ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2015.12.25 01:12

Ядуу байх нь нүгэл

Ирландын нэрт зохиолч, илтгэгч Бернард Шоу “Ядуу байх нь нүгэл хийж байгаа хэлбэр" хэмээн хэлсэн байдаг. Нобелийн шагнал болон Оскарын шагналыг хоёуланг нь хүртсэн цорын ганц хүн гэгддэг тэрбээр энэ үгийг зүгээр ч нэг хэлчихээгүй билээ. Бас түүний хэлснийг хахир хатуу, хүнлэг бус гэж шүүмжлэхийн ч аргагүй. Хатуу ч гэсэн үнэнийг тэр хэзээ ч шийтгэл нь ирэхийг мэддэггүй атлаа үйлийн үр, нүглээс айж эмээж явдаг хүн төрөлхтөнд зориулж хэлжээ. Ядуу байна гэдэг тухайн тэр хүний өөрийгөө хүндлээгүй, өөрийнхөө өмнө бурууг хийж байгаа хэлбэр яахын аргагүй мөн билээ. Цаашлаад өөрийг нь энэ орчлонд авчирч, өсгөж өндийлгөсөн ээж, аавыгаа чилээрхэхийн цагт эм аваад өгөхийн чадалгүй ядуу байна гэдэг яах аргагүй том нүгэл. Бас үргэлжлэлээ болгож төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө ч нүгэл үйлдэж байгаа хэрэг юм. Үр хүүхдээ сургаж, боловсруулж, эрүүл саруул өсгөж, бие, ухаан тэнцүү бяд суулгаж чадахгүй хоногийн хоолоо ч олж чадахгүй, бүр хүүхдүүдээ гудамжинд гаргаж уух архины мөнгөө олуулахаар явуулж байна гэдэг аав, ээж хүнд гэтлэхийн аргагүй том нүгэл.

Бас нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, татвар төлдөг байх үүргийг ч тэд огоорч л байгаа хэрэг. Татвар өгөх нь байтугай нийгмийн халамж, хоолны талон нэхээд суудаг хүмүүс зөндөө бий. Бас нэг талаасаа ийм нүгэлгүй амьдрахын төлөө зүтгэж яваа хүмүүсээ үзэн яддаг байдал ядуу хүмүүсээс нэвт шувт ханхалдаг. Өөрсдөө хөдөлмөрлөж, хичээж зүтгэж амьдрахгүй байж зүтгэж бүтээсэн нэгнээ үзэн ядах нь ядуу байхын нүглээс бүр ч илүү том нүгэл биз ээ.

Э.ЭНЭРЭЛ

Онцлох нийтлэлүүд