ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.05.18 08:05

ӨМӨЗО-ны “Талын дуу хоолой” радиогийн сэтгүүлч Р.Чинзориг: Манай радио Өмнөд Монголыг харах нэгэн толь болж байна

Өмнөд Монголын Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Равдангийн Чинзоригтой уулзаж хөөрөлдлөө.


-Сайхан хаваржаад байна уу. Та бүхэн манай улсад ямар ажлаар ирээд байна?

-Мэнд сайхан хаваржиж байна. Монгол Улсын “Шинэ долгион FM 107.5” радиогийн хорин жилийн ойд манай “Талын дуу хоолой” радиогийн төлөөлөл баяр хүргэхээр хүрэлцэн ирлээ. Манай хоёр байгууллага хамтарч ажиллаад олон жилийн нүүр үзлээ.

-Өмнө нь Монгол Улсад ирж байв уу?

-Би 2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл, утга зохиолын ангийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаж Хөх хотын Улсын багшийн их сургуулийн гуравдугаар ангийн оюутан байхдаа хүрэлцэн ирж суралцаж байсан. Тэр чинь одоо арван жилийн өмнө юм байна шүү. Багш нартай одоо ч харилцаа холбоотой байдаг. Тэр үед надад Батзаяа, доктор Одмандах, урлаг судлалын ухааны доктор, профессор Хөвсгөл нараараа эрдэм номын цагаан буян хүртэж байсандаа баяртай байна даа. Түүнээс хойш албан ажлаар Улаанбаатарт олон удаа ирсэн дээ.

-Та энгэртээ Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч, цогт эх оронч Очирбатын Дашбалбарын дүр бүхий тэмдэг зүүсэн тань содон харагдаж байна шүү?

-Би Монголынхоо яруу найрагчдаас Ренчиний Чойном гуай, Очирбатын Дашбалбар нарыг их шүтэн биширдэг. Эд бол монгол түмнээс төрөн авьяас билгээрээ цолгорсон агуу найрагчид. Бас Монголын уянгын их хүүрнэлч, ардын уран зохиолч Балжирын Догмид гуайн зохиолуудыг газар тавилгүй уншдаг даа.

-Хөндлөн монгол үсгээрээ унших уу?

-Босоо монгол бичгээрээ ч, кириллээр ч уншдаг. Дашбалбар гуайн сүүлд гарсан цэнхэр номоос бусдыг бүгдийг нь худалдан авч номын сангаа баяжуулсан. Та харин надад багшийнхаа номоос олж өгвөл их баярлана шүү. Би Монгол Улсад дараа нэг тааваар ирж түүхэн дурсгалт газруудаар аялмаар санагддаг. Өмнө нь яахав, Чингис хааны ташуур олсон гэдэг домогтой Цонжин болдог руу л нэг очсон доо.

-Талын дуу хоолой гэж ямар үйл ажиллагаа явуулдаг радио билээ?

-Өмнөд Монголын радио, телевиз хорооны “Талын дуу хоолой” радио нь БНХАУ-ын радио телевизийн удирдах газрын зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд Өмнөд Монголоос Монгол Улсын сонсогчдод зориулсан, нэг ёсны гадаад нэвтрүүлэг юм. Манай радио 2013 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаагаа эхлэн агаарын долгионоор нэвтрүүлгээ цацсан түүхтэй.

-Нэг хэсэг Өмнөд Монгол хүний яриаг сонсохоор бараг ойлгогддоггүй байсан сан. Одоо та нар биднээс ялгаагүй цэвэр халх аялгаар нэвтрүүлгээ цацах болсон байна лээ. Яаж ингэж амархан дасан зохицож чадаж байна?

-Тийм ээ. Манай “Талын дуу хоолой” радио Монголынхоо сонсогчдод улс орны хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын сонин сайхныг халх аялгуугаар хүргэж байгаа. Үүнд үнэндээ нууцсаад байх юм байхгүй л дээ. “Талын дуу хоолой” радио Монголын Үндэсний радиотой хамтын ажиллагааны гэрээ байгуулж Монгол Улсын алдартай сэтгүүлчдийг урилгаар ажиллуулж байна. Та бүхэн “Зөөлөн зөөлөн замбуулин” дууны шүлгээрээ алдаршсан нэрт сэтгүүлч, яруу найрагч Лханаагийн Мөнхтөр гуайг сайн танина. Энэ мундаг хүн гэхэд манайд мэргэжилтнээр ажиллаж байгаад бид баяртай байдаг. Мөн Монголын радиогийн сэтгүүлч А.Уранчимэгийг сайн таних байх. Эдгээр мундаг сэтгүүлчдээсээ бид асар их зүйлийг сурч байдаг. Одоо бидэнтэй гэхэд БНХАУ-ын кино орчуулгын халх монгол хэлний нэгдсэн төвийн захирал Уул хамт ирсэн. Мөн Өмнөд Монголын Радио, телевизийн Монгол радиогийн захирал Элбэрэлт гуай бас ирсэн шүү.

-Та бүхэн агаарын долгионоор монгол хэлээр ямар нэвтрүүлгүүд өргөн барьж байна?

-Бид монгол сонсогчдодоо цаг үеийн мэдээ мэдээллээс гадна “Солонго”, “Тэнгэрлиг эгшиг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, “Эрүүл бие саруул ухаан”, “Энх мэндийн хөөрөг” зэрэг нийгмийн аж амьдралын бүхий л салбарыг хамарсан найман тусгай хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байна. Одоогийн байдлаар манай радио өдөрт 18 цаг 15 минутын нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байгаа.

-Улаанбаатарынхан танай радиог сонсох уу?

