Монголд өдрийн сонин л үнэнийг хэлж чаддаг
Булангууд
2016.01.18 04:01

"ӨДРИЙН СОНИН"-Ы 2013.01.18-Ы АРХИВ: Ц.Оюунгэрэл: Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэхийг л Ж.Батзандан ярих ёстой

УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та ардчиллын төлөө тууштай тэмцсэн цөөн бүсгүйчүүдийн нэг. Таныг ардчилал, эрх чөлөө рүү юу тэгтлээ түлхэж байсан юм бол?

-Ер нь хүний эрх, эрх чөлөөний төлөө л явж ирсэн. Би 1987 онд нөхөртэйгөө гэрлэхдээ алтан бөгж авахаар болж билээ. Миний хань нисгэгч байсан болохоор тухайн үедээ өндөр цалинтай байсан хэрэг. Ингээд гэрлэхээсээ тав, зургаа хоногийн өмнө алтан бөгжөө авахаар дэлгүүрт очлоо. Гэтэл худалдагч нь “Алтан бөгж авбал НАХЯ-ны ажилтнаас “Алт худалдаж авч болно” гэсэн бичиг авчир” гээд өгөөгүй. 20-хон настай залуу хос тэр үед л алт авах эрхгүй гэдгээ мэдэж билээ. Бид хоёрын хувьд НАХЯ-нд байцаалт өгч алтан бөгж авах эсвэл мөнгөн бөгж зүүх сонголт л үлдсэн. Энэ мэтээр маш олон зүйл дээр эрхээ хаалгадаг байсан. Жишээлбэл, манай хөгшин ээжийнх малтай атлаа сүү, тараг нь хүрч ядсан айл байлаа. Хөгшин ээж маань тав зургаахан үнээний сүүгээ бидэнд хүргэх гэж яддаг л байж. Амьдрал нь яагаад ийм байгааг судлаад үзэхээр тэр үед хувь хүн зургаагаас дээш тооны малтай байхыг зөвшөөрдөггүй байсан. Малтай, хувийн өмчтэй байхыг зөвшөөрдөггүй, алт зүүж болдоггүй нийгэм байлаа. Тиймээс худалдаа наймаа, бизнес хийж, гадаад руу чөлөөтэй явах эрх чөлөөтэй нийгмийг байгуулж өгье гээд л ардчилалд эргэлтгүй орчихсон шүү дээ.

-Хувьсгал хийхээр тэмцэнэ гэдэг тэр бүр эмэгтэй хүний хийгээд байх зохимжтой ажил биш гэж хүмүүс боддог байх. Чухам ингэж боддог байв уу?

-”Цөөн хэдэн сахилгагүй хүнтэй нийллээ” гэж хэлэх хүн олон байсан. Гэхдээ тэд цөөн сахилгагүй хүн биш боогдмол, хязгаарлагдмал нийгмийг өөрчлөх гэж зүтгэсэн хүмүүс байсан. Тиймээс ч би зүтгэсэн зүйлдээ тууштай байсан. 1992 онд Хөвсгөл аймагт байхдаа ардчиллын төлөөх үйл ажиллагаа эхэлж байлаа. Тэр үед Хөвсгөлд ардчиллын төлөөх шинэ намуудын дарга болж улс төрд орсон. “Эрх чөлөө төв” төрийн бус байгууллагыг ажиллуулж байхдаа үг хэлэх эрх чөлөөний төлөө маш их тэмцсэн. Хэвлэл мэдээллийг хорьж цагдах, хүнийг хэлсэн үгнээс нь болж эрүүгийн хэрэгт татах зэрэг зүйлийн эсрэг явж, хүний эрхийн төлөө тэмцэж байсан. Хүн бүр эрхээ мэддэг байгаасай. Эрхийг нь зөрчсөн л бол “Миний эрхийг зөрччихлөө” гэж гомдол гаргадаг байгаасай. Тэр гомдлыг нь төр авч хэлэлцээд эрхийг нь хангадаг байгаасай. Ийм зүйлийг л бий болгохын төлөө “Эрх чөлөө төв”-д ажиллаж бас тэмцэж байлаа. Нэг нь санаатай, санамсаргүйгээр хүний эрхийг зөрчиж болдог. Харин өөрийнх нь эрхийг зөрчиж байхад дуугүй байх нь хамгийн хариуцлагагүй зүйл. Хүн өөрийнхөө төлөө дуугарч байж эрх нь баталгааждаг. Тиймээс хүмүүст өөрийгөө өмгөөлөхөд их тусалдаг, хэвлэл мэдээллийг хамгаалж ажилладаг байсан.

