ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.09.14 01:09

Үндсэн хуулийг бүтээсэн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа тун өвөрмөц нэг ангийг урилаа. Өнөөдөр байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 24 жилийн ой тохиож байгаа түүхэн өдөр. Тиймээс тухайн үедээ “Нэг ангийнхан” болж, анхны Ардчилсан Үндсэн хуулийг баталж байсан Улсын бага хурлын гишүүдийг энэхүү буландаа урив. Тэднийг “Монголын түүхэнд улс төр, эдийн засаг, нийгмийн байгууллыг шинэтгэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд түүхэн гавьяа байгуулсан парламент” хэмээн түүхийн номуудад тэмдэглэсэн байдаг билээ.

Анхны парламентын гишүүдтэй өчигдөр Төрийн ордноо уулзах боломж тохиосон юм. Учир нь түүхэн ойг тохиолдуулан өнөөгийн УИХ-ын дэд дарга, тухайн үеийн Улсын бага хурлын дарга, БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч Р.Гончигдорж  ахмад гишүүдээ хүлээн авч уулзлаа. Энх орныхоо өнцөг булан бүрээс 53-уулаа цуглаж байсан анхны парламентчидаас энэ өдөр 20 гаруй хүн иржээ. Тэдний дунд, одоогийн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Монгол Улсын ерөнхий аудитор А.Зангад, УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх, Сангийн сайд асан Ц.Өөлд, МҮАН-ын дарга М.Энхсайхан, Сангийн дэд сайд асан Т.Очирхүү, иргэн Д.Ламжав нарын олон эрхмүүд байснаас гадна тухайн үеийн Улсын бага хурлын Тамгын газарт ажиллаж байсан ажилтнууд хүрэлцэн ирсэн байлаа. Тэр бүр уулзалдаж чаддаггүй ахмад парламентчид нэг л сайхан дотно, элгэмсэг байдлаар тэврэлдэн уулзалдах нь нүднээ тусч байлаа.

Энэхүү анхны парламен­таас өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн С.Баярцогт, Л.Болд, Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд асан М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан С.Баяр, Д.Балдан-Очир, Т.Очирхүү нарын зэрэг улс төр, нийгмийн олон зүтгэлтнүүд улстөрч байхын анхны “хичээлээ” заалгаж байсан гэхэд болох билээ. Улсын бага хурал 1990-1992 оны хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж байв. Ингэхдээ Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт нам, Социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам гэсэн дөрвөн намын төлөөлөл болох 53 гишүүнээс бүрдэж байсан юм. Тэднийг Ардчилсан Үндсэн хууль болон бусад суурь хуулиудыг батлуулах зорилготойгоор таван жилийн хугацаатай сонгож байсан ч эдгээр үндсэн үүргээ хоёр жилийн хугацаанд биелүүлж, хуулиудаа баталж чаджээ. Тиймээс ч өөрсдөө хугацаанаасаа өмнө “буух” хуулийг баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, Ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу 76 гишүүнтэй шинэ парламентдаа суудлаа тавьж өгсөн хэрэг. Үүнийг ч энэ өдрийн уулзалтыг зохион байгуулсан Р.Гончигдорж дарга хэлж байлаа. Тэрээр “Өөрсдөө сайн дураараа эрхээсээ татгалзсан энэхүү үйл явдал нь дараа дараагийн парламентад нэгэн жишиг болж чадсан юм” хэмээж байлаа. Тэд төрийн эрх барих хоёр жилийн хугацаанд 27 хуулийг шинээр баталж, 19 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 17 гэрээ, конвенцийг соёрхон баталж байсан юм.

Эдгээрээс хамгийн онцлог хууль нь Ардчилсан шинэ Үндсэн хууль. Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байсан бөгөөд Бага хурлын байнгын хороодын хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг, бүх нийтийн санал асуулгын хэдэн арван мянган санал зэргийг нэгтгэж, жил гаруйн хугацаанд хэлэлцэж байж шинэ Үндсэн хуулийг баталж байлаа. Ингэхдээ шөнө бүр нэг, хоёр цаг хүртэл хуралдаж, өөрсдийн үзэл бодлоо хамгаалан хэрүүл, маргаан хийж эвдрэлцэхээс эхлээд эвийн хүчээ нийлүүлэн байж улс эх орныхөө хөгжлийг чиглүүлэх тулгуур хуулиа баталж байсан гэдэг.

