байдаг. Иймээс тулхтай ганц намд найдаж ард түмэн олонхиос олонхи болгож, зөв шийдвэр гаргах боломж олгосон. Одоо явуулж байгаа бодлогыг нь харахаар энэ нам өөрсдийгөө үгүй хийх нь. Ингэвэл төр засагт хоосон орон зай буюу хаос үүсдэг. Энэ хоосон орон зай дээр гадаадын шуналтнууд хөрөнгө оруулалт нэрээр орж ирж, улс орных нь баялгийг хоосолдог. Яагаад энэ бүхэнд МАН нүд сохор, чих дүлий мэт сууна вэ. Чонотой нийлсэн нохой гэгчээр гадныхантай нийлж, дундаж давхаргынхныг устгана гэдэг гол сонгогчдоо үгүй хийлээ гэсэн үг. Сонгогчгүй болсон нам устана. Ингээд МАН гэдэг нам уствал эзгүй, эзэнгүй мэт улс орны толгойд ойворгон попчин, лам, бөө, зөнч мэргэд хэмээх сайн дурын баатрууд гарч ирж дураараа дургин туйлдуулж, буцаад хөлөө олох гэж улс орноороо манарч байх хооронд гадныхан аль хэдийнэ уул уурхай ашигт малтмалыг ухаж төнхөөд гараад явчихдаг. Бид Африкийн орнуудын жишээг дурдах дуртай. Давилуун зантай монголчууд тэдний буруу явсан замыг биднээс хол юм шиг ярьцгаасаар ирсэн. Зарим нь анхааруулж хэлдэг. “Ийм болох вий. Эд нар шиг болчихгүй юмсан” гэж. Гэвч одоо тэдний байдал хол биш санагдах боллоо. Эквадорын төр засаг манайд ажиглагдаж байгаа шиг татвар нэмэх иймэрхүү арга хэрэглэж байгаад хүндхэн байдалд орж байсан. Аргаа бараад төр засаг нь хувийн компаниуд руугаа орж, нефть импортлогч, газын компаниудаа нийгэмчилж эхэлсэн. Хувийн өмч рүү төр ингэж дайрахаар бизнес эрхлэгчид улсаасаа зугтаацгаалаа. Гэтэл төр нь зугтаалгахгүй арга хэмжээ авч хил дээрээ цэрэг зогсоосон. Ингээд хүн төрөлхтний түүхэнд алдартай дарангуйлагч төрсөн. Бас нэг жишээ Зимбабве. Бас ингэж явсаар байгаад гадаадын жаахан ч гэсэн хөрөнгө оруулалттай компани байвал нийгэмчилнэ гээд сууж байгаа.

Ийм улс орнууд шиг дундаж давхарга, хувийн жижигхэн компани, энгийн иргэдийнхээ аж амьдрал руу дайраад байвал тэд зугтана. Эсвэл босно. Гадаадын ашиг малтмал уул уурхайн чигийн лоббигоор, Монголын том олигархиудын шахаасаар улс орноо нуруун дээрээ авч явдаг дундаж давхаргынхныг үгүй хийж тэрнийхээ горыг амсч улс төрийн тавцангаас МАН өөрөө байхгүй болох юм биш биз. Уул уурхайн баялагтай ядуу, тэнэг удирдагчтай орнуудын хамгийн зохион байгуулалттай, хүчтэй улс төрийн хүчнийг нь гадаад, дотоодын олигархиуд эхлэн онилж, үгүй хийдэг. Түүний дараа өнөөх попчин, луйварчин, хуурамч эх орончид оодорч эхэлдэг. Төрд гарч ирсэн толгойтой болгон шантааж нэхдэг. Гадны хөрөнгө оруулагчид хэр таарсан юм оффшорт нь хийгээд өгчихнө. Нэг гайгүй хэл ам нь хөгжсөн попчинд сая доллар шидэх бол хэдэн тэрбумаар нь залгидаг гадны шулаачдад тийм ч их санагдахгүй. Яг ингэж өгснийхөө дараа дансанд нь мөнгө хийсэн гадаадынхан буцаагаад шантаажилж эхэлнэ. Орчин үеийн колонийн бодлого ийм байдаг. Тиймээс МАН-ынхаан, сонгуулиар амлаж байсан зүйлийнхээ эсрэг, үзэл санааныхаа үнэт зүйлийг өөрийн гараар үгүй хийх гээд байна шүү, та нар. Энэ бол Монголын хувь заяатай холбоотой асуудал. Ам ангайх бүртээ “Гадныхан тэгж хэлсэн, тэрнээс өөрөөр өөрчилж болохгүй” гэх Сангийн сайдын үг нэг л биш байна. Дундаж давхаргынхнаа дарж аваад улс орноо сэргээнэ гэж байхгүй. Санал болгосон болгоныг нь хүлээж аваад байна уу, эсвэл өөрсдийн санааг гүйцэлдүүлэх гэж тэдний шаардлагыг заавал ингэж иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлснээр шийдэх гээд байна уу. Юу юугүй Валютын санг хөөгөөд явуулчих гэж байгаа юм биш. Долоон өөрчлөлтөө өөрсдийнхөө зардлаас хасаад шийдчих боломж байгаагүй хэрэг үү. Валютын сангийн суурин төлөөлөгч Нийл Сакер “Ямар зардлаа танах нь Засгийн газрын өөрийнх нь асуудал” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Тэрнээс харахад Засгийн газар зардлаа танаж болох байсан шиг. Валютын санг хөөгөөд хүндхэн байдалд орсон Вэнэсуэль шиг байх албагүй. Гэхдээ иргэдийнхээ, тэр дундаа дундаж, тэрнээс доош орлоготой иргэдийнхээ татварыг ингэтэл нэмэлгүй, өөрсдийн зардлаас хасч болмоор юм. МАН ядуурлыг зөвхөн ядууст үүрүүлэх гэсэн харийн хар харгис бодлогыг хэрэгжүүлэгч болж байгаа юм биш биз. Иргэдийнхээ найдварыг ингээд тасалбал эргээд унахдаа дэндүү чанга газардана шүү.

Онцлох нийтлэлүүд