ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.08.27 04:08

Өвлийн нөхцөлд авто замыг нөхөх боломжтой технологийг туршиж байна


Цаг агаарын ямар ч нөхцөлд авто зам нөхөх “Битуфикс” бүтээгдэхүүнийг “Битумина Монголиа” ХХК Орхон аймгийн удирдлагуудад танилцууллаа. Уг бүтээгдэхүүн нь -25 хүртэлх хэмд авто замын нүхнүүдийг нөхөж, бөглөх боломжтой юм.
Эрс, тэс уур амьсгалтай Монгол оронд авто замын ажлыг зөвхөн дулааны улиралд хийдэг. Тэгвэл Английн шилдэг технологийг монголдоо нутагшуулж буй “Битумина Монголиа” ХХК “Битуфикс” хэмээх хүйтэн асфальт үйлдвэрлэж зах зээлд гаргаж эхлээд байна. Уг хүйтэн асфальтаар нэг м.кв талбайг ердөө 10 минутын хугацаанд нөхөх бөгөөд 2-3 уут /60-90 кг/-ыг хэрэглэнэ. Харин одоо ашиглаж байгаа уламжлалт технологиор нэг м.кв талбайг нөхөхийн тулд асфальтаа халуунаар нь /140 хэм/ авчран индүүдэгч техник ажиллуулах зэрэг цаг хугацаа их зарцуулдаг байна. Орхон аймаг асфальтын нэг үйлдвэртэй ч тэр нь хуучны технологиор ажилладаг ажээ.

Энэ жил Орхон аймаг 2214 м.кв авто замыг нөхсөн. Үүнд 100 орчим сая төгрөг зарцуулсан. Авто замын эвдрэл, нөхөөсийн хэмжилтийг хавар эрт хийдэг ч гүйцэтгэх хугацаа хүртэл нэмж томрох, өөр газарт шинээр үүсэх тохиолдол их байдаг аж. Хэрэв дээрх технологи монголын цаг агаарын нөхцөл, авто замын ачааллын “шалгуур”-ыг давж чадвал зөвхөн Улаанбаатар хотын авто замыг нөхөхөд зарцуулдаг 6 тэрбум төгрөг Монголын эдийн засагт эргэлдэх боломжтой юм. Үндсэн түүхий эд нь хайрга гэнэ.
Өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хоёр жилийн баталгаа өгч буй “Битумина Монголиа” ХХК өдөрт 60 тонн хүйтэн асфальт үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ.

Онцлох нийтлэлүүд