ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2017.11.15 11:11

“Өгөөш” хочит Таканоива А.Баасандоржийн ээлжит өгөөш нь Харумафүжи Д.Бямбадорж болчихов уу

2017.11.14-ний өглөө. Бэлтгэлийн дараа. Харумафүжи хэвлэл мэдээллээр дамжуулж уучлал гуйв

Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудал Японд шуугиан дэгдээж байх шиг байна. А.Баасандорж энэ сарын башёдоо барилдах боломжгүй болж эмнэлэгт хэд хоног хэвтэж, Д.Бямбадорж болсон явдалд уучлал гуйж мөн л башёг орхиж байгаагаа бичгээр мэдэгджээ.

Өнгөрсөн сарын 26-нд Тоттори мужид тойргийн барилдаан хийсний дараа Монгол сумочид цуглаад ууж идэж л дээ. Энэ үеэр Их аварга Харумафүжид Таканоивагийн гаргаж байгаа үйлдэл, биеэ авч яваа байдал, зан ааш нь таалагдаагүй учир шар айрагны шилээр толгойн тус газар нь цохисон тухай Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна. Одоо тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Харумафүжи залуу сумочийн биед халдлаа”, “Их аварга Харумафүжи аварга хүнд баймгүй алдаа гаргалаа”, “Бага амжилттай нь их амжилттайгаа хүндэтгэдэг. Гэхдээ өөрийг нь хүндэтгэсэнгүй гээд цол доогуур хүний толгой дээр шар айрагны шил хагалж болохгүй” гэж Харумафүжиг “ялласан”, буруутгасан зүйл их явж байна.

Сумогийн холбооныхон нэгэн дуугаар “Харумафүжи залуу сумочийн толгой дээр шар айрагны шил хагалсан” гэж зарлаж, Таканоиваг 14 хоногийн эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай болсныг мэдэгджээ. Харумафүжи өчигдөр өглөө сурвалжлагчидтай уулзах үеэрээ “Таканоивагийн дэмжигчид болон Сумогийн холбооныхноос уучлал гуйж байна. Харамсч байна” гэснийг “Их аварга хийсэн үйлдлээ бататгалаа” гэж сонин хэвлэлээр нь бичиж байна.

Маэгаширагийн наймд эрэмбэлэгдэж буй Таканоива А.Баасандорж их аваргад цохиулснаас тархи нь доргиж, гавлын яс нь цуурсан, мөн үе мөчний гэмтэл гэх оношоор энэ сарын 5-9-ний хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна.

Өчигдөр Японы Сумогийн холбооны удирдлагууд болсон үйл явдалтай холбогдуулж хуралдаж, Харумафүжи, түүний харьяалагддаг “Исэгахама” дэвжээний ояката нартай уулзаж хэрэгтэй асуултууддаа хариулт авчээ.

Японы зарим мэдээллийн хэрэгслээр Таканоива Харумафүжиг заналхийлсэн. Тэр байдал нь их аваргад таалагдаагүй учир энэхүү үл ойлголцол гарсан байх магадлалтай гэжээ.

Японы эртний түүхтэй үндэсний спортод хүчирхийлэл, дээрэлхэх явдал байх ёсгүй. Энэ бол засч залруулж болшгүй үйлдэл гэж зарим япончууд үзэж 2010 онд Ёкозуна Асашёорюү Д.Дагвадорж Токиогийн шөнийн клубийн гадаа нэг хүн рүү дайрсан, ер нь тэр ийм үйлдлийг удаа дараа гаргадаг байсан гэж өнгөрсөн явдлыг сөхжээ. Ер нь сумод том цолтой нь амжилт доогуур яваа, шинэ залуу сумочидтой харгис ханддаг. 2007 оны үед 17 настай сумоч мөн иймэрхүү үйлдлийн золиос болж амь насаа алдаж байсныг сануулжээ.

Таканоива Ёшимори А.Баасандорж нь Улаанбаатарынх юм байна. 1990 оны хоёрдугаар сард төрсөн бөгөөд одоо 27 настай. 182 см өндөр, 150 кг жинтэй. Өнгөрсөн гуравдугаар сард маэгаширагийн хоёрдугаарт эрэмбэлэгдсэн нь түүний одоогоор гаргаад байгаа хамгийн дээд амжилт нь юм байна. Ёри, наге мэх голчлон хийдэг.

Тэрээр Японы Тоттори мужийн сумогийн ахлах сургуулийг 2009 онд төгсч, Их аварга Таканаханагийн дэвжээнд элсэн орж мэргэжлийн сумо бөхөд хүч үзэн барилдаж эхэлжээ. Адьяагийн Баасандорж нь Тайланд улсад болсон Сонирхогчдын сумо бөхийн 2007 оны Залуучуудын дэлхийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан бөгөөд Японы алдарт Их аварга Таканаханагийн дэвжээний анхны монгол сумоч гэж явдаг юм байна. Харин Их аварга Харумафүжигийн хувьд өнгөрсөн хавар 33 нас хүрсэн. Нийт 776 ялалт байгуулсан бөгөөд гарамгай барилдаан, дайчин барилдаан, уран барилдааны таван удаагийн шагналтай. 2001 оноос барилдаж эхэлж 2004 онд Макүүчи зиндаанд дэвшиж барилдсан Монголын шилдэг сумоч.

Таканоива А.Баасандоржийн хувьд монгол сумочид болоод сумо сонирхогчдын дунд тийм ч нэр хүндтэй нэгэн биш бололтой. Түүнийг сүүлийн үед нутаг нэгтнүүд нь “Өгөөш” гэж нэрлэх болсон гэнэ. Японы олон зуун жилийн түүхтэй сумогийн оргилд Асашёорюү Д.Дагвадоржийг оройлон гарч ирж хэн ч үзэхгүй байсан уйтгартай спортыг нь дэлхийн хэмжээнд гаргаж ирсэн цагаас япончууд үндэсний спортынх нь оргилд япон сумоч байх ёстой гэдэг үзлээр түүнийг элдвээр гоочлох болсон байж магадгүй хэмээн спорт сонирхогчид үзэх болсон. Чөлөө авч бэйсболын тэмцээн үзснийг нь “Бэлтгэлээс зугтааж алга боллоо” гэж, хэн нэгэн рүү ширүүн харсныг нь “Хүн зодлоо” гэх мэтээр өөлж, өөнтөглөсөөр эцэст нь аргагүй байдалд оруулж “Их аварга цолоо хураалга. Эсвэл сумог орхи” гэдэг хоёр зүйл тулгасан билээ. Тэр цагаас хойш монголчуудын ноёрхол сумод улам ч бадарсан гэж болно. Хакухо тэргүүтэй Монголын сумочид одоо Японы мэргэжлийн сумог эзэгнэж байгаа. Түүхэн амжилтуудыг эвдэж араас нь нэхээд нэхээд гарч ирэхээргүй амжилтад хүрчихсэн байхад Харумафүжигийн энэ үйлдэл япончуудын хувьд удаан хүлээсэн баярт мөч нь байж магадгүй бололтой.

Тэд Таканоиваг өгөөшөө болгож Монгол сумочдын нэр хүндийг унагах элдэв башир явуулгыг өмнө нь хийж байсан тухай спорт сонирхогчид ярьж байна. Таканоива Их аварга Хакухо М.Даваажаргалыг элдвээр хоргоож хатгаж, хэвлэлийн бай болгож байсан удаатай бөгөөд түүний энэ аргад Хакухо авталгүй биеэ бариад өнгөрч байжээ. Харин энэ удаад монгол сумочид цуглаад сархад сөгнөөд сууж байхад Таканоива Их аварга Харумафүжиг илт өдөж хүндэтгэлгүй хандсан нь энэхүү үл ойлголцлыг бий болгосон байх магадлалтай байна. Тэгэхээр япончуудын тавьсан Таканоива гэх “өгөөш”-ийг манай Харумафүжи Д.Бямбадорж гэнэдээд үмхчихсэн байж болох юм. Монгол сумочдыг дотроос нь хагалгаж бутаргаж, нэр хүндийг нь унагах төлөвлөгөө нь энэ удаад биелсэнд зарим хүмүүс битүүхэндээ баяртай сууж байж ч мэдэх нь. Гэхдээ аль ч талаас нь бодсон Харумофүжигийн алдар хүндийн халуурал түүнийг ийм байдалд хүргэв бололтой.


Онцлох нийтлэлүүд