ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2019.03.21 12:03

“Өдрийн сонин”-ы найрагчид

Нийтлэлч: Өдрийн сонин

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулан "Өдрийн сонин"-ы хамт олон өөрсдийн сэтгүүлч, яруу найрагчдын дээжээс та бүхэнд хүргэж байна.

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч, нэрт нийтлэлч Бямбажавын Цэнддоо

Хайр

Чамд би хайртай гэж хэлэхгүй

Чиний төлөө үхэхгүй

Чин хайрын төлөө үг ч багадна

Чиний төлөө үхэх ч багадна

Гагцхүү би чамд

Гарцаагүй надад олдсон

Ганцхан хувь тавилангаа л өгнө

Тэгээд

Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж

Тэнгэрийг өргөн, нарыг аргамжиж

Чиний төлөө амьд явна.

Эрхчөлөө

Нэгэн навч мөчрөөсөө тасран хийсэх нь

Нисч үзэж байгаа нь тэр

Нэгэнт амилсан мөрөөдөл биелж байгаа нь тэр

Нэг л мөчирт уясан

Нэрмэж, мөрөөдлийг нь бас аргамжсан

Хүлээс алдуурч байгаа нь тэр

...Эрх чөлөө

l l l

Өвөг дээдсийнхээ гээж орхисон зүүг

Өнөө би өвсөн дундаас эрж явнам

Үзэгдэхгүй мөртлөө

Үгүй болохгүй өргөс

Нүцгэн хөлийг минь шивэхэд

Нүгэлтэй ихээр өвдөнө

l l l

Амьд насан туршдаа чамайг би хайрлана

Амьд насан туршдаа чамайг би...

Амьд насан туршдаа...

Амьд нас...

Амь...

Чингис хааны хээр талд

Чимээгээ барсан мэт дүнсийх

Чингис хааны хээр талд

Өчүүхэн навчин дээр

Өчүүхэн хорхой суужээ.

Үйрүүлээд хаясан ч үгүйлэгдэхгүй

Үржиж өслөө ч илүүдэхгүй

Навч хорхой хоёрыг

Намрын хөгшин нар

Яг л Чингис хааныг гийгүүлснээсээ

Ялгал үгүй гийгүүлнээ...

l l l

Гэргий өвдөхөд

Гэр өвдөнө

Авдар сав шаналж

Аяга ааш гаргана.

Гэрийн сүүдэр, зайлуул.

Гэмтэй юм шиг хулгаж

Гэрэлд ч хамаагүй гараад

Гэнэтхэн арилахаас ч сийхгүй.

Айсан салхи гадуур

Аяархан мөлхөж өнгөрөөд

Араас хангинах вий гэх шиг

Атирч мярааж холдоно.

Гүжирт унахаас мэгдсэн

Гүйдэл, албин, юмс

Гүйцээгүй ажлаа хаяад

Гүй газартаа одно.

Гэргий минь өвдөхөд...

l l l

Яах ч үгүй суух яасан сайхан юм бэ!

Ялаа хүртэл амсхийж, өвс хүртэл сэгхийж

Яг л энэ агшинд цаг хугацааг зогсоож

Яаран урвах орчлонд мөнхийн хутгийг олгох мэт

Зүв зүгээр суух зүйтэй сайхан юм бэ!

Зөрөх байсан учрал зөнгөөрөө зогсож эргээд

Зөрөг замын салаанууд зөвдөө нийтгэгдээд тосоод

Зөв буруу хоёрт зөрөө үгүй нь танигдах мэт.

Аль хэдийнээс хөөцөлдсөн ч бараа сураггүй нэгэн

Араас гүйцэхгүй явсныг анзаарч сая л харна.

