2021.01.28 08:01

Яруу найрагч Р.Лхамрагчаа: Суут их Чингис хааны хошууч баатар домогт Урианхайн Сүбээдэйд зориулсан хөлгөн туульсаараа “Алтан-Өд”-ийн эзэн боллоо

Нийтлэлч: Норовын Гантулга

Дархан-Уул аймгийн Утга зохиолын салбарын эрхлэгч, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Ринчендоржийн Лхамрагчаатай ярилцлаа. Тэрээр “Сүбээдэй баатар“ туульсын найраглалаараа оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагнал хүртсэн юм.


-Хамгийн олон өрсөлдөгчтэй яруу найргийн төрөлд “Алтан-Өд”-ийн шангнал хүртлээ. “Сүбээдэй баатар” хөлгөн туульсын бүтээл тань шуугиан тарилаа. Ер нь яруу найрагт ийм хэмжээний хөлгөн туульсын бүтээл гаралгүй удсан байх?

-Суут их Чингис дөрвөн хошууч баатрын нэгэн Урианхайн Сүбээдэй баатрын тухай хөлгөн туульс бүтээж утга зохиолын дээд шагнал “Алтан-Өд”-ийн эзэн болсондоо баяртай байна. Сүбээдэй бол Монголын гурван их хааны төрд хүчин зүтгэсэн, жанжны суу билгээрээ эгнэшгүй, Урианхайн их хөвүүн, Монголын түүхэнд тодорсон домогт баатар юм. 14 наснаасаа Чингис хаанд хүчин зүтгэж, тархай бутархай эсгий туургатныг нэгэн дор нэгтгэлцэн, Зүрчидийн Алтан улсыг мөхөөж, Тангудын бач омог, Сартуулын давилуун Султаныг номхотгосон гавьяатай. Чингис хаан болоод есөн өрлөгүүд бүгд бие барсны хойно үйлсийг нь залган үргэлжлүүлж Кипчакийн уудам тал нутаг, Ижил мөрнөөс авахуулаад бүх Оросыг эзлэн дийлж, баруун Европын зүрхэнд шар ус хуруулж явсныг бид түүхээс мэднэ дээ. Энэ домогт баатрын тухай нэг сайхан ном гаргахсан гэх бодол надад эртнээс төрсөн. Гэхдээ яг тэгж ингэж бичье гэж төлөвлөөгүй. Харин 2013 оны өвөл хэдэн өдөр дараалан шүлэглэж бичсэн. Тэр цагаас үүнийгээ яг энэ хэв шинжийг нь алдалгүй баримталж, томоохон бүтээл болгох юм байна гэдгээ мэдэрч, төлөвлөсөн. Миний хувьд бага балчраасаа түүхийн ном зохиол сонирхож шимтэн уншдаг байсан маань гол нөлөө болсон. Үндсэндээ түүхийн суурь мэдлэгтээ дулдуйдан яруу найрагчийнхаа сэрэл сэрэхүйгээр туушиндаж бичсэн. “Монголын нууц товчоо”-ноос авахуулаад гадна дотнын холбогдох бүхий л түүх шашдир, ном бүтээлийг сөхөж харах, унших гээд л миний хувьд судалгаа болж хувирсан. Олон талаас нь жишиж, харьцуулж бодож байгаад яаж бичихээ шийдэх нь мэдээж. Ингээд 2020 оны сүүлийг бараг л мушгиж эх бэлтгэл дээр нь бүтэн жил сууж, ажил амьдралынхаа хажуугаар зүтгэж байж л үр дүнг нь харлаа. Ер нь түүхэн сэдэвтэй бүтээл бол түүхийг гоёчлох, хэт уран сайхны халилд хэтийлгэх, зохиомжлох гэсэн асуудал байж болохгүй. Түүхэн зохиол түүх өөрийнхөө үнэн товчооллоороо хашиж байдаг, хэрхэн амилуулах нь тэр хүний авьяас чадвар. Эл бүтээлийн минь үнэ цэнэ болоод хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн явдалд баярлаж буй минь энэ. Сонирхуулахад, отгон хүүг маань Сүбээдэй гэдэг. Одоо хоёрдугаар ангийн сурагч таваргаж явна.

-Таны хувьд уран бүтээлээ хэдий үеэс эхэлж байв. Утга зохиолын амь халуун багш нарынхаа тухай дурсахгүй юу?

