ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2020.02.17 08:02

Я.Нямдорж: Коронавирусээс айж сандрах зүйл байхгүй


Хүн судлалын Шинжлэх ухааны доктор Я.Нямдоржтой ярилцлаа.


-Шинэ коронавирус яаж үүссэн гэж бодож байна вэ?

-Шинэ коронавирусийн халдвар Хятадын Хэбэй мужийн Ухань (Бухань) хотын амьд амьтан зардаг хүнсний захад анх гарч ихэнх тохиолдол нь Дундад улсад дэгдэж байгаа ба өнөөгийн байдлаар нийт 28 оронд тархаад байна. Энэхүү вирусийг “2019 нСоВ” буюу “Шинэ Kоронавирус 2019” хэмээн өмнө нь дэлгэрч байсан бусад коронавирусийн халдваруудаас ялган нэрлэж байгаа юм. Коронавирус нь гол төлөв амьтанд байдаг бүлэг вирус бөгөөд олон төрөл хэлбэртэй. Гэвч түгээмэл тохиолддог олон тооны халдвар нь коронавирусээс үүсэлтэй бөгөөд хүмүүс амьдралынхаа явцад энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн халдвараар нэлээд өвчилдөг. Одоо дэгдээд байгаа коронавирус нь мутаци (генийн өөрчлөлт)-д орсон хүнд хэлбэрийн коронавирусээр үүсгэгджээ. Ихэнхдээ вирусүүд нь тухайн биологийн биет, биологийн тодорхой зүйлд л тохиолддог. Жишээлбэл, Хүнд байх вирус хүндээ байх ба голдуу муур, нохой зэрэг биологийн өөр зүйлд нөлөөлдөггүй. Амьтанд байх вирус хүнд нөлөөлөхгүй, тухайн амьтандаа л байх жишээтэй. Хэрвээ коронавирусүүд нь мутацид орж хэлбэрээ өөрчлөөгүй л бол эдгээр вирус амьтанд амьдарч хүнд аюул учруулахгүй.

-Тэгвэл яаж амьтнаас хүнд тархсан юм бол?

-Вирусийн тодорхой ресептор (хүн ба амьтны эс дэх вирус хүлээн авах цэг)-ууд нь бидний бие дэх ресептортой тохирч нийцсэнээс одоо эдгээр вирус нь бидэнд аюул учруулж байна. Энэ удаад “Шинэ Kоронавирус 2019” нь сарьсан багваахайнаас үүссэн гэгдэж байгаа. Энэ нь нэг л сарьсан багваахайнаас үүсээд тэрхүү мутацид орсон сарьсан багваахайн вирус хүнд дамжиж, тэр нь цаашаа дахин мутацид орж хүнээс хүнд түгэн халдварласан байх магадлалтай. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд ийм байгаа юм.

-Халдвар авангуутаа шинж тэмдэг нь илэрдэггүй гээд байгаа шүү дээ?

-Энэ вирусийн хамгийн их халдвартай үе нь өвчтөний халуурах, ханиах, найтаах, хоолой өвдөх, амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг идэвхтэй илэрч байгаа үе нь гэж мэргэжилтнүүд тодорхойлж байна. Гэтэл уг вирусийн халдварын тодорхой шинж тэмдэг илрээгүй хүмүүс ч бас халдвар тарааж байгаа гэсэн зарим нэг мэдээлэл байна. Гэхдээ энэ нь батлагдаагүй. Хамгийн аюултай нь бид энэ вирусийн тухай ойлголт дутмаг байгаа ийм цаг үед энэ вирус маш хүчтэй дэгдэж байна. Тийм ч учраас ДЭМБ онц байдал зарлалаа. Манай Засгийн газар, Онцгой байдлын алба, ЭМЯ цаг хугацаа алдалгүй хөл хорио тогтоох арга хэмжээ авсан нь цаг үеэ сайн мэдэрсэн, нэн шаардлагатай арга хэмжээ болсон. Тийм ч учраас халдварын тархалтыг хазгаарлаж, одоогоор энэхүү аюулт вирус манай улсад бүртгэгдээгүй байна.

-Олон төрлийн коронавирус байдаг гэлээ. Өмнө нь дэлхийд ямар байдлаар илэрсэн вирусүүд бий вэ?