-Одоо эргээд харахад хүсээд байсан нийгмээ бүрдүүлж чадаж уу. Таны хүссэнээр хүн бүр эрх чөлөөтэй байж чадаж байна уу?

-Ганц хүний хүслээр нийгэм өөрчлөгдөхгүй л дээ. Олон хүний хүслээр нийгэм нэг чиг рүү явдаг. Монголчууд олуулаа эрх чөлөөтэй байхыг, олуулаа ардчиллыг хүссэн. Улс төрийн хувьд бие даасан, хараат бус байхыг хүссэн. Иргэн нь өөрөө эрх чөлөөтэй, хараат бусаар амьдарч чаддаг, тэгш оролцоогоо хүлээн зөвшөөрч чаддаг нийгэмд ардчилал оршин тогтнодог.

-Өнгөрсөн сонгуулиар ардчиллыг олуулаа сонголоо. Гэтэл иргэний нийгмийг төлөөлж байсан Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн эрхийг хязгаарлах хуулийн төсөл боловсруулжээ. Түүнийхээр төрийн өндөр албан тушаал хашиж байгаа бол гадаадад хөрөнгөтэй байх, олон улсын банкинд данстай байх эрхгүй юм байна. Энэ ардчилал мөн үү?

-Өмнөх парламент багагүй ажил хийсэн шүү дээ. Үүнийг Ж.Батзандан гишүүн судлах ёстой. Жишээлбэл, З.Энхболд гишүүнийг 2005 онд УИХ-д орж байхад би “Ардчилсан, эрх чөлөөтэй нийгэмд гадаад, дотоодод өмч хөрөнгөтэй хүн олон бий. Хүн өмчтэй байх нь гэмт хэрэг биш. Харин өмчөө мэдүүлдэг байх ёстой. Тийм учраас та хөрөнгө орлогын мэдүүлэг гэдэг зүйлийг ил тод, олон нийтэд дэлгэдэг болгоод өгөөч” гэж цаас бариад хөөцөлдөж байлаа. Парламентын гадна талаас нөлөөлж ч чадсан гэж боддог. З.Энхболд гишүүнийг УИХ-д сонгогдохоос өмнө хөрөнгө орлогын мэдүүлэг төрийн нууцад байсан. Харин бид хүн өмчтэй байх эрхтэй, харин түүнийгээ ил тод байлгах үүрэгтэй болгооч гэдэг асуудлыг тавьж эхэлсэн. Тухайн үеийн АН-ын бүлгийнхэн маш хүчтэй ажиллаж 2006 онд хөрөнгө орлогын мэдүүлгийг нээлттэй болгож чадсан.

-Одоо харин хөрөнгөтэй байж болохгүй гэж яриад эхлэх шиг боллоо...