Ийм их нөр хөдөлмөрийг хийж чадсан “Нэг ангийнхан”-ы хувьд малчин, эксковаторчаас эхлээд хуульч, эдийн засагч, санхүүч, инженер зэрэг салбар салбарын төлөөлөл багтаж байв. Тухайлбал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Г.Лхагважав гуай малчин ардын төлөөлөл болон Бага хуралд сууж байсан бол барилгачин Б.Искра гуай жирийн нэгэн ажилчин ангийг төлөөлөн ажиллаж байв. Тэднээс гадна олон багш нар тэнд багтаж байсныг дурдах хэрэгтэй болов уу. Түүнчлэн “Үндсэн хуулийн эцэг” хэмээн ард түмэндээ хүндлэгдсэн Б.Чимид агсан ч энэ парламентын түшиж, тулах туршлагатай хуульч нь байсан юм.

Парламентын анхдагчдын дунд ердөө хоёрхон бүсгүй ажиллаж байжээ. Тэдний нэг телевизийн нэвтрүүлэгч Э.Алтангэрэл харамсалтай нь ертөнцийн жамаар бурхны оронд очжээ. Түүн шиг ангийн нөхдөө орхиод одсон арав гаруй гишүүн бий.

Харин нөгөө бүсгүй болох Ж.Бямбажав гуай Бага хурлын гишүүний албаа өгснөөс хойш Үндсэн хуулийн Цэц зэрэг өндөр хариуцлагатай хэд хэдэн албан тушаалд томилогдон, өндөр бүтээлтэй ажилласан нэгэн юм. Тухайн үед хоёрхон эмэгтэйгээ эрхэм гишүүд маань ихэд хүндэтгэн саналыг нь сайшаан хүлээн авч, дэмждэг байсан хэмээн Ж.Бямбажав гуай дурсан ярьж байсан билээ. Хоёр бүсгүй маань жендерийн асуудлыг тодорхой хэмжээгээр хэлэлцэж буй хуулиуддаа оруулж чаддаг байсан гэдэг.

 

ПАРЛАМЕНТЫН ХАМГИЙН ЗАЛУУ ГИШҮҮН С.БАЯРЦОГТДОО СҮҮЛ ҮҮРҮҮЛЖ БАЙЖЭЭ

Булангийн маань зочид тухайн үедээ 23-65 насных байсан юм. Тэдний хамгийн бага нь өнөөгийн УИХ-ын гишүүн С.Баярцогт гэдгийг олон хүн мэдэх биз ээ. Дөнгөж их сургуулиа төгссөн шижигнэсэн бор залуу Монголын Залуучуудын холбооны квотоор парламентын гишүүн болж байв. Түүнээс хойш тэрээр үргэлж төрд ажиллан, УИХ-ын гишүүн, дэд дарга, сайд гээд хариуцлагатай албан тушаалуудыг хашсаар байгаа юм.

Ангийнхнаасаа хамгийн бага нь байсан тул тухайн үеийн хөгжилтэй олон дурсамж С.Баярцогт гишүүнтэй холбоотой байдаг. Ардчилсан хувьсгал дөнгөж ялж, эдийн засаг, нийгмийн байдал хүнд хэцүү байх тэр үед Бага хурлын гишүүдэд өнөөгийн гишүүдийн эдэлж, хэрэглэж байгаа шиг эрх ямба байсангүй. Зөвхөн “Бага хурлын гишүүн” гэх үнэмлэхээр автобусанд үнэ төлбөргүй явах л эрхтэй байв. Нэгэн өдөр С.Баярцогт гишүүн автобусанд суужээ. Тэгсэн тасалбар түгээгч нь учиргүй мөнгө нэхэж, “Чиний бага хурлын гишүүн гэж юу байдаг юм. Харваас жаахан амьтан байж яасан том ярьдаг юм. Хуурамч үнэмлэх биз” хэмээн загнасаар тасалбарынхаа мөнгийг авч байсан удаатай гэнэ. Бага хурлын гишүүн Н.Сампилноровын дурсан ярьснаар С.Баярцогт гишүүн маань хонины таван кг сүүл үүрээд одоогийн бидний нэрлэж заншсан Сансарын туннелийн байр орж байсан тохиолдол ч бий. Учир нь Н.Сампилноров гуай Төрийн ордны ресторанд ортол хонины шинэхэн сүүл зарж байна гэнэ. Өөхөнд нэлээд дуртай тэрээр олдсон дээр нь гэсэн шиг таван кг өөх авч орхилоо. Гэтэл гэртээ аваачих гэтэл хүч дутжээ. Тэгэхээр нь танхимынхаа залуу гишүүд болох С.Баярцогт, Сомат хоёрт үүрүүлээд гэр рүүгээ явуулчихаж. “Ямар ч байсан аваачаад л өгсөн дөө” хэмээн Н.Сампилноров гуай өдгөө хүд хүд инээн сууна. Гэхдээ бас С.Баярцогт гишүүн  дуугүй байгаагүй гэнэ лээ. “Улсын бага хурлын гишүүнээр сүүл үүрүүлээд байхдаа яадаг юм” гэж хэлж үзсэн гэнэ лээ шүү.

