ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.11.25 10:11

Үндсэн хуулийн өөрчлөлтийг булхайтай баталлаа


Өнгөрөгч пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталсан. “Сүүлийн хорь шахам жил яригдаж, гурван парламент дамжин хэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бид баталж чадлаа” хэмээн эрх баригч Ардын намын нөхөд баяр хөөрөө багтааж ядаж байна. Парламентын танхимд бүгд алга ташицгаан бие биедээ баяр хүргэн сүйд болцгоож байна. Харин улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гол баталгаа болсон эцэг хуулиа дан ганц нам олонхоороо түрж, эз дийлэн хуудуутай булхайтай баталсанд олон нийт эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал эхнээсээ булхайтай явагдсаныг төрийн түшээдээс аваад ард иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Энэхүү булхай нь хэн бүхэнд илэрхий харагдаж байгаа юм.“Парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцөөгүй, ард түмнээрээ хэлэлцүүлээгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар өөрчлөлт гэхэв. Ардын намынхны 2020 оны сонгуулиа бодсон, зөвхөн өөрсдөө дахиж төрийн эрхийг булааж авах гэсэн башир арга хэрэгсэл болсон нь харамсалтай. Юун улс орны хувь заяа, ирээдүй, хөгжил дэвшил, парламентын төлөвшил вэ” гэж захын хүн хэлж байна.

“Бид нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж баталлаа. Ойлголцол зөвшилцлийг гүнээ эрхэмлэсэн, нэгдэн хамтрах зарчмыг бариимталсан” гэж Г.Занданшатарын хэлсэг үг олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй ард түмнээрээ доог тохуу хийх шиг санагдсан. Эрх баригч Ардын нам Ардчилсан намтай зөвшилцлөө хэмээн зөвшилцлийн ажлыг хэсэг хүртэл байгуулж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг төрт ёсны хэмжээнд авч үзэн, ярьж тохирсон. Гэвч яг цагаа тулахаар Ардчилсан намаа хууран мэхэлсэн. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд парламент засаглалын хамгийн гол тулгуур зарчим болох “Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё”, “Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг болъё”, “Сонгуулийн холимог тогтолцоо”-оог санал болгосон.

“Эдгээр гурван тулгуур зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заавал тусгах ёстой. Тэгж байж ардчилсан парламентыг төлөвшүүлэх, ирээдүйд улс төрийн намууд нь бодлоготой байх, түүгээр дамжаад төрийн уламжлалт бодлого хадгалагдаж парламент дахь гишүүдийн сахилга хариуцлага нэмэгдэх болно” гэж Ардчилсан намын зүгээс эцсийн хэлэлцүүлгийг батлах хүртэл сануулж хэлсээр байсан. Эрх баригч Ардын намын нөхөд инээж байгаад дээрх саналыг унагаж зөвшилцлөөсөө нүүр буруулж, ярьж тохирсноосоо ухарч, Монгол Улсын цаашдын хувь заяаг бус намынхаа хувь заяаг бодсон нь илэрхий. Д.Эрдэнэбат гишүүн парламентын танхимд тун харамсалтайгаар “Монгол Улсын Үндсэн хууль доголон хууль” боллоо гэж мэдэгдсэн бол З.Нарантуяа гишүүн “Монгол Улсын үндэсний хэмжээний энэ том намын эрх баригч бүлгийнхэн өмнөөс харж суугаад зөвшилцлөө гэж хариуцлагатай мэдэгдсэн хэрнээ буцаад эргэхдээ ар хударгаар ингэж хуурлаа. Улс төрийн нам ямар соёлгүй байгаа, манай улстөрчид хэлсэндээ хүрдэггүйн бодит жишээ боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс нь парламентыг төлөвшүүлэх, увайгүй худалч хулгайч улстөрчдийг Монголын төрд оруулж ирэхгүй байхын тулд жижиг мажоратори системийг үүрд хаах гэсэн зорилго байсан, харамсалтай нь тэгсэнгүй. Хоёрхон хоногийн өмнө бид улсын төсвөө чуулганаар баталсан. Төсвийн зарцуулалт ямар замаар хуваарилагдсаныг бүгд харсан. Та бүхэн жижиг жижиг тойрогтоо сонгогчдынхоо саналыг авахын төлөө энэ төсвийг хуваарилсан. Ирэх сонгуульд улс төрийн намын болоод бие даан нэр дэвшигчид та нартай хөрөнгө санхүүгийн хувьд тэнцвэргүй өрсөлдөхөөр боллоо. Гэхдээ ард түмэн ухаан зарж, эрүүл саруул сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж эрх баригчдын улаан нүүр рүү харж үнэнийг нь улалзтал хэлээд чуулганыг орхисон юм.