-Хөрөнгийг нь хураах биш, нээлттэй болгосон эсэх дээр л ярих ёстой. Тухайлбал, би 2007 онд анх хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөхдөө “Өөрийнхөө санаачилсан хуулийн дагуу хөрөнгөө ил болгож байна” гээд инээж байснаа санаж байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлэхдээ гадаад, дотоодод байгаа бүх хөрөнгөө бичдэг. Миний ханийн амьдарч байсан байшин, хэрэглэж байсан данс нутагт нь бий. Миний Америкт сурч байхдаа нээлгэсэн данс бий. Яахав дээ, хааяа зуун ам.доллар хийчихдэг байсан юм. Би тэр бүхнийгээ хөрөнгө, орлогодоо мэдүүлдэг. Удаа дараа мэдүүлсэн, хэнээс ч нуугаагүй хөрөнгийг Монголд татаж авчрах эсвэл хураах тухай ярих нь утгагүй. Харин бусдаас нууж гадаадад байшин барьчихаад хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ бичихгүй бол хууль зөрчсөн хэрэг. Ийм зарчим ардчилсан бүх улсад байдаг. Америкийн парламент хүртэл Швейцарийн банкинд мөнгөө нуусан нөхдийн хөрөнгийг илчлэх гэж тэмцээд л байна. Ж.Батзандангийн яриад байгаа шиг тэмцэл тэнд ч байдаг. Гэхдээ хүн өмчтэй байж болно гэсэн Үндсэн хуулийн зарчмаа хүндэтгэх ёстой. Ил тод, шударга байлгахдаа Үндсэн хуульд заасан эрхийг хүндэтгэх учиртай. Шударга байхыг би хувьдаа зуун хувь дэмжинэ. Гэхдээ шударга байх, эрхээ зөрчүүлэх хоёр өөр. Миний 2005 онд хөрөнгө, орлогоо ил болгохын төлөө тэмцэж байсан тэмцэл Ж.Батзандангийн толгойд байгаа байх. Гэхдээ улстөрчдийнхөө хийсэн өмнөх алхмыг хараач, цэргийн дэглэмийн журам авчрах гээд хэрэггүй. Хэвшээд эхэлчихсэн зүйлийг гүнзгийрүүлэхэд залуу насныхаа эрч хүчийг зарцуулаач гэж хэлмээр байна.

-Төрийн өндөр албан тушаалтан болсон л бол гадаадын компанийн хувьцаа эзэмшигч байж болохгүй тухай Ж.Батзандан гишүүн яриад байна. Магадгүй та оюутан байхдаа ашиглаж байсан АНУ дахь дансаа хаалгах шаардлага гарах нь дээ?

-Би “Ногоон нүдэн лам” номоо барууны зах зээлд зараад эхлэхэд орлого олно. Гадаадад орлого олбол гадаадад татвар төлнө. Энэ тохиолдолд гадаадын номын дэлгүүрүүдээс мөнгөө яаж цуглуулах вэ гэдэг асуудал гарна. Гадаадад төлөөлөгчийн газар томилоод тэд миний мөнгийг явуулах нь ашигтай шүү дээ. Тэр утгаараа гадаадад данс нээж л таарна. Энэ мэтээр зөвхөн Монголдоо биш дэлхийд танигдах тухай ярьдаг атлаа олон улсын зах зээлд гарах эрхийг нь хааж болохгүй. Би ном зохиогч гэдэг утгаараа гадаадын зах зээлд гарах туйлын сонирхолтой этгээдийн нэг. Киночдоо ч гадаадын зах зээлд гараасай гэж хүсдэг учраас яамны зүгээс “Дэлхийн зах зээлд тэнцэх киног дэмжинэ” гэсэн бодлоготойгоор техникийн үзлэг хийж байгаа. Зохиолчдоо ч номоо англи, герман хэл дээр орчуулж гадаадын зах зээлд гарга гээд байгаа биз дээ. Гадаадын зах зээлд гар гэж уриалж байгаа нь гадаадад банкны данс эзэмш, тэнд мөнгөө цуглуулж баяж л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын бизнесменүүдийг томор гэж л байгаа бол гадаадад данстай бай гэсэн үг. Оюуны бүтээлээ ч тэлье л гэж байгаа бол гадаадын данстай холбогдохоос өөр аргагүй. Гагцхүү төрийн албан хаагч бол тэр бүх дансаа ил тод л мэдээлэх, төрөөс хулгайлаагүй гэдгээ л нотлох ёстой.

-Ж.Батзандан гишүүн төрийн өндөр албан тушаалтны эрхийг хязгаарлах тухай хууль ярьснаараа эргээд ардчиллаасаа ухарч, даяаршлыг үгүйсгэж байна гэж ярих хүн ч олон байна.

-Гадаадад данстай байх эрхгүй юм бол Таван толгойн хувьцааг авах эрхгүй гэсэн үг. Таван толгойн хувьцаа Лондонгийн бирж дээр гарах гэж байна. Монголчууд Лондонгийн бирж дээр арилжаа хийж, хувьцаа авахын тулд тэнд данстай байх ёстой биз дээ. Төрийн өндөр албан тушаалтан гэж ярьж байгаа ч эрхийг нь зөрчсөн асуудал бизнесменүүдэд ч халдана. Яагаад гэвэл, нэг хүний эрхийг зөрчих өд дуугарахгүй байгаа бол дараагийн хүний эрхийг зөрчихөд амархан болдог. Улстөрчдийн эрхийг зөрчиж байхад бид дуугарахгүй бол бизнесменүүдийн эрхийг маш амархан зөрчинө. Тэдний эрхийг зөрчихөд дуугарахгүй бол үйлдвэрчнийхний, ард түмний эрхийг зөрчихөд амар болно. Тиймээс 100-хан хүний эрхийг зөрчинө гэж ярьж байгаа бол уучлаарай. Ганц хүний эрхийг ч хамгаалах ёстой. Энэ нь өөрөө ардчиллын баталгаа.

-Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг бол тоймгүй баян гэх. Эсвэл бүх эрхийг нь хязгаарлах ёстой гэх юм. Ер нь УИХ-ын гишүүн, сайдын ажлыг ямар хүн хийх ёстой юм бол?

-Уг нь төрийн өндөр албан тушаалтан иргэдийн төлөөлөл байх ёстой. Ардчилсан нийгэмд төгс хүнийг биш өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохын төлөө байдаг. Би ч төгс биш гэдгээ сонгогчдодоо хэлж л байсан. Сонгогчид маань ч намайг төгс биш гэдгийг мэдээд сонгосон. Төгс сайхандаа, эсвэл бусдаас илүүдээ сонгогдоог үй. Бусад хүний төлөөлөл болж чадах юм байна гээд л сонгосон. Түүнээс УИХ-д ортлоо жирийн хүн, гишүүн болсны дараа гэнэт төгс хүн байж болохгүй.

-Ханилсан ханиа бас заавал Монгол Улсын иргэн байлгах ёстой гэж байгаа. Ханиа хүртэл бусдаар заалгана гэвэл төрийн өндөр албан тушаалыг хүсээд байх хэрэггүй бололтой.

-Манай хүн Монгол Улсын байнгын оршин суугч. Монголын аюулгүй байдлаа хамгаалах тогтолцоо маш сайн шүү дээ. ДОХ-оос эхлээд бүх төрлийн шинжилгээ өгч, цагдаа, тагнуулын байгууллагаар тав, зургаан сар судлагдсаны дараа гурван жил оршин суух эрхтэй болдог. Дахин судлагдаад таван жил амьдрах эрх авдаг. Таван жил надтай амьдарсны дараа байнга оршин суух эрхийг өгдөг. Манай хүн Монголд амьдрах бүх шалгалтыг давчихсан. Байнгын оршин суугчаас илүү зүйл шаардах нь хэрэгтэй юм уу даа. Цэдэнбал Филатова хүртэл Монгол Улсын байнгын оршин суугч байсан юм билээ. Орос руугаа бүрмөсөн нүүгээд явахад нь байнгын оршин суугчийнх нь үнэмлэхийг хураагаад авчихсан. Ер нь ихэнх улс гадаадын иргэнийг авъя гэж зорьдоггүй. Үнэхээр хараад, муугаар бодлоо гэхэд тагнуулч бол аль болох хурдан Монгол Улсын иргэн болохыг бодно биз дээ. Тиймээс үнэхээр аюулгүй байдлаа бодвол улсынхаа иргэн болгох шаардлагагүй. Харин ч өөр орны иргэн байсан нь аюулгүй байдалд ашигтай. Түүнээс Монгол Улсын бүх зүйлд нэвтэрч, мэдье гэвэл төрийн өндөр албан тушаалтантай гэрлээд л болчихно байна шүү дээ.

-”Гишүүний нөхөр байхын тулд Монгол Улсын иргэн болох юм байна шүү” гэж ханьдаа хэлэв үү?