Аз жаргал заавал, чамтай уулзъя гэхдээ

Амдаж тосох албагүйг анх удаагаа л үзнэ

Яах ч үгүй суухад

Зүв зүгээр суухад

Явах байснууд болино

Яваандаа тэгээд болно

МЗЭ-ийн болон “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын ГАНТУЛГА


Тархин доторх орон зай хагарна

Нарны сэрвээн дээрээс цахлай нисэж, салхины орон зайд хамаарна

Намрын өдрүүд үүл шиг хөвж, саруул тал чулуу шиг шидэгдэнэ

Тавилангийн цаана улилдсан чоно сэтгэл рүү минь шуурч орон

Тархин доторх орон зайд бэлтрэг гийнаж босно

Согооноос үргэсэн хөх үдэш цээжин дотор хуйларч

Солонголог чимээнд уусах төдий эргэж задарна

Ягаан долгис доторх орон зайд уран шувуу ер бусаар жиргэж

Янаг хайртын минь хөмсөг тэнгэрийн эрхшээлт навчисын сэрчигнээ болно

Зүрхэн чинаддаа голын чулуу дэрлэн чимээгүй уйлах агшин

Зуун жилийн өмнө жаал хүү үхрээ тууж явсан нуга байсан

Газрын зэрлэг урсгалаар гэгээрлийг олсон хөндүүр хором минь

Галав юүлсний дараа огторгуйг базаж, эр хүн хүүхэд төрүүлэх мөч болно

Өвөрт унтсан бүсгүйнхээ зүүдийг шөнөөр дагуулан гарч

Өндөр тэнгэрийн цагаан бороонд норгохыг хүснэ

Гэнэт цагийн зүү хурдаа аван эрчлэхэд бүх зүйл өөрөөр урсаж

Гэзгээ самнаж суусан ижий минь алга болон багын нөхөр минь буурал сахалтай ирнэ

Дэлхийд гэрэлтэхийн хязгаараас оч үсэргэн туулай дэгдэж

Дэмийрэл мэт санагдах омголон эрх чөлөөг минь бүргэд тасчиж хаяна

Цэнхэр өнгөнд ууссан аялгуугаар зоримог салхин дэл хийсгэж

Чиний зүгт нисгэсэн хүлэг болгон эмзэглэлийн цагаан саранд минь янцгааж хүрнэ

Цас хаялах гэнэтийн агшин улаан шугамны цаана будраана гэмшивч

Цахилгаан үүсгүүрт тархины уурхай тэнгэрийг соронздон татаж надад уусгана

Гол мөрөн цочирдон урсаж ангир шувууд нь үлгэрийн бороо болон мянган жилийн цаана зүсрэх

Гоо сайхны мөнхийн зогсоол оюун санааны хавар болохыг анзаарч тэнд би шувуу шиг газардана

Тархин доторх орон зай хагарна

Бор цонжийн говийн хүн чулуу

Холын замд улдаж, эцэж туйлдсан хүлэг морь шиг хүн чулуу минь

Хорвоогийн бүх л өнгийг өөртөө шингээж гоо үзэсгэлэнгээ гайхуулах бүсгүй шиг хүн чулуу минь

Дотоод ахуйдаа уусч, мянган жил дүрээ харуулаагүй нууцлаг ертөнц хүн чулуу минь

Доголон нулимсаа хэнээс ч нуулгүй арчиж, талын салхинд зүлгэгдэн уулсаа түших хүн чулуу минь

Цээжин цаана чинь намуухан уянгалах аялгууг сонсох гэж зорьж ирлээ чамайг

Цэх шулуун бус сэтгэлгээг таталцах хүч олдоогүйд арга барахдаа зорьж ирлээ чамайг

Эмзэг сэтгэлийн минь үл сонстох эгшиг яруу найрагчийн дотоод шаналал юм гэдгийг

Эмзэг сэтгэлийн чинь хүчит давалгаа яруу найргийн зуун жилийн тэсрэлт юм гэдгийг надад хэн хэллээ, хүн чулуу минь

Ганцаардлын дээд хэмнэлээр туурвисан гэрэл гэгээний нандин судрыг чинь дэлгэн уншмаар байна

Газар дээр өнө мөнхөд оршиж чадах юунд ч ялагдашгүй эр зоригийг чинь бахдан дуулмаар байна

Мянган жил өөрийг чинь хулдсан нарны энергийг

Мянган жил өөрийг чинь зүлгэсэн салхины эрчим хүчийг надад одоо л хайрла, хүн чулуу минь

Морины уруулаас орон зай тасран, ертөнцийн бүх уулс шувуу шиг нисч

Монголын их хээр тал үлгэр домгийн удиртгал болон номын хуудас адил сэрчигнэх тэр цагт

Бор цонжийн говийн хүн чулуу чи төгс гэгээрсэн Будда болно

Бодол оюунаа чамд шингээсэн хөх тэнгэр төгөлдөр ариун ертөнц болно

МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл


Ертөнцийн тухай бодол

Хувь заяа минь гагц ариун тэнгэрийн эрхшээл

Цэв цэнхэрхэн бороо нь миний л эгч дүүс ээ!

Хундага дарснаас үнэгүй энэхэн амьдралаа бодохоор

Хувхай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий еэ.

Цэцгийн сүрчиг анхилуулсан хаврын цэнхэр салхи

Цээжний амрагийг эзгүйчилж санчиг илбэн эрхлэхэд

Элдвийн ялдам аалинд нь сэтгэл хөлчүү суув чиг

Илбийн хоосон чамайгаа үнсэж чадашгүй минь хөөрхий дөө.

Нууцхан амрагийн зовлонт бүсгүй цэнхэр салхи минь

Нулимсан бөгжөө хүү чинь навчсан хуруунд чинь зүүе дээ.

Живаа живаа жилийн ариун гунигийг минь мэдрээд

Диваажин цэцэгсийн шүүдэрт намиранхан мансуурснаа мартнаа, чи.

Уйлж үзээгүй хүн нулимсны амтыг мэддэггүй

Уяхан цэнхэр эгчийн минь нууцхан шивнээг сонсдоггүй.

