ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.06.06 11:06

Өмнөд Монголын залуус Монголоороо бахархдаг

Өмнөд Монголын нийслэл Хөх хот руу редакцийнхаа томилолтоор явлаа. Тэндхийн залуусын амьдралыг сурвалж­лахаар яваа нь энэ. Хэн нэгэн дарга дагаагүй учраас очоод хэнтэй уулзаж ямар сурвалжлага хийх вэ гэдэг чөлөөтэй. Өмнөд Монгол залуустай уулзаж нэг өдрийг хамт өнгөрөөхөөр гадагш гарлаа. Их сургуулийн ойролцоо залуучууд их байх гэж бодоод Хөх хотын үндэсний дээд сургуулийн тэр хавиар жаал алхав. Гудмаар явж байтал шилэн хаалган дээр урт үстэй рок хамтлагийнхны зурагтай хуудас наачихаж. Эндхийн хамтлаг байх нь гэж бодсоор дөхөөд очтол манай “Харанга” хамтлагийнхан байдаг байгаа. Тавдугаар сарын 17, 18-нд Хөх хотод тоглох зар байна. Зар наасан газар нь “Хас-Уянга” нэртэй номын сан ажээ. Дотогш орлоо. Эрэгтэй, эмэгтэй хоёр оюутан ном уншаад сууж байна. Уншиж буй ном руу нь өнгийгөөд хартал босоо монгол бичигтэй юм.

“Сайн байна уу” гээд мэндлэв. Хоёул зэрэг ухасхийн босоод “Та монгол хүн үү” гэв. Тиймээ гэтэл эмэгтэй нь хүрч ирээд тэврээд авахаас наагуур юм боллоо доо.

Хөөрч, баярлаад бүр сүйд. Манай номын санд яаж яваад ороод ирэв. Энд амьдардаг юм уу гэж асуугаад л. Харь холын нутагт хамаатан садантайгаа таарч байгаа мэт дотносож байна. Яг л эртний сайн найзтайгаа, эсвэл олон жил уулзаагүй эгчтэйгээ уулзаж байгаа мэт халуун дотноор танилцлаа. Эмэгтэйг нь С.Цоморлиг, эрэгтэйг нь Б.Алмааз гэдэг ажээ. Хоёул Хөх хотын Үндэсний дээд сургуулийн гадаад хэлний салбарын сургуулийн англи хэлний сурган хүмүүжүүлэх ангийн нэгдүгээр курсийн оюутан юм байна. Хичээлээ тарж ирээд номын санд сууж байгаа гэлээ. С.Цоморлиг богино ханцуйтай цамц, жинсэн өмд өмсч үсээ ардаа шуугаад боочихож. Манай оюутан охид шиг нүүр ам, хумс хуруугаа будаж чамирхсан юм алга. Өмссөн хувцас нь ч гэсэн янз бүрийн хээ хуар, хурц тод өнгөгүй. Б.Алмааз ч бас жинсэн хүрэм, өмд өмсөж. Илүү дутуу зүйлгүй энгийн даруухан хувцаслажээ. “Харанга хамтлаг манай улсад тоглолтоо хийхээр ирчихсэн байгаа. Өнөөдөр Ордост тоглож байгаа байх. Тавдугаар сарын 17, 18-нд Хөх хотод тоглоно” гэв. Тоглолтын тасалбар нь суудлаасаа хамаарч 200-350 юань байдаг юм байна. Манайхаар 60-100 мянган төгрөг болно. Хөх хотод ирсэн манай уран бүтээлчид голдуу Одон телевизийн цагаан сарын баярын концерт болдог гурван мянган хүний суудалтай танхимд тоглодог ажээ. Харанга гээд ярьтал өнөө хоёр маань “Тоглолтыг нь үзэх юмсан” гэлээ. Б.Алмааз 

Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам 

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам 

Толин хулын төвөргөөнд 

Тугаа өргөсөн Монгол оо” гээд нүдээ тас аньчихаад дуулж гарав. Үгийг нь яасан сайн мэддэг юм гэж бодож зогстол яг энэ хэсгийг дуулаад зогслоо. Нүдэнд нь нулимс цийлэгнэжээ. “Би энэ дуунд хайртай. Ар Монголд очиж үзээгүй ч тэндхийн наадмыг дотроо төсөөлж бодоод дуулдаг. Шинэ жилээр хүмүүс янз бүрийн гадаад дуу дуулдаг бол би “Толин хул”-аа л дуулдаг. Гадаа цастай байхад би хөх ногоо униартсан уудам талыг сэтгэлдээ төсөөлж мөрөөддөг. Миний энэ насны мөрөөдөл тусгаар тогтносон Монгол Улсад очиж үзэх” гэлээ. Түүний чин сэтгэлийн мөрөөдлийг сонсоод С.Цоморлиг “Нэг үндэстэн хоёр улсад байх ямар хэцүү гээч. Би таныг танихгүй мөртлөө төрсөн эгч шигээ санаж байна” гэв. Тэгснээ гэнэт нэгийг санав бололтой “Хүүе нээрээ С.Сэрчмаа сайн уу. Хүүхэд нь том болж байгаа юу. Ар Монголдоо тоглолтоо хийгээд, дуугаа дуулсаар явна уу” гэлээ. Манай хамтлаг, дуучдыг л асуугаад байх юм. Ice top өнгөрсөн өвөл тоглолтоо хийсэн биз дээ. Та үзэв үү, гар утсаараа бичлэг хийсэн бол үзүүлээч гээд л. Хамтлаг, дуучид, хошин урлагийнхныг маш сайн мэдэх юм. Бүр реппер Gee, Ice top, Lumino, The Lemons гэж нэрлэж байгаад шинэ гаргасан дуу бүрийг зааж өгөх нь холгүй юм боллоо. Эндхийн залуус орой үдшийн цагаар интернэтээр манайхны уран бүтээлийг байнга үздэг юм байна. Нэг хэсэг Монголын үндэсний олон нийтийн телевизээр “Тусгай салаа” олон ангит кино гарч байхад “Уулын буга нь урамдах цагаар...” гээд тус киноны Дэндэвийн дуу моодонд оржээ. Ерөөс хөгшин залуу гэлтгүй хүн бүрийн гар утсанд тус дууны ая эгшиглэж байсан байна. Одоо харин “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө Гэнэ гэнэхэн сэтгэл минь чамайг харахаар догдлоод байна аа” гээд дуучин Д.Намсрайноровын “Дурлан дурлан хайрламаар” дуу хит болж байгаа ажээ. Бас нэг хэсэг “Ice Top” хамтлагийн “Гандан буурахгүй” дуу залуусыг жинхэнэ байлдан дагуулжээ. Одоо ч бас дуулсаар л байгаа юм билээ. Б.Алмааз “Энэ дуу маш гоё үгтэй. Сонсохоор хийморь сэргэх шиг болдог. Би үеийнхээ зургаан залуутай нийлдэг. Бид хэд нийлэхээрээ за хийморийн сангаа тавья гээд дуулж гарна даа. 

Мандах нар мэт хийморьтой, омог бардам эр хүн би 

Тиймээ би монгол хүн, тэнүүн ухаант аавын хүү 

Асах гал мэт халуун цустай омог бардам эр хүн би 

Амьдралд сөгдөхгүй, гандан буурахгүй” гээд л дуулна” гэв. Энэ дуунаас хойш залуучуудын дунд гандан буурахгүй гэдэг үг дэлгэрчээ. Юм л бол гандан буурахгүй шүү гэнэ. Аливаа хариуцлагатай ажлын өмнө, эсвэл хэн нэгэндээ ерөөл хэлэхдээ гандан буурахгүй шүү л гэх болжээ. 

Хас-Уянга номын сангийн жижигхэн өрөөнд бид хэсэг ярилцлаа. Манай хоёр үдээс хойш хичээлгүй учраас номын санд сууж жүжгийн зохиол уншихаар ирцгээжээ. Хоёулаа хөтлөгч болох хүсэлтэй. Тиймээс уран зохиолын ном, шүлэг яруу найраг, жүжгийн зохиол унших дуртай юм байна. Манай сор болсон яруу найрагчдыг шүтдэг ажээ. Пунцагийн Бадарч, Дөнгөтийн Цоодол, Бавуугийн Лхагвасүрэн гээд аваргуудын шүлгийг цээжээрээ уншиж байна. Шинэ зүйл сурсан цэцэрлэгийн хүүхдүүд шиг л би нэг шүлэг уншиж өгөх үү, дуулж өгөх үү гэсээр бид номын сангаас гарч ойролцоох хоолны газар руу явлаа. Оюутнууд ер нь барагтай бол гадуур хооллодоггүй гэсэн. Онцгой тохиолдолд л гадуур хооллоно. Бусад үед дотуур байранд хоолоо иднэ. Бид нэг, нэг таваг хоол аваад ширээний ард суулаа. “Энд тэнд хоол идэхдээ болж өгвөл монголчууд бөөнөөрөө сууцгаадаг. Зодолдож нүдэлдэх юм залуу хүмүүс хойно гаралгүй яахав. Хэн нэг нь зодуулчихсан байвал хариуг нь заавал авна. Тэр хүнийг таних танихгүй нь хамаагүй зодсон залууг очоод нүдчихнэ. Болохгүй бол олуулаа нийлж байгаад ч болтугай зодолдоно. Сургуулийн орчинд нэгнээ өмөөрсөн иймэрхүү зодоон байнга гардаг гэж ирээд л хуучлав. Яагаад ингэж ярих болов гэхээр би санаандгүй “Та нар их томоотой юм. Барагтай бол зодоон гардаггүй байлгүй” гээд асуучихсан юм. 