Хашиж буй албан тушаалаасаа үл хамааран хаа ч таарсан хөгжилтэй, хөгжөөнтэй яриа дэлгэж явдаг Ж.Бямбадорж гуай энэхүү уулзалтын үеэр хэзээний бусдыгаа инээлгэсээр явна лээ. Тэрээр энэ өдрийн уулзалтад орж ирэнгүүтээ л Р.Гончигдорж дарга, С.Товуусүрэн нарын зэрэгцэн суугааг хараад “Үстэй, үсгүй хоёр зэрэгцээд суучихаж” хэмээн бусдыгаа инээлгэж байлаа. Үнэхээр ч Р.Гончигдорж дарга урт үсээ боосон байхад С.Товуусүрэн гуайн толгой харин гялтганаж байсан юм.

Бага хурлын гишүүн Ж.Бямбадорж гуайн хөгтэй явдлууд тун олон. Нэгэн удаа Боловсролын тухай хуулийн талаар өргөн хэлэлцүүлэг болж байлаа. Бүр тодруулбал, Намын дээд сургуулийг татан буулгаж, төр, нийгэм судлалын академи байгуулах тухай асуудал яригдаж байв. Ж.Бямбадорж гуай ч багш учир үе үеийн удирдагчдыг бэлтгэж ирсэн сайхан сургуулиа татан буулгуулахгүй гээд л үзэж тарлаа. Бүр нүдээ бүлтийлгэж, нүүрээ улайлгаж байгаад л хэрэлдсэн гэж байгаа. Түүний эсрэг саналтай байж, тэгтэл нь уурлуулсан хүн бол МҮДН-аас орж ирсэн н.Батсүх байв. н.Батсүх гуай харин багш мэргэжилтэй атлаа сургуулийг татан буулгахыг гойд дэмжиж байсан нэгэн. Үүнээс үүдэн хоёр багш үзэл бодлоо тууштай хамгаалан танхимаар нэг хэрүүл болсон гэдэг. Бүр өөрсдийнхөө саналыг дэмжүүлэх буюу талдаа урвуулахаар бусад гишүүдээ ч ятгаж байсан гэж байгаа. Эцэстээ Ж.Бямбадорж гуай дийлсэн гэсэн.

Энэ мэт үзэл бодлынхоо төлөөх тэмцэл нь тэр үеийн Бага хуралд байнга гардаг үзэгдэл байв. Гэхдээ энэ нь ямар нэг хорон хэрүүл бус Монгол орны ирээдүйг гэрэлтүүлэхийн төлөөх маргаан байсан юм. Ямартаа л Ж.Бямбадорж, Батсүх хоёр тэрхүү “хүндхэн” хэрүүлийн дараа танхимаас гарах мөчдөө хувь хүнээрээ уулзалдсан байхав дээ. Тэдний дунд “Чи багш хүн байж, үгүй би чамд хэзээ ч бууж өгөхгүй за” гэсэн инээдтэй зэрэгцсэн үгс урсаж, бие биенийхээ мөрөн дээр цохиод өнгөрч байсан өдрүүд зөвхөн үүгээр дуусахгүй.

Бага хурлын гишүүд олон түмний дунд их нэр хүндтэй. Үүнийг нотлох нэгэн үйл явдал Ж.Бямбадорж гуайд тохиолдсон байх юм. Тэрээр нэг удаа шөнийн 11 өнгөрч байхад Амгалангаас автобусанд суутал нэгэн танихгүй эр “Хүүе. Бямбадорж гуай тантай золгоё” хэмээснээр автобусанд явсан 20 гаруй хүн түүнтэй золгох болсон гэдэг. Автобустай холбоотой өөр нэг дурсамж бол Байнгын хорооны даргынхаа машинд дайгдан гэр рүүгээ дөхдөг явдал. Эрх биш байнгын хорооны дарга учир Д.Лүндээжанцан гишүүн маань машинтай байж. Тиймээс ч гуравдугаар хороололд байх гэр рүүгээ явахад нь “Хамт дөхье” гээд л суучихдаг байсан гэсэн.

