ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2018.09.13 09:09

Үндэсний хөрөнгөтнүүд үндэстнээ аврах уу

НЭГ. ТЭГШ ГАРАА, ТЭГШИТГЭЛ ХОЁРЫН ЯЛГАА

Ганцхан Мартин Лютер Кингд мөрөөдөл байсан юм биш. ХХ зууны Монголын социализм өөрөө агуу том үл биелэх, бас үл салах мөрөөдөл байлаа.

Социализм бидэнд жигд гарааны тухай биш харин ижил барианы тухай, эцсийн дүнгээрээ бүгд адилхан байх тухай сайхан үлгэр ярьж үнэмшүүлсэн. Бид тэгш эрх, шударга ёс гэдгийг эцсийн дүндээ бүгдээрээ адилхан болох, өөрөөр хэлбэл барианы газар эгнээгээрээ нэгдүгээр байр эзэлнэ гэсэн үг хэмээн ойлгож явлаа.

Социализм байгуулахад гараа янз бүр байж болох ба түрүүлж яваагийн жолоог татаж, хоцорсныгоо хүлээж зэрэгцэн явах дүрэмтэй. Чадал муутай нь замаас орж болно. Чадал ихтэй гээд ганцаараа түрүүлэн одохыг хориглоно.

Тосон айсуй коммунист нийгмийн туган дээр “Хүн бүр чадлын хэрээр, хүн бүрт хэрэгцээний хэрээр” гэсэн сэтгэл татам уриа байлаа. Барианд орж коммунизмд хүрсэн хойно хүн бүр чадлынхаа хэрээр янз бүрийн хэмжээнд бүтээл хийж болох боловч нийгмийн баялгаас хэрэгцээний хэрээр хүртэнэ. Үйлдвэрийн захирал, менежер, ажилчид чадах чадах юмаа л хийнэ.

Харин ашиг орлогоос хүссэнээрээ авна гэсэн үг л дээ. Гэхдээ энэ бол социализмын мөрөөдлийн сценари. Мөрөөдөхийн өмнө ирээдүйн их тэгшитгэлийн бэлтгэл болгон баян ядуугийн ялгааг арилгаж өглөө. Бүгдийг баян болгох арга үгүйгээс хойш баячуудыг нь устган жигд ядууруулав. Хүмүүс сэтгэл ханамж болон гутралаа их төлөв бусадтай харьцуулж байж олж авдаг. Атаархал төрүүлэх баячуул байхгүй учраас жигд ядуу нийгмийн гишүүдийн сэтгэл ханамж дээгүүр байлаа.

Ядуу зүдүү байдлын шалтгаан эгнэгт устгагдсан гэж номлоно. Тэр шалтгаан гэдэг нь баячуудаа устгаж ядуу болгосноо хэлж байгаа юм. Уул нь ядуурлыг устгасан юм биш ядуугаа мэдэх, харьцуулах юмгүй л болгосон хэрэг л дээ. Хэрвээ зарим нэгэн маань баяжиж эхлээгүй бол ядуугаа мэдэхгүй хичнээн удах байсыг бүү мэд.

Гэтэл тэгш эрх гэдэг нь тэгш гараа болохоос тэгш бариа биш байж. Бүгд нэг зурхайгаас гарна, замаас нь орж болохгүй, мөн түрүүлж яваа нь хоцорсноо хүлээх албагүй, харин хэн түрүүлснийг нь барианд оруулна. Хүн бүхэн шударгаар баяжих эрхтэй боловч эцсийн дүндээ жигд баяжсан байх албагүй. Гэхдээ ядуурал, ажилгүйдэлтэй тэмцэж доройгоо өөд татна.

Дашрамд дурдахад, социализмд ажилгүйдэл байгаагүй нь үнэн. Бүх иргэн нь “төрийн албан хаагч” болох тавилантай энэ нийгэмд ажилгүйдэхийг хориглодог бөгөөд ямар нэгэн ажил эрхлэхгүй байхыг “нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийсэн” зүйл ангиар шийтгэдэг байв. Иргэдээ “хөдөлмөрчин” гэж нэрлээд заавал хөдөлмөрлөх, гэхдээ томилсон газарт ажиллах үүрэг хүлээлгэдэг хуарангийн дэглэмийн зовлонг огоот амсаагүй шинэ үеийнхэн “Социализмд ард түмэн жаргаж байжээ” хэмээн санаа алдахыг сонсоод хэлэх үг олддоггүй юм.

ХОЁР. ГУРВАН САЯ ЗАХИРАЛТАЙ БОЛОХ УУ?