“Усан хүйтэн бороо” л гэж чулуун хүмүүс жихүүцдэг

Уйсхан хүний хорвоо ганцхан балга дарс аа!

l l l

Бүсгүй! таны цаг яваад эхэлчихсэн

Бүх чөтгөрүүд чиний эсрэг хуйвалдсан

Та жаахан ухаалаг төрсөн сөн бол

Тамын энэ амьдрал диваажин болчих байлаа

Бүсэлхийн чинь туяхан найгах гэрэл

Бүрэнхий үдшийн ялдам солиорлыг өдөөж

Бүжиглэх шиг уяхан намуун айзамд

Бүхий л орчлон хорвоог мартлаа, би

Тачаал дурлалын бэлэг тэмдэг барьчихаад

Тантай танилцахдаа л адын хүсэл төрсөн

Таалагдаж, сэтгэлийг минь ховсдсон увдисаараа

Та, одоо, шуламын гүнж боллоо.

Чөтгөрийн гүнж дэндүү үзэсгэлэн төгөлдрийг

Бурхдын сургаалд бишрэн сүслэхдээ би ойлгоогүй

Зүрхийг минь гартаа шимшрүүлэн атгах чинь

Зүйрлэшгүй гайхам дурсамж төрүүлэхийг мэдрээгүй.

Гэвч, таны цаг нэгэнт яваад эхэлчихсэн.

Гэрэлт сайхан царайг чинь эмгэн эмгэнэл бүрхэнэ.

Алтан элс алган завсраар урссаар л байгаа энэхэн мөчид

Аз жаргалын дарсыг амжиж уруулаас минь хүрт дээ!

Лев Толстойн “Сэхээрэлт”-ийг уншаад...

Таалал төгсөх өнчин лааны

Хайлан урсах нулимс царцаж

Уншсан номын хуудас бүхэнд

Улаан амиа хавчуулж одов.

Мөр даран гэтэх араатан шиг

Мөхлийн харанхуй орчлонг нөмрөхөд

Сэтгэлийн ариун сүмдээн залбирч

Сэрүүн гэгээ цацруулж хэвтэв, би.

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Давхардаваагийн Гансаруул


l l l

Цуврал алуурчин баригдаж

Цуутай биеэ үнэлэгч

Ор сураггүй болж

Модод нүцгэрч

Цөөрөм зайрмагтаж

Оргодлууд банк дээрэмдэж

Онгоц сүйрсэн мэдээ

Оройн мэдээгээр гарч

Цонх цантаж

Өрөө сэрүүсч

Данх шүгэлдэж

Хонх жингэнэж

Харилцуур хангинаж

Цорго чимээлж

Цонх савчиж

Хөшиг хийснэ.

Үдшийн мэдээгээр

Тахал дэгдэж

Уурхай дэлбэрч

Улстөрч хорлогдож

Төв талбайд жагсч

Тээврийн хэрэгсэл зогсч

Эмийн сангууд хаагдаж

Эмх замбараагүй байгааг

Эрэгтэй нэвтрүүлэгч ярьж

Араас нь

Цаг агаарын мэдээ уншиж

Нарлаг өдрүүд айсуй гэв.

Маргааш төрөлх тосгон руугаа

Төрж өссөн гэртээ очиж

Алимны хоёр модноосоо

Дүүжин ор уяад

Аргалын май дунд

Ааруул идэж хэвтье байз.

Хөршийн эмгэчүүл ирээд

Хотын сонин асууж

Хоргоож шалаад суучихвал

Хэлгүй болж жүжиглээд

Хэвтээд л байя.

Одоо унтъя даа

Ондоо юм бодолгүй

Өглөө эртийн галт тэргээр

Төрсөн гэрээ зорьё!

2018.08.22-24

l l l

Явуулын циркчид

Ятгатай дуучид

Гудамжны жүжигчид

Хэрмэл болгон

Энд ирнэ.

Буурчийн газар

Шар айрагны мухлаг

Шарсан махны саравч

Янжуурын дэлгүүр

Ямбууны худалдаачин

Бүгд тэднийг угтана.

Тосгоны эрчүүд

Тоосон дунд суугаад

Гараараа саравчлаад

Тоглолт юуг нь үзэхдээ

Гудасныхаа доор нуусан

Гуч, дөчин зоосоо үл хайрлана.

Гутал ч үгүй

Цамц ч үгүй байж

Гуяа гаргасан

Гунхсан бүжигчдийг харж

Гунигаа үргээнэ.

Шанааг нь дагасан хөлсөн дээр нь

Ялаа эргэлдэнэ

Шарваар өмдний дороос

Шаахайгүй эвэршсэн хөл нь цухуйна.

Жүжиг дуусахад

Хэрмэл бүхэн

Ачаагаа баглаад

Морин тэргэндээ сууна.

Түрүүхэн л инээмсэглэн бүжиж байсан

Сайхан бүсгүйчүүд

Хөмсгөө зангидан

Дараагийн тосгон руу

Яаран тэмүүлнэ.

Тосгоны хэдэн тоостой эрчүүд

Толгойгоо гудайлгаад

Гунигаа үүрсээр харина.

Тор авч гарснаа

Зах орж төмс авах байснаа

Сая л санацгаана.

2018.08.24