ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2018.05.14 09:05

Өнөр бүлийн тэргүүн, ахмад сэтгүүлч С.ЦАМБАЖАВ гуайнх

Тэртээ 1960 онд манай улсын эрдмийн уурхай болсон Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлчийн ангид анх оюутан элсүүлж байжээ. Улмаар нэг жилийн дараа сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсанаар дээд боловсролтой үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэгдэж эхэлсэн байна. Ингээд сэтгүүл зүйн сургалт, судалгааны ажлыг эхлүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй эрхлэн хөтлөх цоо шинэ үе бий болжээ. Тухайн үед МУИС-д сэтгүүлч мэргэжлийг эзэмшсэн анхны 30 оюутны нэг "Алтан гадас" одонт, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Ш.Цамбажав гуай юм. Энэ удаагийн “Танайд өнжье” булангаараа ханьтайгаа нэгэн жарныг туулж яваа Шавирайн Цамбажавын амьдралын замналыг өгүүлье. Өдгөө 84 насыг зооглож буй хоёр буурай XIX хороололд амьдардаг ажээ. Урин дулаан хаврын өдрүүдэд хоёр буурай Хандгайтын зусландаа гарчээ. Улаанбаатар хотоос гарч давхисаар Хандгайтын “Их тамир” зусланд ирэв. Ш.Цамбажав гуай хашааныхаа гадаа биднийг гараараа даллан тосон хүлээж авлаа. Тэрээр “Өнөөдөр ч сэрүүн өдөр байна шүү. Алив хүүхдүүд минь орцгоо” гэсээр угтан авав. Тэднийх хоймортоо Увсын Цагаанхайрхан сумын Цагаанхайрхан уулын зургийг залжээ. Нөгөө ханандаа үр хүүхэд, ач зээ, ачанцар зээнцэрийнхээ зургийг тавьсан байв. Өнөр өтгөн айл гэдэг нь зураг дээрээс харагдаж байлаа. Ш.Цамбажав гуай “Алив хөгшин минь цайгаа хурдан аягал, хүүхдүүд ирлээ” хэмээхэд Б.Бүрнээ гуай орос шаазан тавагнууд гаргаж, боорцог, чихэр, үзмээр алаглууллаа. Аагтай шаргал цай ч буцалж, яриа хөөрөөгөө эхлүүлэх болов. Ш.Цамбажав, Б.Бүрнээ гуай нарын бага нас Увс аймгийн Цагаанхайрхан суманд өнгөрчээ. Хоёул нэг нутгийнх бөгөөд саахалт айлын хүүхдүүд гэнэ. Хоёр буурай маань 1959 оны зуны эхэн сарын бэлгэт сайн өдөр айл гэр болжээ. Б.Бүрнээ гуай “Ш.Цамбажав манайх руу байнга малаа туучихна. Үүнээс болж хоёулаа хонины захад маргалддаг байлаа. Тэр үед миний насны хань минь гэдгийг яахин мэдэх билээ дээ. (инээв) Нэг өдөр ээж минь чамайг Ш.Цамбажавтай суулгана гэхээр нь түүнтэй суухгүй гэж уйлж билээ” хэмээн хуучлав.

Б.Бүрнээ гуай Улсын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр төгсөөд 30 гаруй жил ажиллаж, боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулжээ. Ш.Цамбажав “Манай хадам аавынх Ханхөхийн цэнхэрлэсэн их нурууны ар өврөөр бууц сэлгэн нүүдэллэж явсан хангай нутгийн уугуул айл. Ханийн минь аав, ээж үр хүүхдээ хар бор ажил хөдөлмөрт айхтар сурган өсгөж, хүмүүжүүлсэн. Эднийх таван хошуу малтай байсан. Эхнэр маань багын малд дуртай тул бид хоёр агаар нь тунгалаг, ус нь рашаан болсон Хандгайтад хэдэн үнээний дэлэн бараадаж, үр хүүхэд ач, зээ нараа сүү таргаар таслахгүй гэсэндээ, аж төрж сууна. Хань минь орой гэртээ сурагчдын хэдэн арван дэвтэр хянаж засах, маргаашийн хичээлдээ бэлдэх, мөн өөрийн зургаан хүүхэдтэйгээ ажиллах, хувцсыг нь оёх, зэрэг их ажлыг жин тан болгосоор ирсэн юм. Халамж хайрын орчлонд ханиас минь илүү юм үгүй билээ. