ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2018.03.27 09:03

Өнгө өнгийн такси, өөр өөр үнэтэй

Томоохон хотуудын нийтийн тээврийн үйлчилгээ, хүн тээврийн нэлээд хувийг такси компаниуд нуруун дээрээ үүрч явдаг. Харин манайд таксины компани ашиггүй учир хоосон орон зайг нь хувийн тэрэгтэй хүмүүс нөхөж байна гэдэг. Үдэш орой замын дэргэд гараа өргөхөд ямар ч хамаагүй жижиг тэрэг ирэхээр суучихдаг. Тэр такси биднийг гэрт минь хүргэх эсэхийг мэдэхгүй, тэр талаар юу ч бодоцгоохгүй. (Таксины жолоочийн үйлдсэн гэх гэмт хэргүүд өдөр бүр гардаг) Зорьсон газраа ирлээ гэхэд өөр өөр үнэ хэлнэ. Зарим нь бүр маршрут гаргаад тариф тогтоочихсон байдаг. Бензин, тос үнэртсэн, хир тоостой суудалтай, салж унах гэсэн жижиг тэрэг, тохилог, аятайхан такси хоёр ижилхэн тарифтай. Хувийн тэргэнд суучихаар хүний машинд дайгдаж, гуйж суусан юм шиг, ер нь жолоочийнх нь аясаар. Жолооч нь тамхи татвал дагаж дам тамхидалтад өртөнө. Ярианы сэдвийнх нь дагуу ам дагуулж тэрхэн зуур буу халахгүй бол төлбөр дээр мөнгө нэмж мэдэх.

Жуулчид “Улаанбаатарт такси маш ховор. Зөвхөн тусгай дугаар руу утасдаж дууддаг. Замын хажууд гар өргөхөд ирж зогссон жижиг тэрэгний жолоочид итгэж болохгүй” гэж нэгэндээ зөвлөж “Монгол руу аялал, жуулчлалаар явахаар төлөвлөсөн бол анхаарах 20 зүйл”-ийнхээ эхэнд Улаанбаатарын хувийн таксичдаас болгоомжил гэсэн байна билээ шүү. Такси компаниуд шинээр нээгдэх боломжгүй юм бол энэ халтуурчдаа чиглэл чиглэлээр нь багцалж баг, хоршоо болгож зохион байгуулалтад оруулмаар байна. Хүнээс мөнгийг нь авах гэж байгаа бол үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгийг нь нэг удаа ч болов хэлээд өгөхсөн. Тэгж байтал сайхан цаг ирж, алаг бөөртэй таксинууд олшрох нь мэдээж.


Онцлох нийтлэлүүд