Эндхийн сургуулийн нэг жилийн төлбөр дунджаар 3500 юань. Дотуур байр, хоолтойгоо нийлээд жилд долоон мянган юань төлнө. Манайхаар хоёр сая орчим төгрөг. Хичээл ихтэй. Оюутнууд нь ч мэрийлттэй. Өглөө найман цагаас хичээл эхэлж 14 цагийн үед тарна. Гадуур сэлгүүцэж, эсвэл гэртээ харина гэсэн юм байхгүй. Аль нэг номын санд очиж судлах зүйлээ уншсаар 18 цаг хүргэнэ. Оройн хоолоо идчихээд хөтлөгчийн, эсвэл жүжгийн сургалтад яваад 21 цагийн үед дотуур байрандаа ирдэг байна. 

Бид гурав хоолоо идэж дуусчихаад цүнхнээсээ уруул өнгөлөгч гаргаад иртэл С.Цоморлиг “Таны уруулын будаг хаанахынх вэ. Орифлэймынх уу” гэлээ. Эндхийн охид нүүр амаа учиргүй будаад байхгүй ч эмэгтэй хүн л болсон хойно гоо сайхны хэрэгсэл сонирхоно. Голдуу Хятадын бүтээгдэхүүн авдаг юм байна. Нэг хэсэг харин ар монголоос “Орифлэйм” орж иржээ. Охид хүүхнүүд ч өдөр шөнийн тос, биеийн шингэн саван, хумсны будаг, уруул өнгөлөгч, үнэртэй ус авч хэрэглэдэг байсан гэнэ. Өмнөд монголчуудад овоо танигдаад, нэр хүндтэй ч болж байтал захиалга авдаг хүний холбоо тасарчээ. Хааяа нэг Хөх хот руу явдаг байсан нөхөр л Орифлэймийн каталоги өгөөд захиалга аваад байсан шиг байгаа юм. Дөрөв таван сар захиалга авч, хүргэлт хийж байгаад өнгөрсөн өвлөөс сураггүй болжээ. Шинэ бүтээгдэхүүн хэрэглээд дасаж байсан хүүхнүүд нэг хэсэг Орифлэймээ үгүйлж байгаад одоо эргээд хятад бүтээгдэхүүндээ орсон гэсэн. Эндхийн охид, хүүхнүүдийн нүүр царайгаа арчлах арга манайхантай төстэй. Оройд нүүрээ угаагаад сүүн шингэн, чийгшүүлэгчээрээ арчаад тосоо түрхэнэ. Гадуур явж байхад нүүрээ будсан хүн бараг таарахгүй юм. Нүдээ теньдэж, уруулаа өнгөлсөн бүсгүйчүүд хааяа нэг таарсан ч хятадууд байх ажээ. Манайх шиг хуурай, ширүүн уур амьсгалтай биш учраас сайртана гэж санаа зовох хэрэггүй. Тэгээд ч уур амьсгал нь чийглэгдүү, зөөлөн талдаа болохоор нүүрээ будлаа ч халуунд урсчихдаг байлгүй. Бас Өмнөд Монгол хүүхнүүд гангалж гоодож сураагүй бололтой юм. 

Бид гурав номын сан руу буцах замдаа Хөх хотод байдаггүй мөртлөө Улаанбаатарт байдаг, бас Улаанбаатарт байдаггүй хэрнээ Хөх хотод байдаг үйлчилгээний газрын талаар ярилцав. Хөх хотод ломбард байдаггүй бололтой юм. Зээл өгдөг газар бий ч гар утсаа, эсвэл зүүж яваа алт, монетон ээмэг бөгжөө барьцаанд тавиад мөнгө авдаг гэхээр өнөө хоёр маань гайхаад болдоггүй. Гэнэт мөнгө хэрэг болвол зүүж яваа монетон бөгжөө 20 мянган төгрөгөөр барьцаалж болдог гэж байж сая нэг үнэмшүүлэв. Хөх хотод бас эрүүлжүүлэх байдаггүй гэсэн. Хүмүүс тасарч унатлаа архи уух нь ховор. Хаа нэг ухаан мэдрэлээ алдсан согтуу хүн явж байвал цагдаа нар эмнэлэгт хүргэж өгөөд тэндээ дусал залгаад хонуулдаг гэнэ. Харин манайд сүүлийн үед ихэнх барилгын булан тохойд нээгдээд буй фитнес Хөх хотод ховор байдаг юм билээ. Орон сууцнуудын дунд болон нийтийн эзэмшлийн талбайд хэдхэн алхаад л цэцэрлэгт хүрээлэнтэй, тэндээ бялдаржуулах хэрэгсэлтэй учраас заавал мөнгө төлж биеэ чийрэгжүүлэх шаардлагагүй. Бас сургуулийн дотуур байрны дэргэд гүйлтийн зам бүхий чийрэгжүүлэх газартай болохоор залуус нь фитнест явдаггүй гэсэн. Фитнест хэн явах вэ гэхээр голдуу төрийн албан хаагчид. Эсвэл баян айлын гэрийн эзэгтэй нар чөлөөт цагаа өнгөрүүлдэг юм байна. 

