ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2017.05.17 12:05

Японы гүнж хэргэм зэргээ алдахад хүрчээ

Японы эзэн хаан Акихитогийн анхны ач охин, ханхүү Акишиногийн том охин, гүнж Мако их сургуулийнхаа ангийн залуутай гэрлэхээр болсныг эзэн хааны ордны захиргаа өчигдөр зарласан байна.

Тэр хоёр хоёулаа 25 настай бөгөөд найз залуу Комуро ньТокиогийн Хитоцубаши их сургуулийг дүүргэсэн, хуулийн компанид ажилладаг Кэй Комуро гэгч юм байна. Эзэн хааны дөрвөн ач, зээ нараас анх удаа гэрлэх гэж байгаа нь Мако аж.

Таван жилийн өмнө хосууд нэг сургуульд хамт сурч байхдаа танилцаж, сүүлд Комуро гүнжид гэрлэх санал тавьсан байна. Ордны хуулиар хааны гэр бүлийн эмэгтэйчүүд жирийн хүнтэй гэрлэвэл язгууртны хэргэмээ алддаг.

Тиймээс Маког гэрлэсний дараа хааны гэр бүлийн язгууртнуудын тоо 18 болж буурах ба эмэгтэйчүүдийн тоо 13 болох юм. Ийм маягаар хааны гэр бүлийн гишүүдийн тоо цөөрсөөр байгаа тул эмэгтэйчүүд нь энгийн хүнтэй гэрлэхэд язгуур хэргэмээ алддаггүй, өөрийн ургийн салбарыг үүсгэдэг байх хуулийн төслийг гол сөрөг хүчин болох Ардчилсан нам дэвшүүлээд байгаа юм байна.

Гэвч эрх баригч Либерал Ардчилсан нам энэ саналд дуртай биш байгаа гэнэ. Гүнж Мако нь 2010 оноос Токиогийн Олон улсын Христийн Их сургуульд урлагийн чиглэлээр суралцсанаараа их сургуульд сурсан хааны гэр бүлийн анхны гишүүн болжээ.

Макогийн 22 настай дүү, гүнж Како эгчтэйгээ ижил сургуульд суралцаж байгаа. Харин 10 настай эрэгтэй дүү, ханхүү Хисахито нь түүний үеийнхнээс цорын ганц эрэгтэй язгууртан болж байна. Одоогийн эзэн хааны титмийг залгамжлах нэгдүгээр хүн нь ханхүү Нарухито, хоёрдугаар хүн нь Макогийн аав, ханхүү Акишино бол Макогийн дүү, ханхүү Хисахито нь гурав дахь хүн юм.

Онцлох нийтлэлүүд