-Тухайлбал, 2002 оны арваннэгдүгээр сараас эхлэн БНХАУ-д эхэлж дэлгэрээд, 29 оронд халдвар нь бүртгэгдсэн САРС (Хүнд, хурц хэлбэрийн амьсгалын замын халдвар) хэмээх коронавирус нь сарьсан багваахайнаас муурын төрлийн заарт амьтанд халдварлаж улмаар хүнд дамжсан болно. Нийт 8098 тохиолдол гарч,774 хүн нас барж, үхлийн тохиолдол 9.6 хувьтай байсан. 2012 оны есдүгээр сараас эхлэн анх Саудын Арабад дэлгэрээд, 27 оронд халдварласан МЕРС (Ойрхи Дорнодын амьсгалын замын халдвар) хэмээх коронавирус юм. Ганц бөхтэй тэмээнээс хүнд халдварласан гэж үздэг. Уг вирусийн хоруу чанар маш их байсан. Нийт 2494 тохиолдол бүртгэгдэж 858 хүн нас барсан. Үхлийн тохиолдол 34.4 хувьтай байсан. Өнөөдөр дэлхийн 28 орон, бүс нутагт дэлгэрээд байгаа “Шинэ Kоронавирус 2019” нь дэлхий даяар 45171 хүнд халдварласан тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 8116 хүний биеийн байдал нь одоо маш хүнд, хүнд байгаа ба 1115 хүн нас барсан. Үхлийн тохиолдол одоогоор 2.5 хувьтай байна. Араас нь Япон улсад 203 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн эдгэрэн эмнэлгээс гарсан мэдээллийг би өөрийн эх сурвалжаар дамжуулан аваад байгаа. Энэ нь өчигдөр өглөөний 07:21 минутын байдлаар авсан мэдээлэл байгаа юм. Гэхдээ бид сандрах, аймшигтай мэдээ баримтад хэт анхаарлаа хандуулж, олон түмнийг сандаргах хэрэггүй.

-Өвчний тархалт хэрхэн явагдаж байгаа талаар таамаг байна уу?

-Ер нь энэ өвчний тархалтыг нэлээд өөр өнцгөөс харах хэрэгтэй байна. Томуу, томуу төст өвчнөөс болж нас барж буй хүний тоо нь шинэ коронавирусийн нас баралтын тоотой харьцуулахад хэдэн зуун мянга дахин их. ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дахинд жилд дунджаар 290,000-650,000 хүн томуу, томуу төст вирусийн хавдвараар нас бардаг. Дэлхий даяар 795-1781 хүн нэг өдөрт нас бардаг. Үүнээс ойролцоогоор 10 хувь нь буюу 30,000-60,000 хүний нас баралт манай дэлхийн хамгийн шилдэг эмнэлэгтэй гэгддэг АНУ-д тохиолддог юм байна лээ. Жилийн дөрвөн улиралтай Монгол оронд өвөл болоход флю (томуу, томуу төст өвчин)-ий улирал эхэллээ гэж ярьдаг. Хамгаалах вакцин ч гарсан. Энэ бол жил бүр бидэнд тохиолддог гамшиг. Гэтэл бид сүйд болтлоо сандардаггүй, хяналтаас гараад явчихна гэж нэг их боддоггүй. Яагаад гэхээр энэхүү үйл явдал жил бүр болж байдаг, нэг ёсны дасал болсон зүйл юм. Гэтэл энэхүү “Шинэ Kоронавирус 2019”-ын талаарх үл мэдэгдэх байдал, дэлхийг хамарсан пандемик халдвар болох аюул, вакцин хийхэд наанадаж нэг жил хэрэгтэй байгаа зэрэг нь биднийг маш их болгоомжлоход хүргэж байгаа.

Энэ вирусийн халдвар нь жижиг агаар дуслын замаар халддаг гэж үзэж буй. Вирусийн нянгийн халдвар авсан нэг хүн 4.08 хүнд халдаадгийг шинэ судалгаа харуулж байна. Халдвартай нэг хүн найтаахад нэг хэсэг нян ойролцоогоор хоёр метр орчим газар үсэрхийлдэг. Харин уг вирус хэдий хугацаанд идэвхтэй байдаг нь одоогоор тогтоогдоогүй. Хэдэн цаг, магадгүй хэдэн өдөр хоруу чанараа хадгалдаг байж болно.