Хаа газрын охид хүүхнүүдийн ярианы сэдэв болсон турах асуудал ч энд байна. Бүсгүйчүүд турах гээд хоолоо сойхоос гадна төрөл бүрийн эм бэлдмэл их хэрэглэнэ. С.Цоморлигийн найз охид ч бас янз бүрийн тураах эм уудаг гэсэн. Хөх хотын эмийн сангуудаар юу л байна тураах эм байдаг учраас хоол идэж байгаа юм шиг л эм хэрэглэдэг ажээ. Өрөөнийх нь охин бүр 01, 02 цаг хүртэл орон дээрээ унтахгүй суугаад байдаг гэсэн. Хана налж суугаад толгойгоо дохиод л. Тэгсэн хэрнээ хэвтээд унтахгүй. Хэвтэхээр таргалчих гээд. Бүрэн унтахгүй, сууж байвал ходоод нь ажиллаад турна гэх ойлголттой байдаг ажээ. “Турах гэж байгаа хүн харин ч эсрэгээрээ сайн унтаж байх ёстой шүү дээ” гэтэл хүлээн зөвшөөрдөггүй ээ. Унтчихаар хүний бие эрхтэн дагаад унтана. Тэгэхээр турах явц зогсоно гэж үздэг юм байна. Яаж ч маргаад дийлсэнгүй. Ингэж унтахгүйгээр турна гэж боддог охид шөнө 01, 02 цагийн үед орондоо орж унтаад үүр цайхаар дахиад л босоод суучихдаг гэнэ. Зарим нь бүр нойр, хоолгүй явсаар гадаа гарч гүйх ч тэнхэлгүй болдог ажээ. Гэхдээ байнга ийм байхгүй. Улирлын чанартай аяглана. Гадаа дулаарч хөнгөн нимгэн хувцсандаа орох үедээ турах талаар ярина. Зунжингаа иймэрхүү маягаар өөрийгөө ядрааж жингээ хассан болоод намар эргээд хамаа замбараагүй идэж эхэлдэг гэж байгаа. Тэгээд л өвөлжин хуримтлуулсан таргаа зун нь хасах гээд шөнө ч бүтэн нойртой хонож чадахгүй өөрийгөө зовоодог байна. Бас хажуугаар нь хэрэгтэй хэрэггүй тураах эм, бэлдмэлд хамаг мөнгөө үрээд хачин юм болдог ажээ.   

Өндөр гоолиг С.Цоморлиг хүртэл турах талаар ярих юм. Би 170 см өндөр, 55 кг жинтэй. Надтай чацуу өндөртэй хэрнээ миний тал шиг харагдахаар туранхай. Тэгсэн мөртлөө Улаанбаатарын хүүхнүүдийн турах аргыг асуугаад байх юм. “Хоолоо сойдог уу. Олон давхар хувцас өмсөж хөлсөө гаргаж байна уу” гээд л. Хэт туранхай байх юу нь сайхан байна вэ гэхэд “Эрэгтэй хүний нүдэнд арьс хүртэл зузаан харагддаг гээ биз дээ” гэж байна шүү. Бараг л хөх мах нь харагдахаар тийм туранхай байвал гоё байж, эрчүүдийн нүдэнд сайхан харагдах юм гэнэ. Бас яс арьс болсон бие хаатай байвал ямар ч хувцас зохидог талаар ярилаа. Зун цагт ганган хувцаслахдаа зориулж ийн биеэ бэлддэг ажээ. Ганган хувцас гэснээс тэндхийн охид хүүхнүүд энэ зун моодонд ороод байгаа дэрэвгэр хормойтой даашинзаар гоёж байна. Бас шөвгөр хоншоортой гадсан өсгийт жийнэ. Ерөнхийдөө тэгш, майга ямар ч хөлтэй байсан богинохон дэрэвгэр даашинз өмсдөг болжээ. Зохисон зохиогүй моодоо дагаж байгаа нь тэр.    

Хоолны дараа  хотын залуусын оройдоо цуглардаг газар болох Шар гудамж руу явлаа. Тэнд караоке, баар, хоолны газар, тоглоомын төв гээд залуусын чөлөөт цагаа өнгөрөөх газрууд бий.

С.АЛТАНЦЭЦЭГ


Онцлох нийтлэлүүд