ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.03.15 08:03

Ямар хүн болох, ямар мэргэжил эзэмших вэ гэдэгт Солонгосын боловсролын байгууллага их анхаардаг

Мөн хэвлэлийн бага хурлын дараа ЮНЕСКО-гийн Ази-номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төвийн Монгол талыг хариуцсан ажилтан Хон солиос тодруулга авлаа.


-Танай байгууллагын зорилго юу вэ?

-Манай Апсею байгууллага нь ЮНЕСКО-гийн харьяа дараагийн байгууллага юм. Манайх ЮНЕСКО-гоос явуулдаг ерөнхий үйл ажиллагаа, зорилгын дагуу олон улсын Ази-номхон далайн болон бусад орнуудын боловсролд голлон анхаарч ажиллаж байна.

-Монголд багш солилцоо хөтөлбөр хэрэгжүүлээд хэдэн жил болж байна.Энэ хооронд ямар үр дүн гарсан бэ?

-Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд долоон жил болж байна.юун түрүүнд солонгос багш нар Монголд ирээд манай боловсролтой танилцан, монгол хүүхдүүдийн үйл ажиллагаа ямар байгааг хардаг. Хүүхдүүд нь ямар сэтгэхүйтэй, Монголын соёл ямар вэ гэдэг тал дээр өөрсдөө туршлага хуримтлуулсныхаа дараа Солонгост эргэж очоод хүүхдүүдэд заахад илүү дотно хүлээж авдаг. Түүнээс гадна монгол багш нар Солонгост очоод шууд боловсролын хөтөлбөрт оролцдог юм. Монгол багш нар очсоноороо солонгос хүүхдүүдэд илүү сайн мэдээллээр хангаж өгдөг. Үнэлгээний хувьд бид ингэж ажилласнаараа илүү глобальчлагдсан олон улсын түвшинд өөр орны соёлыг ойлгож авахад тус болох байх гэж ойлгож байна.

-Манай боловсролын тогтолцоог судалж үзсэн үү, ямар санагдаж байна вэ?

-Долоон жилийн хугацаа гэдэг бол урт хугацаа юм. Гэхдээ боловсролын тогтолцооны хувьд Солонгостой төстэй зүйл болж байна. Энэ хугацаанд нэлээн олон мэдээлэл цуглуулж авсан. Бид өөрсдөө ч гэсэн Монголын талаас суралцах зүйл их байгаа. Монголд нэгдүгээр ангиас эхлээд арвадугаар анги хүртэл нэг багш даадаг.Ингээд олон жил нэг багшаар заалгадгийг солонгос багш нар их гайхдаг. Ямар нэг үл ойлголцол гардаг болов уу гээд сонирхоод гайхаж байдаг.

-Солонгосын сургалт зөвхөн боловсрол олгохдоо чухал биш амьдралд сургасан байдаг. Тийм үү?

-Хичээлийн хамгийн их цагийг хүүхдийг ямар хүн болох вэ гэдэг тал дээр төвлөрүүлдэг. Үүний дараа энэ хүүхэд ямар мэргэжил эзэмших вэ гэдэгт анхаардаг. Яагаад гэвэл нийгэмд гараад ажиллах мэргэжил хамгийн чухал юм. Тиймээс энэ хоёр зүйл дээр л голчлон анхаарал хандуулдаг.

-Хүмүүжил тал дээр ямар төрлийн хичээл заадаг вэ?

-Юун түрүүнд хичээл заадаг багшаасаа шалтгаална. Гэхдээ хичээлээ заадаг ч гэсэн зарим үед том сэдэв уншуулаад тэр сэдвийн талаар ярилцдаг. Хичээл гэдгээсээ илүү түүн дээр ярилцлага, мэтгэлцээн өрнүүлдэг юм.

-Манай боловсролын систем их төвөгтэй, эцэг эхчүүд сургуульд хүүхдийнхээ хүмүүжил, боловсрол гээд хамаг зүйлээ даатгачихдаг. Энэ үед сургууль хүүхдийн зүйлийг авч явах шаардлага гардаг. Танайд ямар байдаг вэ?

-Сая монгол багш нар маань явж ирсэн. Монголын эцэг эхчүүд оролцоо муутай байхад солонгос эцэг эхчүүд их оролцоо сайтай дэмжлэг үзүүлдэг юм байна гэдгийг онцолж ярьсан. солонгост эцэг эхчүүд нь зарим үед хичээл заах, аялал зугаалга, туршилтын хичээлд явах үед хоол бэлдэж өгөх ч юм уу, эсвэл аяллаар явахад аюулгүй байдлыг хангаж цуг явах хүүхдүүдийнхээ хичээлд тусалдаг. Иймэрхүү оролцоон дээр солонгос эцэг эхчүүд сайн байдаг.

-Монголын багш нар маш их ачаалалтай байдаг. Нэг багшид 50-60 хүүхэд оногддог. Танай улсад ямар байдаг вэ?

-Солонгост нэг багшид 20-30 хүүхэд оногддог. Солонгосчууд ч гэсэн энэ байдлыг хараад олон хүүхэдтэй ажиллах хэцүү гэдгийг ойлгодог. Манайх монгол багш нарын ажлын хэцүүг ойлгож байна. Гэхдээ өмнө нь солонгост оюутан сурагчид их байх тохиолдол байсан.

-Солонгосын Ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхэд ямар хэмжээний боловсролын түвшинтэй төгсдөг вэ?

-Дунд сургууль төгссөн хүүхдүүдийн ихэнх нь дээд сургуульд элсэн ордог. Гэхдээ орж чадаагүй хүүхдүүдэд ажлын талбарт гарах мэргэжлийн анхан шатны мэдлэг олгосон байдаг. Зарим нь манайхаар бол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сураад эсвэл өөрсдөө шууд тэр мэргэжлийнхээ дагуу ажиллах боломжтой.

Х.БАТТӨГС

У.ПҮРЭВСҮРЭН

Онцлох нийтлэлүүд