ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Эдийн засаг
2017.12.06 11:12

Японоос 700 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахаар болов

Image result for ЗээлОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багцын хүрээнд Япон улсаас дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг манай улсад өгөхөөр болсон билээ. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд тус улсын засгийн газраас хэсэгчлэн өгөх санхүүжилтийн эхний ээлжийг авах эрх өчигдөр баталгаажлаа. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Японы Элчин сайд М.Такаока нар өчигдөр Япон улсаас манай улсад үзүүлэх “Төсөв, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох ноот бичигт гарын үсэг зурав.
Эхний ээлжинд Япон Улсын Засгийн газраас манай улсад 32 тэрбум иен буюу 700 тэрбум орчим төгрөгийн зээлийг өгөх юм. Жилийн 0.8 хувийн хүүтэйгээр 20 жилийн хугацаанд төлж барагдуулах ажээ. М.Такаока хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай эдийн засаг, төсвийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцож, төсвийн нөхцөл байдлыг шинэчлэх, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээг Япон Улсын Засгийн газар сайшаан дэмжиж, гурван жилийн хугацаанд 850 сая ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд байгаа билээ. Өнөөдөр үзэглэсэн Солилцох ноот бичигт дурдсан санхүүгийн дэмжлэгийн дээрх 850 сая ам.долларын гуравны нэг нь юм” гэлээ. Манай улс эхний зургаан жилдээ үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж байгааг Д.Цогтбаатар сайд онцлов.

М.МӨНХ

Онцлох нийтлэлүүд