Ардчилсан намаа ингэж хулхидсан эрх баригчид улс төрийн бусад намуудын саналыг тусгасан гэдэг нь ёстой гонж байлгүй. Дээрээс нь хамгийн гол нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлсэнгүй. Ард түмнээр бас л хэлэлцүүлэх гэж байгаа юм шиг дүр үзүүлснээ яг цагаа тулахаар Ардчилсан намыг хуурсан шигээ ард түмнээ бас хуурчихаж байгаа юм. Болсон процессыг бид сайн мэдэж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их хурлын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал шуурхай гэгч нь хүлээж аваад ард түмнээрээ хэлэлцүүлэлгүй шууд гуравдугаар хэлэлцүүлэг буюу эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Ер нь энэ далимд хэлэхэд Ардын намын дарга сайдуудҮндсэн хуулиа ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй, ард нийтийн санал асуулгыг авахгүйн тулд Ерөнхийлөгчид өгөөд хориг тавиулчихсан гэх хэл ам гарч л байсан. Үнэн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан ард нийтийн санал асуулгыг авч Үндсэн хуулиндаа тусгаагүй нь үнэн. Харин Их хурлын гишүүд зун, намрын саруудад хөдөө явж баахан шоу хийснийгээ ард түмнээрээ хэлэлцүүлсэн гэж худлаа мэлзээд байгаа.

Олон түмний санал тусаагүйд эрх баригч намын гишүүдээс ч сэтгэл дундуур байгаагаа чуулган дээр хэлж байв. Тухайлбал, Ш.Раднаасэд “Орон нутгийн хуралтай холбоотой хэд хэдэн зохицуулалт байсан. Багийн даргыг томилдог болъё, сумын Засаг даргыг ард иргэдээс нь томилдог болъё гээд. Ний нуугүй хэлэхэд үүнийг ард түмэн маш их дэмжиж байсан. Одоо бид мөлгөр болгоод хаячихлаа. Цаашид засах ямар ч хувилбаргүй болгочихлоо” гэж харууссан. Г.Тэмүүлэн“Үндсэн хуулиар заавал хийх ёстой байсан хоёр зүйл ороогүй байгаа нь хачирхалтай. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох АН-ын санал хэрэгтэй байсан. Яагаад унагачихсан юм бэ. Үүнийг зөвшилцлийн ажлын хэсэг улстөржихгүйгээр, намчирхахгүйгээр хийх байсан юм. Ард түмэн жагсаалтын ард нуугддаг, өөрийн тойрог хаяггүй улстөрчдөд дургүй. Намын жагсаалт, давхар дээлийг л эсэргүүцдэг. Ноёны бөхөө дахиад гаргаж байна гэж шүүмжилдэг. Гэтэл бид ноёны бөхөө ноёнтой нь хамт оруулж ирлээ. Улс төрийн нам цэвэрших, эрүүлжих гэдгийнхээ эсрэг зогслоо” хэмээн эсэргүүцсэн.

Ардын нам ийнхүү олон кнопныхоо хүчинд Үндсэн хуулийн өөрчлөлтөө улайран баталлаа. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа (1924, 1940, 1960, 1992) Үндсэн хуулиа баталсан байдаг. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд байгаа. Бид өмнө нь “Аль Үндсэн хууль нь хүчинтэй болж байна аа” гэж бичиж байсан. Яг ийм үед хуулийн гажуудал гарчих вий гэж санаа зовж байна. Өнгөрөгч пүрэв гаригийн чуулган дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай төслийг хэлэлцэх үеэр баахан хэрүүл болсон. Үүнээс харахад хуулийн гажуудал гарахгүй гэх баталгаа алга. Бас нэг зүйлийг тодотгоход, ерэн оноос өмнө монголчууд бид нэг намын тогтолцоотой байсан. Ерэн хоёр оны Шинэ Үндсэн хуулийг хуучин “Ху” намын буюу одоогийн Ардын намын депутатууд олонхоороо баталж байсан. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хууль маань Монгол ардын намын үед л батлагдах тавилантай юм байж дээ, хөөрхий. Ардын нам сонгууль дөхсөн энэ үед улс төрийн нам хүчин тэр бүр зориглож гар хүрээд байдаггүй улс орны мөнх оршихуйн баталгаа Үндсэн хуулиндаа ингэж худал хуумгай хандах хэрэг байсан уу. Аливаа зүйлд ёр билиг гэж нэг юм бий. Тэр жил Ардын нам “Хөгжлийн мод” гэсэн хөтөлбөр дэвшүүлж, үндсэндээ “мод”-оо барьж сонгуульд ороод ялагдаж байсан. Энэ удаад ард түмнээ ч тоолгүй эцэг хуулиараа “тоглож” сонгуульд ороод заяа нь хаях вий дээ?

Б.Батболд

Онцлох нийтлэлүүд