Онцлох нийтлэл
2014.12.31 03:12

Өвлийн жавхаа

Цантай өглөө хүлэг морио эмээллэн зогсохуй оломны арал хөрөөний үзүүрийг чимхээд авах шиг часхийтэл хайрна. Цанхтай тарган морь минь цомбон туурайгаараа цас цавчлан эргэцэж мордохоос жаахан халгаах сэтгэл төрүүлнэ. Жолоог хантайрч мордоод дөмөн дөмөн алхуулахуй унаган ижлээ санагалзах мэт янцгаан дүүхэлзэж, хүйтэн амгайгаа халаах гэсэн шиг жард жард зажлан толгойгоо хаялна. Хэсэгхэн алхуулж байгаад дөрөө давирах төдийд туурай яралзан өвсөн толгой намируулан давхихад ар талд онгоцны цагаан зураас шиг цасан будан татаж, хүлгийн минь туурайнаас бумбан тамга шиг дугуй цасан хэвнүүд холоо шидэгдэн үлдэнэм.

Өвлийн, илчгүй цонхигор цагаан наран өвгөн хүн шиг бөгтийж, сацраг нь мөнгөн таяг шиг гялалзана. Суран жолоо атгасан хуруу гар даарч байснаа морины халуун илч, сэгсүүргэн нударга хоёрын ачаар халуу дүүгэн дулаацна. Яралзтал давхин явахуй газар дэлхий жирэлзтэл хажуугаар өнгөрч, тэртээх тал даруйхан дэвтрийн хуудас шиг хумигдан, эзэн хүн өөрийгөө нэгэн гэгээн сайхан судар уншигч хувилгаан лугаа төсөөлнөм. Уулсын орой алсад гялалзаж, түүнээс чинагш цэв цэнхэр тэнгэр мөнгөн ус шиг мэлтэгнэнэ.

Морины хурданд чихний үзүүрт салхи сийгэж үнэгэн лоовуузны сор амьсгалын аяар битүү цан хүүгэтжээ. Салхи исгэрүүлэн давхиж морь, бие халуут жолоо татан алхуулахад өвсөн толгой ч бөхийлгөх өчүүхэн төдий сэвшээ үгүй. Уулсын энгэрт малчны хот бараантаж, ноход пөв пөв хуцах нь сонсогдоно. Цайдам хөндийд тархан идээшлэх үхэр сүрэг"Хаанаас юу гараад ирэв" гэх шиг гайхан харж савхин гөрмөл суран ташуураар падхийтэл шавхуурдахад цантсан духаа сэжин сүүл өргөн пижигнэтэл зугтана. Алсаас адууныхаа барааг харахуй хөгшин бор гүү маань нүдний үзүүрт эс үзэгдэнэ.

Дан бараан адуундаа од шиг содон сүргийн эхээ сүүлтэй сүүлгүй боохойд алдчихав уу гэх адгал хоолойд тулж, харц бүгэлзэнэ. Яаран давхисаар очвол цагаан гүү цас хэмлэн хөгшин шар шүдээ нар руу харуулж эвшээнэ. Адуугаа гилээд хөндий уруудан давхихад дэлхийн дайдыг эрхшээсэн дээдсийн сүнс дэргэд цугаар дөрөө харшуулах шиг бахархан, сэтгэл баясана. Чингэсийн морины уяа хэмээх гозгор хүн чулуудын хажуугаар гарахуй талын цагаан элэгт бялзмарууд бээрсэн аятай бяцхан далавчаа жирэгнүүлэн удаан, удаахан нисэн хөөрнө. Битүү цан цохиж хүүрэг татсан адууд минь үлгэрийн морьд шиг санагдана. Цаа буга л гагц жаргалын нар хүлхдэг гэх шиг өвлийн адуугаа гилэн ирэхэд залуу насны жавхаа тодорч идэр гурван есийн хүйтэнд энгэр задгай тавимаар сайхаан.


Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн

бүтээлүүдээс авч нийтлэв

Онцлох нийтлэлүүд