ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2020.01.18 12:01

Ё.Баатарбилэг: Тайван амгалан байж болно, театруудыг нураахгүй


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Монгол тэмүүлэл сургууль болон 133 дугаар сургуулийн маргааныг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Монгол тэмүүлэл, 133 дугаар сургуультай холбоотой маргаан жил шахуу үргэлжиллээ. Хоёр тал байр сууриа илэрхийлсэн. Тэр хичээлийн байранд Монгол тэмүүлэл, 133 дугаар сургуулийн 4000 гаруй сурагчид хичээллэж байна. Тэгэхээр олон улсын стандартын дагуу цөөхөн хүүхэдтэй сургуулиа шилжүүлээд шинэ хичээлийн байртай болгохоор хичээлийн байрны зураг төсөл хийгдээд улсын төсөвт суучихсан. "Монгол тэмүүлэл" дунд сургуулийн эцэг, эхчүүд болон яамны төлөөлөл ХҮДС-ийн энэхүү байртай танилцсан. Хичээл сургалт явуулахад бүрэн боломжтой байр байна гэж санал сэтгэгдлээ илэрхийлсэн. 2000 мкв байр буюу одоогийн сургуультай нь адилхан гэсэн үг. Тус сургуулийн шинэ байрны барилгын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ. Харин 133 дугаар сургуулийн хувьд 3000 сурагчтай, 3-4 ээлжээр хичээллэж байгаа учир тэр олон сурагчийг шилжүүлэх ямар ч боломж байхгүй. Тэр сургуулийн өргөтгөлийг барьж байгаа. Ямартаа ч 2020-2021 оны хичээлийн жилд энэ хоёр сургуулийн хичээлийн байр бүрэн шийдэгдэнэ. Эцэг, эхчүүд үүнийг сайтар ойлгох хэрэгтэй байна. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сурагчдын амрах хугацааг долоо хоногоор сунгасан. Энэ жил Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын хүрээнд утаа, агаарын бохирдлын асуудал 50 орчим хувиар буурсан. Тиймээс агаар орчны бохирдолтой холбоотой амьсгалын замын өвчин харьцангуй гайгүй байна гэж Эрүүл мэндийн яам онцолж хэлсэн. Хүүхдүүдийн ханиад томуутай холбоотой асуудал нэлээд санаа зовоож байгаа.

-ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажил юу болж байна вэ?

-Би өнгөрсөн аравдугаар сард Байгалийн түүхийн музей дээр мэдэээл хийхдээ хэлсэн. ДБЭТ, УДЭТ, Төв номын санг шинэчлэх ажлыг зогсоолоо. Маш их улстөржиж байна гэдэг мэдээлэл хийсэн. Өнөөдөр энэ байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Тухайн үед дээрх гурван байгууллагын ажилтнууд хэвлэлийн хурал хийн манай салбарт оруулж ирж байсан хөрөнгө оруулалтыг зогсоож байгаа нь буруу, энэ ажлыг үргэлжлүүлж өгөөч. Тоног, төхөөрөмжийн шинэчлэл, уран бүтээлчдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах гээд олон асуудлууд байгаа. Соёлын салбарт сүүлийн олон жил хийгдээгүй энэ ажлыг зогсоомооргүй байна гэсэн хүсэлт тавьсан. Одоо улсын төсөвт Улсын Драмын эрдмийн театр, Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын төв номын санд тус бүр хоёр тэрбум төгрөг суусан байгаа. Энэ мөнгөөр гурван байгууллагын барилгыг шинэчилж, засварлана. Улсын төсөвт эдгээр гурван байгууллагын шинэчлэх ажлыг эхлүүлэх гэж заасан. Дуурь, бүжгийн эрдмийн театр болон Улсын драмын эрдмийн театрууд өмнө нь засвар хийлгэе гээд зургуудаа гаргаж байсан. Үүнд манай мэргэжлийнхэн үнэлэлт дүгнэлт өгнө.