-Нийтлэл нэвтрүүлгээ Улаанбаатар хотод өдөр бүр найман цагийн турш “Шинэ долгион FM 107.5” радиогоор дамжуулахын зэрэгцээ Өмнөд Монголын радио телевиз хорооны “Мөнх тэнгэр” интернэтээр бүх сонсогчдодоо давхар хүргэж байна. Манай нэвтрүүлэг Монгол Улсад цацагдахад “Билэгсанаа” компанийн захирал Л.Баттулга ах, “Шинэ долгион”-ы захирал Ц.Ариунаа эгч нарын хүчин чармайлт их тус нэмэр болж байгаад бид баяртай байдаг даа.

-Өөр ямар нэвтрүүлгүүд бэлтгэж цацдаг бол?

-Өө, олон нэвтрүүлгүүд бий. “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Таны сэтгэл дэх Өмнөд Монгол”, “Удмын алтан хэлхээ-үүх түүх, өв соёл”, “Ардын дууны аян замын сурвалжлага” зэрэг томоохон хэмжээний цуврал хөтөлбөрөөр Монгол Улс, үндэстэн ястныхаа түүх соёл, ард олны зан заншлаас танилцуулж ирлээ.

-Монгол ахан дүүстэйгээ ямархан харилцаа холбоотой ажиллаж байна?

-“Талын дуу хоолой”-нхон бид 2014 онд Монголын Үндэсний олон нийтийн радиотой хамтран “Хятад, Монгол хоёр улсын дуулаачдын уралдаан”-ыг Хөх хот болон Улаанбаатар хотноо тус тус амжилттай зохион байгуулсан нь дууны эгшгээр хоёр орны ард түмний найрамдалт харилцааг ойртуулан дотносуулах үйлсэд хувь нэмрээ оруулсан үйл явдал болсон. Мөн 2015 оноос эхлэн “Энх мэндийн хөөрөг” хэмээх хоёр цагийн хөтөлбөрийг Улаанбаатар хотоос бэлтгэн сонсогчдодоо хүргэж эхэлсний зэрэгцээ “Талын дуу хоолой” we chat нээж өдөр бүр олон сонирхолтой зураг дүрс, дуу бичлэг цацаж байгаа нь дотоод гадаадын сонсогчдын таашаалд ихэд нийцэж байгаа.

-Өнгөрөгч онд танай радиогийн урилгаар Монголын сэтгүүлчид Өмнөд Монголоороо аялсан байх аа?

-Манай радиогийн захирал Баясгалангийн санаачилгаар “Хөгжилд хөтөлсөн 70 жил” Хятад-Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийн аяллыг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон. МҮОНРТ-ийн захирал асан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Цагааны Оюундарь тэргүүтэй Монгол Улсын 12 сэтгүүлч Өмнөд Монголын арван сэтгүүлчийн хамт Эрээн хотын хилийн худалдааны төв, Цахар баруун гарын хойд хошууны төмсний үйлдвэр, “Асар аялгуу”, Шулуун хөх хошуун дахь Юань улсын дээд нийслэл Шандугийн туурьтай танилцан, цахар монгол хэлний баримжаа аялгууг сонордон, Хишигтэн хошуу, Баруун үзэмчин хошуунд Дундад улсын хамгийн их үржил шимтэй ногооны аж ахуйг сонирхон, Шилийн хотын Ажил мэргэжлийн дээд сургуульд зочилж, махны үйлдвэрт очин, Өмнөд Монголын хамгийн алдартай хүмүүс болох алдарт морин хуурч Чибулаг гуай болон Бүх улсын хэмжээнд 16 удаа түрүүлсэн том Цагаанзаан аваргатай нүүр учран аялсныг Монгол Улсын сэтгүүлчид олон сайхан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хүргэснийг Монголын ард түмэн мэдэж байгаа байх аа. Тэр багт Монголын радиогийн сэтгүүлч, МЗЭ-ийн зохиолч, хэлбичгийн доктор Галсангийн Болормаа гуай болон МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Доржханд, “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах албаны дарга Цолмон нарын мэргэжилдээ эзэн болсон мундаг сурвалжлагчид явсан шүү.

-Шинэ долгион FM 107.5 радиогийн болон Талын дуу хоолой радиогийн баярт ямар зочид уригдан оролцож байна?

-Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр хүрэлцэн ирж сайхан үг хэллээ. Өмнөд Монголын Радио телевизийн ерөнхий инженер Дү Жүн, МҮОНР-гийн дэд захирал Гэрэлээ нар чин сэтгэлийн мэндчилгээ уламжилсан. “Талын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгүүд Монголын сонсогчдод Өмнөд Монголыг таньж мэдэх нэгэн цонх болж буйд баяртай байгаагаа энэ дашрамд илэрхийлье.

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ хатагтай бас хүрэлцэн ирсэн байв уу?

-Гайхамшигтай авьяаслаг ятгачин Мөнх-Эрдэнэ эгч ирсээн. Хүнд өвчний дарангуйллаас аж төрлийн алтан аяганаа ус уух хувь олгосон түмэн олон, тэр дундаа чин сэтгэлээр хандсан “Талын дуу хоолой” радиогийн хамт олон болон сэтгэлийн их хандиваа харамгүй хайрласан манай Өмнөд монголчууддаа баярласнаа илэрхийлэхдээ үг хэлж эс чадан баярын сувдан нулимсаа унагаж байсан шүү. Үнэхээр хүмүүн гэгч гагцхүү эрүүл л байвал бурхны авралаар буман сайхан, түмэн жаргалын үүд нээгдэх болохоор арга ч үгүй байх л даа.


Онцлох нийтлэлүүд