-Хууль гарчихаагүй, ярианы түвшинд байгаа асуудлыг хэлж, хүний сэтгэлийг самууруулаад яах вэ дээ (инээв). Тэртэй тэргүй бид хоёр гэрлэхдээ би АНУ-ын иргэн, манай хүн Монголын иргэн хэзээ ч болохгүй гэдгээ хэлсэн. Бие, биенийхээ үүсэл гарал, эх орныг хүлээн зөвшөөрнө гэдгээ тохирчихсон. Манай гэрт Америкийн зочид ирчихээд Монголыг муулбал би шууд зочид буудал руу нь хөөдөг. Угаасаа манай гэрт, миний цайг ууж байхдаа Монголыг муулж болохгүй гэдэг дүрэм үйлчилдэг. Тиймээс миний хань Монголыг дээд зэргээр хүндэлдэг. Би ч Америкт оччихоод тэндэхийг шүүмжилмээр байвал гардаг. Бид хоёр гэр орноо, эх орноо ингэж л хүндэтгэдэг.

-Хэдийгээр монгол хүнтэй гэрлэсэн ч эх орныхоо харьяатаас гарахыг хүсэх хүн ховор. Тэгэхээр ер нь гадаад хүнтэй сууж болохгүй гэсэнтэй адил болов уу?

-Ж.Батзандан гишүүн хүний эрхийг давхар, давхар зөрчих санаа агуулаагүй байлгүй дээ. Ёстой гэнэн цагаанаар ийм үр дагавартай зүйлийг ярьчихлаа гэж бодож байгаа.

-Намынхаа нөхөртэй энэ талаар ярилцаж үзэв үү?

-Эсрэг байр суурьтай байгаагаа хэлсэн.

-Та хэвлэлийн эрх чөлөөний төлөө багагүй дуугарч байсан. Гэтэл Засгийн газар цахим мэдээллийн хэрэгслийн сэтгэгдлийг зохицуулахаар болж байна. Үүнд заавал төр оролцох хэрэг байна уу?

-Засгийн газрын хуралдаан дээр ярьж байхад хэвлэлийн эрх чөлөөтэй яаж зохицох вэ, нэрээ нууцлах эрх зөрчигдөж байгаа юм биш үү гэдгийг санаачлагчаас нь асуусан. Харин Засгийн газрын нэгдмэл байр суурь бол нэрээ нууцлах эрх хадгалагдана гэдэг байр суурьд хүрсэн. Харин нэгийнхээ бичсэн нийтлэлийн дор доромжлох нь ёс зүйд нийцэхгүй. Тиймээс ёс зүйд захирагдахгүй орон зайд хүнийг доромжлох, гүтгэхээс сэргийлэхийн тулд арга зам хэрэглэж байгаа. Барууны ёс зүй сахидаг хэвлэлүүд ч бүгд нэртэй сэтгэгдэл авдаг. Тиймээс дэлхийн хэвлэл мэдээллийн ёс зүйд нийцүүлье л гэж байгаа юм.

-Сэтгэгдлийг хянах, нэртэй болгохыг сайтууд өөрсдөө яагаад шийдэж болохгүй гэж. Төр заавал журам гаргах хэрэг байгаа юм уу?

-Сэтгэгдлийг хариуцах эзэнгүй болчихсон. Вэб сайт бүрт “Сэтгэгдлийг хариуцахгүй” гэсэн өгүүлбэр байдаг. Цаашид Засгийн газрын тогтоолыг өөрчлүүлье гэвэл сэтгэгдэл хянах, ёс зүйг сахиулах хороо байгуулах ёстой. Эсвэл өөрсдөө ингэж зохицуулна, ийм дүрмийн дагуу ажиллана гэдгээ Засгийн газарт ирүүлж болно.

-Сэтгэгдэл бичсэн хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, аюулгүй байдалд нь бас эрсдэл учрах юм биш үү?

-Өөрийгөө бүртгүүлээд сэтгэгдэл бичнэ. Тэр хүн рүү хэн ч хандаж болно. Ингэсэн тохиолдолд хэдэн сая хүн уншдаг орон зайд айлгүй сэтгэгдэл бичсэн шалтгаанаа хэлнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, сэтгэгдэл бичнэ гэдэг хувь хүний харилцаа биш нийтийн орон зайн харилцаа учраас нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Хэрвээ нэрээ нууцалж үзэл бодлоо илэрхийлмээр байвал блог гаргаж, twitter, facebook эсвэл сонины орон зай ашиглаж болно шүү дээ. Түүнээс сэтгүүлчийн бичсэн нийтлэлийн орон зайд өөр нэг нь нэрээ нууцалж бусад руу дайрч давшилж болохгүй.

