Гадаад
2020.11.21 06:11

​Японд хөгжлийн бэрхшээлтэй нохойд зориулсан тэргэнцэр бүтээжээ

Японд нохойд зориулсан тэргэнцэр бүтээжээ

Японы Осака хотын оршин суугч Эйжи Каваниши арын хөл нь бэртэж, гэмтсэн нохойд зориулсан гурван мянга гаруй тэргэнцэр бүтээжээ. “Асахи” сонинд мэдээлснээр, 2012 онд түүний тэжээдэг байсан Свипиа нэртэй хав нохой нь нурууны дискний асуудлаас болж хэсэгчлэн саажилттай болсон байна. Тэрбээр хайртай нохойдоо зориулан тэргэнцэр худалдан авсан ч нохойд тохирохгүй байсан аж. Тэгээд Эйжи тэргэнцрийг өөрчилж, шинэ дугуй, бүсээр тоноглосон байна. Ингэснээр хайртай нохой дахин явах боломжтой болжээ.

Үүнээс хойш хэдэн сарын дараа Эйжи ижил зовлонтой нохойтой хүмүүстэй танилцаж, өөрийн бизнесийг нээхээр шийдэж үйлдвэрийн тэргэнцрүүдээс ялгаатай тухайн нохойн хэмжээнд тохирсон тэргэнцэр бүтээсэн аж. Өнгөрсөн хугацаанд Эйжи нийт гурван мянга гаруй тэргэнцэр том болон жижиг биетэй нохдод зориулан хийжээ. Тэрбээр “Тэргэнцэр нь зөвхөн явахад тусалдаг хэрэгсэл биш. Энэ нь амьтны биеийн нэг хэсэг болж, эзэнтэйгээ урт удаан хугацаанд эрүүл амьдрах боломж олгодог. Тиймээс би амьтдыг илүү жаргалтай болгож, эздийнх нь ачааг хөнгөлөхийг хүссэн юм” хэмээн ярьжээ.

Онцлох нийтлэлүүд