-Тэгэхээр уг вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

-Нэгдүгээрт, Та анхаарал болгоомжтой байх ёстой. Гараа савантай бүлээн усаар хамгийн багадаа 20 секунд орчим угаах, эд зүйлсийн гадаргуу, хаалганы бариул зэргийг сайн арчиж цэвэрлэх шаардлагатай. Гараа ингэж угаахаас өмнө нүүр, нүд, хамар, чих болон биеийн аль нэг хэсэгт шарх байвал тийм газартаа гараа бүү хүргээрэй. Гараар халдвар дамжих магадлал хамгийн их. Гар ариутгагч шингэн гар дор байвал хэрэглэж болох ч тэдгээр нь ихэнхдээ бактерид зориулсан учраас вирусийн хувьд төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна. Мөн амны хаалтаа зүүж хэвших хэрэгтэй. Хоёрдугаат, Зайлшгүй л биш бол бүү аял. Өвчтэй хүмүүсээс хол бай. Гудамжинд явах, албан ажил дээрээ байхдаа бусад хүмүүсээс хоёр метр орчим зайд байхыг зөвлөж байна. Нисэх, аялах, олон хүнтэй газар очих нь халдвар авах боломжийг үлэмж их болгоно. Ер нь хүн ихтэй газраас хол байх ёстой. Нялхас, өндөр настан, дархлаа нь суларсан хүмүүс халдвар авах, цаашилбал нас барах магадлал их өндөр байдаг. Гуравдугаарт, Өөрийнхөө дархлааг эрчимтэй тэтгэн дэмжих нь зүйтэй. Зөвхөн биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөс гадна чанартай хоол хүнс идэж, амар тайван байх, хангалттай унтаж амрахаас их хамааралтай. Та санамсаргүй тохиолдлоор энэ вирустэй учирч болно. Харин Таны бие махбодын халдвар авах эсэх нь санамсаргүй тохиолдол биш юм.

-Шинэ коронавирусээр өвчлөн нас барагсдын насны талаар нэгэн зүйл ажиглагдсан гэж байсан. Юу ажигласан юм бэ?

-Өмнөх вирусийн халдварын улмаас нас барагчдын нас зүйн ерөнхий зүй тогтолтой “Шинэ коронавирус 2019”-өөр нас барагчдын насыг харьцуулахад анхаарал татахуйц байдал ажиглагдсан. Дундад Улсын Үндэсний Эрүүл Мэндийн Комисс (ДУҮЭМК)-оос нас барагсдын насны байдлыг анх мэдээлсэн нэгдүгээр сарын 22-ны 00:00 цагийн байдлаар 48-89 настай 17 хүн нас барсан. Тэдгээр нас барсан хүмүүсийн дундаж нас нь 75, эрэгтэй 13, эмэгтэй 4 байсан гэж мэдээлсэн. ДУҮЭМК-ийн өөр нэг мэдээгээр нас барагчдын 80 хувь нь 60-аас дээш настай, 75 хувь нь зүрх судас, чихрийн шижин зэрэг суурь өвчтэй, 71 хувь нь эрэгтэй хүмүүс байлаа гэж мэдээлсэн. Бас өөр нэг мэдээнээс харахад бүх насны хүмүүс халдвар авч байгаа ч нялхсын эндэгдэл харьцангуй бага байгаа тухай мэдээлж буй нь анхаарал татаж буй.

Өвлийн улирлын томуу, томуу төст өвчний вирусийн дэгдэлтийн үед хамгийн нялх балчир хүүхэд, хамгийн өндөр настан, янз бүрийн шалтгааны улмаас (суурь өвчин) дархлаа нь суларсан хүмүүс илүүтэй өртөгдөж, нас бардаг. Ялангуяа хоол тэжээлийн дутагдалтай, хүнд өвчтэй хүмүүс ямар нэгэн вирусийн халдвар авч улмаар үхэлд хүрэх аюултай. АНУ-ыг бид хамгийн шилдэг эрүүл мэндийн системтэй, шилдэг технологитой орон гэж үнэлдэг. Томуугийн вакцин ч гэсэн тэнд хамгийн их хийгддэг мэдээ байна. Гэтэл томуу, томуу төст өвчнөөр нас барагсдын тоо тэнд дэлхийн дунджаас ойролцоогоор хоёр дахин их байна гээд бодоход хачирхалтай байгаа биз.

-Яагаад тэр вэ?

