ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.08.24 04:08

Өвөрмонголд “Чингис хаан” нэртэй агаарын тээврийн компани байгуулагджээ

БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд “Чингис хаан” нэртэй агаарын тээврийн компани байгуулагдаж, ирэх жилээс анхны нислэгээ хийж эхлэх талаар “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Тус компанийн тэргүүн Хао Юйтао “Манай компани дотооддоо үйлдвэрлэсэн “ARJ21” тийрэлтэт онгоцоор нислэг үйлдэх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд 25 нисэх онгоцтой болно” гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн удирдах газраас “Чингис хаан” агаарын тээврийн компани байгуулах зөвшөөрөл олгосны дагуу тус компани нисгэгч, үйлчлэгч, засвар үйлчилгээний техникч гээд бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг бүрдүүлжээ.

Хао хэлэхдээ “Компанийн гаргасан төлөвлөгөөний хүрээнд бид ирэх таван жилийн хугацаанд ӨМӨЗО-ы 40 цэгийг холбох агаарын 60 маршрутын дагуу нислэг үйлдэнэ” гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр компани найман жилийн дараа 50 нисэх онгоцтой, 150 чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж буй бөгөөд цаашдаа олон улсын нислэг үйлдэх зорилготой байгаа тухай мэдэгджээ.

ӨМӨЗО-д нисэх онгоцны 28 буудал үйл ажиллагаа явуулдаг байна. БНХАУ-ын Арилжааны нисэх онгоцны корпорацийн үйлдвэрлэсэн “ARJ21” нисэх онгоц нь 78-90 хүний суудалтай, 3700 км урт зам туулах хүчин чадалтай ажээ.

Онцлох нийтлэлүүд