Хэзээд мөн чанараа алдахгүй зөв хууль, зөв шийдвэр гаргахын төлөөх өөр нэг маргаан бол мөнгөн дэвсгэртийн тухай хэлэлцүүлэг байв. Ингэхдээ мөнгөн дээр ямар хүний зураг байх ёстой талаар гишүүд өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байв. Тэдний дунд “Чингэс хаан, Маршал эсвэл бүр Хубилай, Өгөдэй хааныхаа зургийг тавья” гэсэн санал ч байв. Тэгсэн гишүүн Н.Сампилноров “Зүс барааг нь харж байгаагүй хаадыг ямар гэж дүрслэх вэ. Нүдийг нь, хамрыг нь ямар байдлаар зурах вэ. Харин түүний оронд хэний ч мэдэх одоогийн Ерөнхийлөгч П.Очирбатын зургийг оруулъя” гэж. Түүний энэ яриа танхимыг инээдээр дүүргэж, хүн бүр өөр өөрийнхөө зургийг тавих уу гэх мэтчилэн хөгжөөнтэй яриа өрнөсөн гэдэг. Н.Сампилноров гуай мөчөөгөө өгөлгүй дарга Р.Гончигдорждоо хандан гаргасан саналаараа санал хураалгая гэж. Хуулийн дагуу санал хураалт ч болж, 53 гишүүнээс долоо нь дэмжив. Энэ учир дутагдалтай боллоо дахин хураалгая гэсэн ч дахиад л нөгөө долоо л дэмжиж байсан түүхтэй.

Түүнчлэн төрийн сүлдэнд шонхор шувууг оруулах гэснээс үүдэн шувуунд мөргөх болж байна уу гэсэн яриа, шүүмжлэл ч гарч байсан удаатай.

Бага хурлын гишүүдийн олонхи нь хөдөө орон нутгаас ирсэн тул тэднийг Туннелийн өндөр ногоон байруудад түр зуур суулгадаг байсан гэдэг. Шөнийн нэг, хоёр цаг хүртэл хуралдчихаад хоорондоо хууч хөөрсөн шигээ гэр рүүгээ алхацгаадаг байсан нь ахмадуудын маань сайхан дурсамжийн нэгээхэн хэсэг. Ням гаригийн ганцхан амралтын өдрөөрөө бие биенийдээ орж, айраг цагаа уунгаа шатар тоглон цагийг бас ч үгүй үр бүтээлтэй өнгөрөөдөг байснаа гишүүд маань дурсан ярьж байсан юм. Гишүүд маань тэр үед сарын 1300 төгрөгийн үндсэн цалинтай байв. Уг нь үүнийг 3000 болгон нэмэгдүүлэхээр АИХ-д оруулсан ч “ихэднэ” хэмээсэн тул хуучнаараа тогтжээ. Зарим багш, эрдэмтэн үүн дээр эрдмийн нэмэгдэл авна. Гэхдээ л төдий нэмэгдэхгүй, 2000 төгрөг л болно. Өнөөгийнх шиг бусад хангамж байхгүй ч тэдний цалин ямар ч байсан болгоод л байсан тухай ахмад гишүүд маань хуучилж байна лээ.

Улсын бага хурал албан ёсоор тарах үед гишүүддээ бүгдэд нь орон сууц хуваарилж өгчээ. Тэгсэн одоогийн УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд эзэнгүй байсан тул уг хуваарилалтаас хоцорчихжээ. Чухам яг хаашаа явсан байсныг нь ангийн нөхөд нь ярихдаа “Угийн л хэл ус сайтай байсан болохоор гадаадад л тэнэж явсан байх” хэмээсэн. Нэгийгээ байргүй болчих гээд байхаар нь ангийн нөхөд нь хөөцөлдсөөр түлхүүрийг нь аваад эгчид нь хүргэж өгч байсан нь анхны парламентын гишүүд маань сонгогдсон нам энэ тэрээсээ огтхон ч хамааралгүйгээр бие биенийхээ төдийгүй улс орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг, зүтгэдэг байсны нэг жишээ ажээ.  

Т.ГЭРЭЛМАА

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд