ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.05.19 01:05

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар гурван “хашир бурхи” ийнхүү өгүүлэв

УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцуулав. УИХ-ын тогтоолоор Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар тогтоосон бөгөөд товлосон хугацаа хүртэл 40 орчим хоног үлдээд байгаа. Гэтэл Ард нийтийн санал асуулгын тухай хуульд санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлахаар заасан учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулах боломжгүй байгаа аж.

Иймээс уг хуульд заасан санал асуулга явуулах хугацааг өөрчилснөөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай хамтатган зохион байгуулж, улсын төсвөөс шаардагдах зардлыг бууруулах, хэмнэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтойг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан юм. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын “хашир бурхи” гурван гишүүн саналаа хэлснийг дор уламжилж байна.

Ц.НЯМДОРЖ: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ХААНА Ч БАЙДАГГҮЙ ЖИШИГ

Ц.Нямдорж гишүүн: Сая Засгийн газрын илтгэлийг сонсоод байхад Ерөнхийлөгчийн сонгуультай хамт санал асуулга явуулна гээд байна л даа. Амжих юм уу. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль гэж байдаг. Тэр хуулиар маш хүнд даваа давахаар байдаг. Сонгууль дөхчихсөн. Яаж амжих юм бэ. 21 хоногийн дотор ийм том асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг олон нийтэд ойлгуулаад, том сонгуультай хамт санал асуулга явуулаад, амжих уу.

Би хоёр үндэслэлээр харамсч байна. Нэгдүгээрт ноднин УИХ-ын сонгууль явуулах гэж байхад бас Ард нийтийн санал асуулгын хуулиар оролдож, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэж баахан давхиад, бүтэлгүйтсэн. Энэ жил дахиад энэ. Нэг алдаж болдог л доо. Хоёр алдах харамсалтай. Тэр тусмаа надад нэг юм таалагдахгүй байгаа юм, шулуухан байя, би. Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх асуудлаар Засгийн газар нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, сурталчилгаа, судалгаа хийх ажил зохион байгуулаад, одоо хуулийн хугацааг 25 хоногоор багасгаад явж байгаа нь ёс зүйн хувь зохисгүй шүү дээ. Би та нарт хэлж л байсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь Засгийн газрын хийдэг ажил биш ээ. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хуулиа л биелүүл. Үндсэн хуулийн асуудал огт өөр субьектийн ажил, Ерөнхийлөгч, УИХ гээд. Одоо дахиад хугацааг нь урагшаа татах юм оруулаад ирж байна л даа. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл энэ чинь бүр хаана ч байдаггүй жишиг тогтох гэж байна л даа. Үндсэн хууль нь УИХ-аар батлагдсан байдаг. Нэг жижигхэн өөрчлөлт оруулахын тулд ард нийтээс санал асуудаг. Одоо ингээд санал асуулга хийвэл цаашдаа ямар жишиг тогтох гэж байна гэхээр оруулах өөрчлөлт болгон нь ард нийтийн санал асуулгаар шийдэгддэг. Парламент нь гар хүрэх эрх байхгүй. Угаасаа Үндсэн хуульд парламент энийг өөрчилнө гээд биччихсэн байдаг юм л даа. 57-оос дээш бол. Нэг удаа өөрчлөлт оруулсан шүү дээ. Миний хамгийн их болгоомжилж байгаа юм бол буруу жишиг тогтох. Аминд тулсан ганц асуудлаар жишээ нь засаглалын хэлбэр солих уу үгүй юу гэдэг дээр санал асуулга явуулж болж л байгаа юм. Түүнээс биш Төрийн албаны зөвлөл юм уу, Аудитийн байгууллагыг Үндсэн хуулийн байгууллага болгох гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, баг, хорооны Засаг дарга нарыг томилох гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах чинь ард нийтийн санал асуулгаар шийддэг асуудал биш шүү дээ. Хүсвэл энэ 76 хүн сууж байгаад, Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад баг хороодын Засаг даргын томилгооны асуудлыг шийдэж болж л байгаа байхгүй юу. Мөнгө л яриад байх юм. Ямар ч мөнгөгүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүх эрх нь энэ 76-д бий.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат Ц.Нямдорж гишүүний асуултанд ийнхүү хариулав. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулж болно гэж Ард нийтийн санал асуулгын хуулинд заасан байдаг. УИХ, Засгийн газарт аль алин дээр нь ажлын хэсэг байгуулагдаад, тав зургаан сар ажилласан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг парламентад суудалтай намууд ойлголцоод УИХ-аас баталсан зөвлөлдөх санал асуулгын хуулийн дагуу Монголын өнцөг булан бүрээс ард түмний төлөөлөл болсон 1500 хүн ирээд, тэрний төлөөлөл болсон 750 хүн нь зөвлөлдөх санал асуулга хийгээд хуулийн дагуу явж байгаа асуудал.

Санал асуулгын зардалд гучаад тэрбум төгрөг гарах юм байна. Эдийн засаг хүндрэлтэй үед хэмнэж, “Нэг сумаар хоёр туулай буудах” байдлаар зохицуулчихъя гэдэг үндэслэлээр үүнийг оруулж ирсэн. Цаг хугацаа тулчихсан тул ард нийтийн санал асуулгын 65 гэдэг хугацааг өөрчлөхөөр оруулж ирсэн. Засгийн газар энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ цаг хугацаанд амжих бүрэн боломжтой байна гэж өргөн барьсан юм. Үндсэн хуулийн өөрчлөлт хийлээ гэхэд 2020-2021 оноос хэрэгжиж эхлэх юм. Энэ Засгийн газрын үед эрх мэдлээ нэмэгдүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Цаашдаа Монгол Улс парламентын засаглалтай юм бол дэлхий нийтийн чиг хандлага, жишигт нийцүүлэх, засаглалыг хуваарилах зарчимд үүсээд байгаа алдаа оноог засч залруулж явах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас энэ асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Олон жил Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг бид ярьсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл дээр нөгөө ард түмний яриад байгаа дордуулсан долоон өөрчлөлтийг сайжруулах заалтууд ч орж ирсэн. Энэ бол зөвлөлдөх санал асуулгын үеэр ч ард түмний ярьж хүсч байсан зүйлийн нэг юм.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД ӨӨРЧИЛЖ БОЛОХГҮЙ ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДАХ ЁСТОЙ

Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал олон жил яригдлаа. Хоёр ч удаа комисс гараад, өөрчлөлт оруулах шаардлагатай гээд өмнөх парламентийн үед дүгнэлт гаргасан байгаа. Энэ дагуу Зөвлөлдөх санал асуулгын хууль гараад, яг цаг хугацааны хүчин зүйлээр нэг ч хоног алдаагүй яваад ирсэн. Ажлын хэсэг ямар үүрэг авсан гэхээр Зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг үндэслэж, тэр хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруул гээд 26 хүнтэй бас улстөрийн дөрвөн намын төлөөлөл нэмж оролцоод 30 хүн, дээр нь дэд хэсэг эрдэмтэн, судлаачид их олон хүн хамтарч ямар ч байсан нэг төсөлтэй болоод авсан. Энэ төсөлдөө Ерөнхийлөгч, ҮАБЗ, Хүний эрхийн комисс, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг авчихсан. Үйл явц явж байна. Ард нийтийн санал асуулгад “Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчмаар” бол гурав дахь шатандаа явж байгаа юм уу даа. УИХ хоёр хэлэлцэх ёстой, ард нийтийн санал асуулганд оруулаад гаргах ёстой, ҮХЦ-ээс санал авах ёстой. Ингээд долоон шат дамжна. Дунд нь иргэд, улс төрийн намууд, олон нийтийн санаа бодлыг тухай бүр нь авна.

Бид ямар байр суурь баримталж байгааг хоёрхон үгээр хэлье. Өөрчлөхийн тулд өөрчилж болохгүй, шинжлэх ухаанчаар хандах ёстой гэдэг зарчим баримталж эрдэмтэн судлаачдыг өргөнөөр оролцуулж байгаа. Аль нэг улс төрийн хүчин, хэн нэг улстөрчийн эрх ашигт нийцүүлж Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж үзэж байна. Хүмүүсийн санаа оноо их байна. Зөвхөн өнөөдөр нэг хүний яриаг 30 минут сонсчихоод гарч ирж байна. Энэ бол Үндсэн хуулийн оршлыг өөрчилье, сүлдийг өөрчилье гэдэг санал. Бид хуультай номтой. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль хэрэгжиж байна. Хүрээ хязгаараа тогтъё. 30 хувь. Тэр дотроос эхний ээлжинд юуг нь өөрчлөх юм бэ гэдгийг олон удаагийн олон жил яригдсан хэлэлцүүлэг, эрдэмтэн судлаачдын дүгнэлт саналыг үндэслэж байгаад хэдэн юман дээр гарч байгаа юм. Иймэрхүү байдалтай явж байна. Түүнээс биш дур зоргын өөрчлөлт байж таарахгүй. Цаашид ч өргөн олон нийтээр хэлэлцүүлэх асуудал яригдана. Цаг хугацаа орно. Гэхдээ өнөөдрийн орж ирж байгаа төсөл цааш цаашдаа бүх л төрлийн сонгуулийн үеэр давхар санал асуулга явуулах боломжийг нээх учраас Засгийн газраас энэ төсөл орж ирсэн гэж бодож байна. Гурван хандлага бий . Нэг хэсэг нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчилье гээд дайраад байгаа. Нөгөө хэсэг нь өөрчлөлт оруулах шаардлагагүй, энэ маш сайн хууль гэж байгаа. Гурав дахь хэсэг нь тодорхой хүрээнд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа.

Н.ЭНХБОЛД: УС БУЛИНГАРТУУЛЖ БАЙГААД ДУНДААС НЬ ЮМ ХОЖИХ СОНИРХОЛ БАЙНА

Н.Энхболд гишүүн: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулаад санал асуулга товлох хугацааг богиносгоё гэсэн асуудал ярьж байгаа юм л даа. Яг энэ асуудлаар байнгын хороон дээр ч гишүүдэд эргэлзээ байсан. Богино хугацаанд амжих уу гээд. Бодоод үзэхэд олон жил яригдаж шигшчихсэн цөөхөн асуудлын хүрээнд болох гээд байгаа юм. Сайндаа гурав дөрвөн асуудал л гарна. Өнөөдрийн яриаг сонсоод байхад зөвхөн хугацааны тухай асуудал биш Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах уу, яах вэ гэж олон жил ярьсан юмаа хүмүүс дахиад л яриад эхэллээ. Түүх давтагдах юм шиг байна. Бүгдээрээ сүртэй эхэлдэг юм. Энэ УИХ л түүхэн үүргээ гүйцэтгэж болохгүй байгаа хариуцлагын тогтолцоо, шийдвэр гаргадаг механизмаа боловсронгуй болгохгүй бол улс орон маань болохгүй байна гээд сүүлийн гурван УИХ дараалан ярьсан юм. Одоо бол тэр нь хэрэггүй шахуу юм зарим хүн ярьж байна л даа. Ер нь энэ санал асуулга дотор хэдхэн юм байгаа шүү дээ. Яаж энэ УИХ-ыг хариуцлагатай болгох вэ, яаж Засгийн газрыг хариуцлагатай болгох вэ, үүн дотроо нөгөө давхар дээлийн асуудал, яамаа дураараа нэмж хасч, төрийн албаа бужигнуулдаг асуудал, хэн ямар шийдвэр гаргасаныхаа төлөө хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгааг ойлгомжтой болгох, ерөөсөө юм хийлгээгүй хүмүүс яаж хариуцлага хүлээхийг болж өгвөл тодотгосон гурав дөрөвхөн юм бий. Ард түмэн олон жил ярьсан. Үүнийг өөрчлөхгүй байна. Энэнээс болоод УИХ гэж хэрэг алга, Ерөнхийлөгч, Засгийн газар гэж хэрэг алга гэдгийг өөрчлөх гэсэн юм. Одоо бодоод байхад хариуцлагаас зугтаж, хариуцлагагүй байхдаа дуртай байгаа юм байна. Өөрчлөхгүй бол тодорхой бус юмандаа өмнө нь олон жил явж ирсэн шигээ ус булингартуулж байгаад дундаас нь юм хождог сонирхол байна гэж дүгнэхээс өөр аргагүй болж байна. Саяын миний хэлсэн хэдэн асуудал л бий. Өөр дахин дахин бодоод гаргаж ирэх асуудал байхгүй л дээ. Ард түмний олон жил ярьсан асуудлыг багцлаад та нар энийг дэмжих үү гээд явна. Энэ нэг тиймэрхүү тал руугаа орж байна даа. Бид энэ асуудлыг нэг алхам урагш хөдөлгөсөн. Тэр 1750 хүнийг доромжилж болохгүй. Янз бүрийн хүмүүс ирсэн. Яг л ард түмнийг төлөөлсөн жижигхэн хэсэг байсан. Тэднийг муу хүмүүс ирээд, буруу шийдвэр гаргаад явлаа гэж болохгүй. Бүүр чадахгүй байлаа гэхэд Засгийн газар замаас нь татаад авчих асуудал. Түүнээс биш энийг тойруулаад хариуцлагагүй байдлаа хэвээр нь үлдээх, баталгаажуулах гэдэг юм аа дахин дахин ярьж хэрэггүй байх аа гэв.

Эцэст нь Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 69,4 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах байнгын хороонд нь шилжүүлсэн юм.

Онцлох нийтлэлүүд