-Энэ бол нийт хүн амын өвчин эсэргүүцэх чадавх буюу биеийн дархлаагаа сайжруулах, дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, эрүүл хооллох, стресс багатай амьдрахтай холбоотой болов уу. Уг өвчнөөс сэргийлж халдвар авахгүй байхын тулд гурван төрлийн зөвлөмжийг анхаарвал зохистой. Нэгдүгээрт, хоол ундаандаа хэрэглэж байгаа сахарын хэрэглээг хязгаарлах, болж өгвөл огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Сахар нь хүний дархлаа, өвчин эсэргүүцэх чадварыг үлэмж бууруулдаг. Нөгөө талаас сахар нь бүх төрлийн эмгэг үүсгэгч ялангуяа вирус, бактерийн өсөн үржих тааламжтай орчинг бий болгож шим тэжээл нь болдог. Сахар бие махбодын дархлааг дарангуйлна. Дарангуйлагдсан дархлаа нь бие махбодыг халдварт өртөхөд амар хялбар болгоно. Хоёрдугаарт, бүх төрлийн бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх.Эдгээр бүтээгдэхүүн нь их хэмжээний сахар агуулж байдаг боловч бараг шим тэжээлт бодис, бие махбодод зайлшгүй чухал хэрэгтэй витамин, эрдэс агуулдаггүй. Бага хэмжээний илчлэгийг эс тооцвол, тэдгээр бүтээгдэхүүнд хүний бие махбодод шаардлагатай нян, бактери эсэргүүцэх, дархлааг тэтгэх шим тэжээлт бодис агуулагддаггүй. Гуравдугаарт, стрессээс зайлхийх хэрэгтэй. Уурлах, муу юм бодох, бусадтай маргах зэргээр стрессдэх нь дархлааг үлэмж ихээр бууруулна. Улмаар энэ нь өвдөх, халдвар авах боломжийг ихэсгэнэ. Хүний мэдрэлийн систем нь стресстэй тэмцэх эсвэл зайлан зугтах механизм бүхий симпатик мэдрэлийн систем, амар тайван байх, тэтгэн дэмжих, эдгээн анагаах парасимпатик мэдрэлийн систем гэсэн үндсэн хоёр хэлбэртэй. Хүн амар тайван, стрессгүй байхад бие махбодын дархлаа үлэмж ихээр сайжирна. Пандемик үр дагаварт хүргэж болох

“Шинэ Kоронавирус 2019” вирусийн халдварын учрыг олтол парасимпатик мэдрэлийн системээ давамгайлсан амьсгалын дасгалыг байнга хийх хэрэгтэй. Энэ дасгалыг тайван орчинд дөрөв секунд орчим амьсгаагаа гүнзгий авч, буцааж амьсгаагаа таван секунд орчим гүнзгий гаргана. Энэ нь цусны даралт ихсэх зэрэг олон өвчинд тустай. Хамгийн гол нь таны бие махбодын өвчин, нян, бактери эсэргүүцэх чадавхыг ихээхэн сайжруулж идэвхжүүлнэ. Ийм дасгалыг өдөрт хоёр удаа 5-6 минутын туршид хийх нь сайн.

Мөн өдөрт тогтмол хоёр удаа бясалгал хийгээрэй. Мөн сайхан агаартай орчинд өдөрт 2-4 км газар тайван алхаж болно. Ялангуяа ахмад хүмүүс дээрх вирусийн халдвар авах нь их байгаа учраас биеэ туйлдуулсан дасгал хөдөлгөөн хийхгүй, зөвхөн зөөлөн тайван алхах нь илүү ач холбогдолтой. Туйлдуулсан дасгал хөдөлгөөн нь стрессийн нэг хэлбэр юм. Энэ нь хүний биеийн дархлааг улам дарангуйлна.

-Тэгэхээр ард иргэддээ айж сандрах зүйл байхгүй. Томуу, томуу төст өвчин шиг эдгэрэх өвчин учраас стрессдээд хэрэггүй л гэж хэлэх гээд байна аа даа?

-Яг тийм. Энэхүү вирусээс айж сандрах зүйл байхгүй. Сандрах, айх нь стрессийн бас нэг хэлбэр бөгөөд бас л дархлааг тань дарангуйлна. Тайван эерэг хандлагатай байх нь маш чухал. Янз бүрийн хүмүүсийн ам дамжсан яриаг сонсох хэрэггүй. Харин ДЭМБ болон Монгол Улсын ЭМЯ-ны мэргэжлийн хүмүүсийн мэдээлэл, зөвлөгөөг сонсож ахуй амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн нь таны амьдралыг эерэг сайхан болгоно.

Ингэснээр дээрх коронавирусийн дэгдэлтүүд, улирлын томуу, томуу төст нянд өртөлгүй үлдсэн хүмүүсийн нэг нь байх бүрэн боломжтой. Энэ бол Английн аугаа их эрдэмтэн, байгаль судлаач Чарльз Дарвины онол амьдрал дээр хэрхэн бодит байдлаар хэрэгжиж байдгийн нэг илрэл болно.

Онцлох нийтлэлүүд