-Бас кабелийн 20 гаруй телевизийг хаах тухай ярих боллоо. Үзэгчдийн эрхэд хүртэл халдаад байгаа юм биш үү?

-Гурван сарын хугацаатай үүрэг өгсөн юм билээ. Би телевизүүдийг хаах тухай сонссон даруйдаа Харилцаа, холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаатай утсаар ярьж хэвлэл, мэдээллийн хэрэгслийг хаахын эсрэг байгаагаа хэлсэн. Техникийн болон оюуны өмчийн шаардлага тавих боломжтой байх, гэхдээ цензурдах хаах нь илүү том асуудал шүү гэдгээ ч хэлсэн. Тэгэхэд “Хэвлэлүүдийг хаах тухай огт яриагүй шүү” гэж байна лээ.

-Газар албадан чөлөөлөх хуулийн төсөл ярьж байна. Малыг нь төр авч байсан шиг өмчилсөн газрыг булаах нь ээ?

-Хуулийн төсөл Байгаль орчны байнгын хороон дээр орж ирэхэд нь зарчмын зөрүүтэй саналаа хэлсэн. Эхний ээлжинд Газар өмчлүүлэх тухай хэлэлцэж тодорхой болгосны дараа юуг хураах вэ гэдгийг ярих ёстой. Бүх улсад нийтийн эрхийн төлөө бусдын газрыг худалдаж авдаг. Хувьчилж амжаагүй газрыг төр үнэгүй авчихна шүү дээ. Тиймээс эхлээд газраа хувьчлах нь чухал. Ялангуяа газар өмчлөлийн асуудлаа шийдэхгүйгээр дахин төлөвлөлт хийвэл олон хүний эрх зөрчинө. Тиймээс зарчмын хувьд Газар өмчлөлийн хуулийг Газар албадан чөлөөлөх тухай хуулийн өмнө ярих ёстой гэдэг байр суурьтай байгаа. Мөн албадан чөлөөлөх гэдэг нэрийг өөрчлөх санал гаргасан. Ардчилсан улсуудад газар албадан чөлөөлөх тухай хууль байдаг. Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэхийн өмнө газраа өмчилдөг. Хувийн өмчийн газрыг худалдаж авах замаар газрыг чөлөөлдөг. Мөн хүний газрыг авах гэж байгаа бол зөвхөн нийтийн зориулалтаар ашиглах ёстой.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөөр хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эздийг зарлахыг шаардаж байгаа. Бас байнгын хорооны хуралдааны үеэр алдаа гаргасан сэтгүүлчийг мэргэжлээр нь ажиллуулахгүй байх яриа гарч байсан. Ингэснээрээ хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уу?

-Байнгын хорооны хурал дээр байгаагүй учраас юу ярьсныг нь мэдэхгүй юм. Гэхдээ эздийг зарлах нь олон улсын жишиг. Эзэд зарлагдахаас айх хэрэггүй. Харин “Чи хэвлэлтэй байж болохгүй” гээд эрхийг нь хаахаас өөрсдийгөө хамгаалах ёстой.

-Ардчилсан намынхан засаг барьснаас хойш хаана, эрхийг нь цуцална, цагаан сараа хүртэл ингэж тэмдэглэ гэж хориглох, зааж ажиллах боллоо. Ийм хатуу шийдвэрүүд гаргаснаараа иргэдийн шүүмжлэлд өртөж байгаагаа анзаарч байна уу?

-Иргэдийн байр суурийг сайн илэрхийлэх ёстой. Ингэж байж улстөрчид хүмүүжнэ. Төрд олон нийтийн дуу хоолой хүрч л байх ёстой. Ардчилсан засаг гарчихсан юм чинь ардчилсан замаар явж болно гэж найдаж болохгүй. Тиймээс ч иргэдийг сайн шүүмжилж, өөрсдийгөө төлөөлж гарсан хүмүүсийг зөв ажиллуулаасай л гэж бодож байна.

Онцлох нийтлэлүүд