Баячуул гараад ирэхийн хэрээр олон хүн ядуугаа мэдлээ. Уур бухимдал төрж байна. Тэр уур өөрийн ядуу байгаагаас бус өөрийг нь ядуу байсаар байхад хэн нэгэн баяжсанаас үүсчээ. Тэгшитгэлээ үгүйлж байна. Бүгдээрээ ядуу байж болоод байсан шигээ цөмөөрөө ажил олгогч байхыг хүсч байна.

Хүн болгон дуулах эрхтэй ба дуучин болох боломжийг нь хааж боодоггүй. Гэхдээ бүгд дуучин болдоггүй. Хэдхэн нь дуулж бусад нь чагнах ба үүнийг шударга бус явдал гэж хэзээ ч үздэггүй. Яг үүн шиг нэг нь ажил олгогч болж бусад нь түүнд хөлслөгддөг ч нийтдээ боломжийн сайхан амьдарч бас болдог. Яг үүн шиг бизнесийн авьяастай нэг нь нэгийг хоёр, хоёрыг гурав болгох арга сэдэж, бусад нь тэр санааг хэрэгжүүлэлцэж, нөгөө хэсэг нь үйлчлүүлэгч болно.

Манай баячуудын нэг хэсэг нь өмч хувьчлалаар өндийсөн. Мэдээж маапаан, гомдол зөндөөн байсан ч эцсийн зорилго нь өмчийг хувьд өгөх л байсан болохоор хэн нэгэн авсан. Тэр нь та бид хоёр биш байсан нь гомдолтой боловч өөр хүн авсан учраас хувьчлал буруу гэсэн үг биш. Хэрвээ та бид хоёр авсан бол тэр хүн мөн л гомдох байсан. Ингэлээ гэхэд бас л өмч хувьчлал буруу болно гэсэн үг биш.

Нөгөө зарим нь бизнесийн ур ухаан, бусдаасаа түрүүлж хөлжих, илүү алсыг харах чадвараараа биднээс хол тасарсан. Тэдний хөлжиж бэлжсэн замыг эргэн харахад ихэнхдээ “Би ч гэсэн ингэж болох байж дээ”, “надад ч гэсэн ийм боломж байсан шүү дээ” гэсэн шүү юм бодогддог. Энэ нь бид гарааны тэгш нөхцөлтэй байсны баталгаа.

Харин төгсгөлийг нь хараад “ингэсэн бол балрах байж ээ” гэж олон түмэн бодох цаг ирдэг нигууртай “буруугаар хөлжигсөд”ийг энд ярих юм биш. Тэд тэртэй тэргүй сургамжаа үлдээгээд арилцгаана.

Мөнгө хүн болгонд хэрэгтэй. Гэхдээ ихэнх нь мөнгийг үрэх авьяастай төрдөг бол цөөхөн хэдэд нь мөнгө үржүүлэх ухаан заяаж нөгөө хэсгийнхээ цоорхойг нөхдөг. Нийгмийн тодорхой хэсэг нь баялаг бүтээх авьяасгүй ч баяжсан хүний хэтэвчийг саах авьяастай төрнө. Баячуулд зориулсан тансаг үйлчилгээ, хэрэглээний том бизнес тэднийг даган өндийнө.

Бас л дашрамд дурдахад, баячуудад зориулсан өндөр үнэтэй үйлчлгээ, тансаг дэлгүүрийг хараад зарим хүн бухимддаг. Учир нь өөрөө тэнд орох бэл бэнчингүйдээ гутардаг хэрэг. Гэтэл нөгөө зарим нь бах нь ханадаг. Тэд жирийн дэлгүүрийн жирийн барааг 100 хувь өсгөсөн үнээр зарахыг хараад “болж, муусайн баячуудыг ингэж саавал таарна” хэмээн тавладаг. Та аль нь болохыг би хэрхэн мэдэх?

Баячууд өөрийнхөө хөрөнгө баялгаар дэнчин тавин баялаг бүтээхдээ ажлын байр шинээр нээж, хүмүүсийг ажлаар хангаж, олсныхоо хэрээр өндөр татвар төлдөг. Эндээс мөнгө үржүүлэх, баялаг бүтээх авьяас чадвар нь үндэстний гол амин зуулга болдог нь харагдана. Монголчууд сайн амьдарна. Гэхдээ бүгдээрээ компанийн захирал болж байж энэ сайн сайханд хүрэхгүй. Нэг хэсэг нь нэртэй, чадалтай, сайн компанийн өндөр цалинтай сайн ажилтан, ажилчин болно. Бас зарим нь баячуудын толгой эргэм их мөнгөнөөс толгойгоо ажиллуулан саадаг гарууд ч болно.