-Би хүүхэд ахуй цагаасаа л ном сонинтой нөхөрлөж, дунд сургуульд байхын шүлэг бичиж эхэлсэн. Сургуульд орохоос өмнө уншдаг болсон байсан. Сургуулиас мөн сумын захиргаанаас зохион байгуулсан шүлэг найргийн уралдаанд идэвхтэй оролцож тэрүүхэндээ түрүү магнай ч болж л явав. Анхны багш гэвэл аав маань, буурал ижийгээ бас нэрлэнэ. Миний аав сэхээтэн хүн. Аавынхаа захиалж уншдаг ном сэтгүүлийн хоёр дахь уншигч нь байсан юмуу даа. Дээр нь надад ном их авч өгнө. Төрсөн өдрөөр аав байнга ном бэлэглэнэ. Энэ бүхэн их нөлөө болсон байх. Аавын маань ээж 1912 онд төрсөн, дөрвөн ч төрийн нүүр үзсэн азай буурал байлаа. Бид эцэг эхээс наймуулаа. Харин би гол төлөв буурал ээжтэйгээ багаасаа ойр, хамт байдаг байсан. Голцуу хоёулхнаа ганц гэр зэлүүд шахам нутаглана. Үлгэр домгоос авахуулаад сонин хачин хууч яриаг намайгаа хүүхэд гэж гололгүй, унтах нойроо хугаслан байж хөврүүлнэ шүү дээ. Утга зохиолын хувьд бол МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Төмөртогоо багштайгаа утга зохиолын сэжим сэнжигээр холбогдож Дарханы утга зохиолын салбарын зохиолч найрагчиддаа намайг танилцуулж үүдийг нээсэн нь 1999 оны үе юм даа. Анхны шагнал, анхны ном гээд гэгээн сайхан он жилүүдийг минь асууж байна. Анх шүлгээ уншсан найргийн наадам их бэлгэшээлтэй санагддаг. Хоёр мянга нэг оны хавар цэргийн баяраар зохиосон цэрэг эх орны сэдэвт найргийн наадамд "Жагсаалын цэргийн өчил" хэмээх шүлгээ уншиж хоёрдугаар байрт шалгарч байсан минь цээжинд тодхон. Авьяас билигт найрагч “Олон түмэнд алдаршаагүй Оросоогийн Ганболд” ах маань тэргүүлж байсан удаатай. Манай Дарханы мундаг уран бүтээлчид, хууччуул дунд болоод залуу үе тэгэхэд бүгд л шижигнэж, бужигнаж асан бас л сайхан үе л дээ. Анхны ном “Унасан нутагтаа өргөх шүлэг” маань 2004 онд хэвлэгдэж, Алтай сайхан нутгийн минь яруусал, Хасагт хайрханы өлзий буян намайг түшиж сум орны “Алдартан” болгож өргөмжилсөн нь бас их хайр, үүрэг ачаа нэмсээн.

-Тэр жил Дарханы утга зохиолын их ойд Намбарын Пүрэв найрагч бид хоёр очиж, танай наадмыг шүүж, Цэвээнгэрэл ах минь цом гардаж мөн ч сайхан баяр болж билээ сэн?

-Тийм ээ, эрхэм дүү минь. 55 жилийн түүхт ой минь маш сайхан болсон. Энэхүү түүхэн тэмдэглэлт үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан МЗЭ-ийн удирдлагад бид бүгд маш их талархсан. Дархан-Уул аймгийн утга зохиолын салбар 1964 онд анх байгуулагдсан цагаас авахуулаад өдийг хүртэл Монголын утга зохиолын үе үеийн сод төлөөллүүд бүтээн туурвиж, ажиллаж амьдарч байснаараа онцлог бөгөөд бахархалтай. “Гал” шүлгээрээ анхны цахиурыг хагалсан Л.Нацагдорж, “Уянга цагаан хуруу” дууны эзэн П.Авирмэд, их утга зохиолын ноён оргилуудын нэгэн Санжийн Пүрэв гуай, алдарт зохиолч Зо Па Жингийн Баттулга, “Зулзаган цагаан хус” дууны эзэн Б.Сосорбарам, нэрт зохиолч И.Гүрринчин, Ш.Сүрэнхор гээд олон буурлууд манай анхдагчид юм. Жамъянгийн Болд-Эрдэнэ, О.Ганболд, Г.Баатар, Ц.Цэнд, Б.Норовсамбуу, Д.Цэвээнгэрэл, Д.Цэрэндаваа, М.Уянсүх гээд бүгдийг нь нэрлэнэ гэвэл барагдахгүй. Энэ бүх зохиолч найрагчидтай нэгэн үед ихэнхтэй нь хамт байж, харилцан шүлгээ уншицгааж бүтээн туурвиж буйдаа бахархдаг. 2008 онд Д.Нацагдоржийн шагналт М.Уянсүх “Шүлгэн гэрэгэ мину” номыг маань уран бүтээлч хүнээс л гарах сэтгэл зүтгэлийг өвөртлөн хянан тохиолдуулж, өмнөтгөл бичиж, аймгийн “Оны шилдэг ном”-оор шалгарсан торгон дурсамж бас байдаг л юм. Манай утга зохиолын нэгдлийг салбарын хэмжээнд өргөжүүлж олон жил тэргүүлж, утга зохиол, яруу найргийг хөгжүүлэх үйлсэд их хувь нэмрийг оруулсан хүн бол МЗЭ-ийн шагналт найрагч Цэвээний Цэнд яриангүй мөн. Миний дотно ах, морьтон түмний бахдал болсон монгол наадмаараа овоглосон Цэвээнгэрэл байна, мөн ч хүнлэг найрагч юм шүү дээ. За тэгээд “Сонгодог зүгээс Бурхан зүг” хүртэл дайдыг хэмжсэн Ланзадын Мөнхбаатар найрагч маань байна.

