ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.05.19 10:05

Өвөг дээдсийнхээ алдааг засах боломж бидэнд л байгаа

Хүн төрөлхтөн хэдэн мянганы турш олон ч зүйлийг нээн хөгжүүлсээр иржээ. Өнөөгийн өндөр барилгуудаас эхлээд тог цахилгаан, өдөр тутмын хүнс гээд хэрэглээ бүхэн байгалиас хүний нийгэм рүү шилжсэн бүтээлүүд. Гэхдээ шинэ санаа, шинэ бүтээл бүхэн төгс байсангүй. Зохион бүтээгчид нь хүртэл харамсч, амиа егүүтгэсэн бүтээлүүд ч цөөнгүй байдаг.
Автомат буу, атомын бөмбөг гээд бүтээгдээгүй бол энэ дэлхий дээр илүү сайхан байх тохиолдлуудыг нэрлэвэл цөөнгүй юм. Энэ жагсаалтад мэдээж архи орно. Архийг хүн төрөлхтөн чулуун зэвсгийн үеэс төмөр, хүрэл зэвсгийн шатанд ахисан даруйдаа нээн илрүүлсэн гэдэг. Бараг хоолоо олигтойхон болгоод идчих чадамжгүй нөхдүүд улаан буудайг нэрж сархад үйлдвэрлэн согтуурч “солиордог” байсан байгаа юм. Нэг ёсондоо гурил идэхийн тулд бус согтуурахын тулд улаан буудайг тариалдаг байж, бидний дээд өвөг. Архи гэдэг ундаа араасаа хар барааныг дагуулдаг гэдгийг олж нээсэн хүмүүс нь тухайн үедээ мэдээгүй байж таарна. Тэгэхээр архи, архины хэрэглээ хүнтэй хамт төрөөгүй, төрмөл биш учраас таслан зогсоож болох тал бас байна. Үүнийг хувь хүний ухамсраар шийдэх боломжтойг олон ч эрдэмтэн хэлдгийг л хэрэгжүүлчих хэрэгтэй байгаа юм. Хүн бүр үүнийг ухамсарлаж ойлговол улмаар бидний хэрэглээний жагсаалтаас хасагдах боломж байгааг ч олж харах хэрэгтэй. Нэг ёсондоо өвөг дээдсийнхээ алдааг засч хүний нийгэмд ямар ч хэрэггүй атомын бөмбөг, автомат буу, архи, тамхинаас татгалзах боломж зөвхөн бидэнд л байгаа. 

Л.Мөнхтөр

Онцлох нийтлэлүүд