ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2014.06.20 08:06

Япон, Грек гоолгүй тэнцлээ

ДАШТ-ий С хэсэгт өрсөлдөж буй Япон, Грекийн шигшээ багуудын тоглолт 0:0-ийн харьцаа “хуурай” тэнцлээ. Ингэснээр хоёр баг нэг, нэг оноотойгоор С хэсгийн сүүлийн байранд бичигдлээ. Хоёр багийн тоглолтын 38 дахь минутад Грекийн шигшээ багийн хагас Констатинос Кацуранос хоёр дахь шар хуудасны алдаа гаргаснаар талбайг чөлөөлснөөс өөр сонин гойд зүйл болсонгүй. Хүний илүүтэй болсон Япончууд хоёрдугаар хагаст бөмбөгийг илүүтэй эзэмшиж, гоол оруулахыг хичээсэн боловч Грекийн хүчирхэг хамгаалалтыг давсангүй. Энэ тоглолтод Япон 24 удаа Грекийн хаалга руу цохисон ч гоол оруулж чадсангүй.

Одоогийн байдлаар ДАШТ-ий хамгийн сул хэсэг болох С хэсгийг зургаан оноотой Колумбын шигшээ тэргүүлж, гурван онооны Кот Д’Ивори хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Япон, Грек нэг оноотойгоор сүүлийн байранд бичигдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолтод Японы шигшээ Колумбтай,  Грекийн шигшээ Кот д’Иворитой тоглох хуваарьтай.

Грекийн шигшээ Японтой 0:0-ийн харьцаатай тэнцсэнээр ДАШТ-ий түүхэндээ анх удаа хаалгандаа гоол алдаагүй тоглолт хийлээ. Мөн Грекчүүд ДАШТ-ий сүүлийн найман тоглолтоос хоёр дахь удаагаа эсрэг багаасаа оноо салгалаа. Тэд 2010 онд Нигерийн шигшээг 2:1-ийн харьцаатай хожиж,  ДАШТ-ийхээ анхны бүтэн гурван оноог авсан түүхтэй.




Онцлох нийтлэлүүд