-“Чинад гилтрагч”, “Виллам” гэдэг ч юм уу, таны шүлгийн номууд нэрнээсээ аваад содон байдаг. Хөөдөөгийн Эрдэнэбатар найрагч таны тухай их л халуун дулаан бичсэнийг санах юм?

-Ер нь бол бусдаас онцгойрохдоо ч нэг их гол биш, өөр өөрт заяагдсан өгөгдөл, шуудхан хэлэхэд тухайн уран бүтээлчийн өөрийн дотоод сэтгэхүй, сэрэхүй мэдрэмж. Түүнийгээ л уудалж буй хэрэг. Хамгийн гол нь үнэлэмж гэхээсээ тэр яруу найраг мөн биш ч гэх юмуу, одоо ийшээ ч явж байна, тийшээ явж байна гэх юм уу, аль эсвэл тэр сайн, тэр муу гэх мэтэд ач холбогдол, дүгнэлт өгөх нь сонин биш л дээ. Цаг үеийг цаг хугацаа өөрөө л дэнсэлнэ. Номын нэр өгөх дээр бид бас муугүй бодож байж шийд гаргана шүү. Монголын үе үеийн найрагчдын бүтээл туурвилыг тэр энэ гэлгүйгээр оюуных нь охь юунаас таалан хүртдэг. Манай монгол яруу найргийн яалт ч үгүй нэгэн сайхан хэв шинж нь цэц холбох. С.Дулам багш, Хөөдөөгийн Эрдэнэбаатар, М.Уянсүх, Б.Норовсамбуу нарын найрагчид миний бичсэн бүтээл туурвилын өмнөтгөлд энэхүү онцлогийг маань зүгээр ч нэг дурдаагүй болов уу гэж санана. Р.Чойном, Б.Доржпалам, Д.Пүрэвдорж гээд суут цэцдийн бүтээлийг уншаад суух ч бас л сайхан. Ер нь манай ард түмэн чинь цэцэн билгээрээ алдартай. Бидний үед хүссэн, хүсээгүй монгол хүний тэр сайхан заяагдмал чанар нь мөнх юм. Хамгийн гол нь сайн унших, тэр эрдэм мэдлэгээрээ өөрийгөө хурцлах, хөгжүүлэх, аливаад ноён нуруутай хандах нь чухал болов уу. Урианхайн их найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатар, Халхын их найрагч Пүрэвийн Бөхбат хоёртой би зүрх сэтгэл болоод уран бүтээлийн хувьд ойр явсан. “Виллам” номыг баруун Урианхайн их уулсыг эзэгнэнхэн төрсөн найрагч оршоож, намайгаа өргөж байсан. Тэр хоёртоо зориулсан шүлгийн мөрүүд бүхнийг гэрчлэх биз ээ.

Сая би Бямбын Ринчен гуайн “Заан Залуудай”-г дахин уншлаа, Р.Ю.Почекаевын “Бат хаан”-ыг уншлаа. Мөн шинээр хэвлэгдсэн “Монголын эзэнт гүрний түүх” 5 ботио зав зайгаараа халиаж л байна. Шинэчлэл ихтэй, манай улсын шилдэг ахмад болоод, залуу түүхчдийн судалгаа, шинжилгээ, түүхэн шинэ баримт, хариулт нотолгоо гээд их олон талын дүгнэлттэй шастир юм аа, арга байхгүй. Сүүлд нь хэлэхэд, “Сүбээдэй баатар” хөлгөн туульсыг минь энэ цагийн хэл шинжлэлийн ноён оргилуудын нэг, ардын багш Сэндэнжавын Дулам, түүхийн талаас нь миний хүндэт багш профессор Б.Балжинням, цэргийн түүхч Х.Шагдар гуай, түүхийн шинжлэх ухааны доктор Д.Идэр нар харилцан зөвлөлдөж, түүхэн сурвалжуудыг нягтлан шүүрдэж, санал бодлоо хуваалцан урмын үгээр мялаасан нь уран бүтээлч надад нэр төрийн хэрэг байлаа.