-Мэргэжлийн сургалт олгох төвүүд олширч, иргэдийг залилж буй асуудалд танай яам хэрхэн ажиллаж байна вэ?

-Гадуур маш олон сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Сошиал дээр ийм юмны их сургууль бүртгэл авч байна. Диплом, ромбо олгоно гэх мэт олон нийтийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа маш их явж, хуулийн цоорхойг ашиглаж, иргэдийг хохироож байна. Төрийн бус байгууллага байгуулчихаад их, дээд сургууль, институт нэртэй, диплом, мэргэжлийн зэрэг олгодог залилангийн шинжтэй үйл ажиллагаа их байгааг оны өмнө БСШУСЯ, ХНХЯ, УБЕГ, ЦЕГ-ын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Цэцэрлэгийн туслах багшийг 14 хоногийн хугацаанд бэлдэж, дипломтой төгсгөж байна. Тухайлбал, МСҮТ-д бага эмч, сувилагчаас эхлүүлээд маш олон нарийн мэргэжлийг олгож байна. Эдгээр газрууд аль ч яамнаас зөвшөөрөл авалгүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа учир ард иргэд болгоомжтой байгаарай гэдгийг хэлмээр байна.

-Сурагчдад зүй бус бичлэг үзүүлсэн гэх мэдээллийг судлав уу?

-"English school of Mongolia" дунд сургуулийн сурагчдад багш нар хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, сурагчдыг нь амраахгүй хичээллүүлж байна, сурагчдад нь том хүний кино үзүүлсэн гэх яриа цахимаар тарсан. Манай Ерөнхий боловсролын газрын ажлын хэсэг тухайн сургууль дээр ажилласан. Тэр сургуулийн хичээлийн үйл ажиллагаа БСШУСЯ-наас батлагдсан хуваарийн дагуу амарч байгаа. Мөн Кувейтийн ам гэдэг газар хоёрдугаар улирлын амралтаар жил бүр эцэг, эхчүүдээс нь зөвшөөрлийг нь аваад сургалт явдаг юм байна. Тэр сургалт нь хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Газар дээр нь очиж үзсэн байна лээ. Англи хэл дээр суурилсан вакумжсан сургалт юм байна. Тэр сургууль дээр том хүний бичлэг үзүүлсэн асуудал байхгүй бөгөөд шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандчихсан байгаа гэдэг зүйлийг ярьсан. Энэ мэдээллийг анх жиргэсэн хүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм билээ. Хар тамхи, мансууруулах бодис, гадаад багш нартай холбоотой тэр асуудал хэдэн жилийн өмнө ганц, нэг удаа яригдсан юм байна. Үүнийг нь хууль, хяналтын байгууллага шалгаж, асууж, тодруулж байсан байдаг. Манай яамнаас ажлын хэсэг гарч ажиллахад, тийм зүйл болоогүй гэдэг нь тодорхой болсон. Бидний зүгээс энэ асуудалд хатуу байр суурь хэлэхэд хэдэн жилийн өмнө ганц хоёр тохиолдлууд гарч байсныг одоо өрнөж байгаа мэт олон нийтийн сошиал сүлжээнд буруу зөрүү мэдээлэл битгий тараагаач ээ. Энэ асуудалд болгоомжтой хандахгүй бол болдоггүй юм шүү.

-Чингис хааны онгон олдсон гэх мэдээлэл яваад байгаа. Энэ асуудал дээр БСШУСЯ ямар мэдээлэлтэй байна вэ?

-Одоохондоо албан ёсны мэдээлэл ирээгүй байна. Хэрвээ ирвэл Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, археологийн хүрээлэнд хамгийн түрүүнд мэдээлэл ирээд тэндээс Соёлын өвийн тухай хуулиараа авран хамгаалах ажиллагаа явуулах учиртай.


Онцлох нийтлэлүүд