ГУРАВ. ҮНДЭСНИЙ БАЯЧУУД ҮНДЭСТНИЙ БАЯЛАГ

Манай орны баялаг юу вэ? Олон хүн ашигт малтмал энээ тэрээг нэрлээд “алт сандайлсан гуйлгачин” хэмээх хочафоризмоо хэлэх байх. Хүн нь гуйлгачин л байх юм алт сандайлсан, аргал сандайлсан хоёр ив ижил. Латин Америкийн нефть ихтэй, тэр хэрээрээ “халтар царай”лсан гуйлгачин олонтой орнуудын жишээ үүнийг хэлж байна.

Манайхан, “Алтан өргөө” хэмээх үлгэрийн киноны хэдэн дуракийн явдлыг буруу ойлгосноо ихэд дөвийлгөн гадаадын хөрөнгө оруулагчдыг дарамтах ажилдаа ашигладаг. Жалга дүүрэн алттай атлаа усгүй болчихсон хэдэн маанаг ядаж л худаг малтахын оронд “алтыг уухгүй” гээд цэцэрхээд хэвтэж байдаг даа.

Ядаж отор нүүдэл хийдэг байгаа даа. Воо..гуйлгачин сэтгэлээ гэж уг нь энийг л хэлээд байгаа юм ш дээ. Маш их капитал барьчихаад “Даанч энийг ууж болохгүй юм даа” гээд цангаж хэвтэхийг л анхиагүй, арчаагүй гэх юм бол өөр хэнийг анхиагүй арчаагүй гэх билээ. Уг нь тэр их алтаа зараад, эсвэл барьцаалан зээл аваад худаг гаргаж, усны хайгуул хийлгэж, бэлчээрээ усжуулж, эсвэл алтны уурхай байгуулж болно оо доо.

Сонирхуулахад Сингапурт уух усаа бүгдийг нь гаднаас авдаг ш дээ. Тэд худаггүй, голгүй, гэхдээ маш их алт цуглуулсан учраас бүхнийг худалдан авч чадна, манай киноны хэдээс ялгаатай нь. Сандайлж суугаа хүн нь гуйлгачин байх юм бол дор нь алт ч байсан, алмааз ч байсан гуйлгачин хэвээрээ л үлдэнэ. Дахин дурдахад манай “Алтан өргөөн”ий хэд ус яагаад ирэхээ байсныг сонирхоод жаахан явсан бол шалтгааныг нь олчихоор байсан, булгийн ундаргыг том чулуу дарчихсан байдаг бил үү? Өндийгөөд харчихын оронд “Алтыг ууж болохгүй” гэхчлэнгийн цэцэн цэцэн юм яриад хэвтэж байдаг алтан өргөөтэй гуйлгачин гэж...Ер нь бол “Алтгүй бол юу ч уухгүй”(алтан бөгж гэж ойлгоод дэмийрээд алга болчихов оо).

Харин хүн нь бизнесмэн байх юм бол аргалаа алт болгож, алтаа үржүүлж ургуулна. Ухсан газраас нь юу ч гарахгүй атлаа баян чинээлэг амьдардаг Сингапур, Япон энийг хэлээд байна. Тийм болохоор Монгол үндэстний баялаг нь манай бизнесмэнүүд, тэдний баялаг бүтээх чадвар юм. Монгол үндэстний баялаг нь хөрсөн доорх баялаг алт эрдэнэс бус харин тэрхүү дуусдаг малтмалыг дуусашгүй баялаг болгон өсгөж ард түмэндээ нялзаах чадвар юм.

Манай орныг мал нь тэжээхгүй байгаа. Манай монголчуудыг улс нь тэжээхгүй байгаа. Үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 80 гаруй хувийг нь хувийн хэвшил бүрдүүлж байна. Тэр наян хувийн баялаг бүтээх чадвар улсаа тэжээж байна гэсэн үг. Манайхан үүнийг мөн л социалист маягаар тусгаж авдаг. Үндэсний хөрөнгөтөн, тэдний хөрөнгөө баялаг олгох чадвар нь улсын баялаг гэдгийг их явцуу ойлгодог.(Тэгээд үндэсний үйлдвэрлэл дэмжих нэрийн дор дотоодод найруулсан улаан ус уухыг шаардаад эхэлдэг...Хэрвээ тэгдэг бол “эсгий таавчиг” манай үндэсний хамгийн том баялаг болох нь байна шүү)...

2009-2017

Онцлох нийтлэлүүд