Гадаад
2020.11.19 05:11

Японд нэг өдрийн дотор коронавирусийн халдварын 2191 тохиолдол шинээр бүртгэгджээ

Японд коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд Япон улсад коронавирусийн халдварын 2,191 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Ерөнхий сайд Ёшихиде Сүга тус улсын онц байдлын зэрэглэл хамгийн дээд түвшиндээ хүрснийг өнөөдөр зарласан байна. Тэрбээр "Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр халдвараас урьдчилан сэргийлэхэд бүх анхаарлаа хандуулахыг ард иргэдэдээ уриалжээ. Мөн засгийн газрын сайд нартаа эрсдэл өндөртэй газруудад оношилгооны хүчин чадлаа нэмэгдүүлэх даалгавар өгсөн байна. Олуулаа нэг ширээний ард зоог барих үед халдвар тарах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хоолны ширээний ард ярилцахдаа хүртэл амны хаалт зүүхийг тэд зөвлөж байгаа. Тиймээс хоол зооглохдоо бага ярьж, амны хаалтаа зүүж байхыг уриалж байна. Би ч гэсэн энэ зөвлөгөөг өнөөдрөөс эхлэн дагах болно” хэмээн хэлжээ.

Мөн нийслэл Токио хотод халдварын 493 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сүүлд наймдугаар сарын 27-ны өдөр 472 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх хамгийн өндөр үзүүлэлт байв. Япон улсад өнөөдрийн байдлаар Covid-19 халдварын нийт 123,578 тохиолдол бүртгэгдэж, 1,935 хүн нас бараад байгаа юм. Үүнээс 35,723 тохиолдол нь нийслэл Токио хотод бүртгэгджээ.

Онцлох нийтлэлүүд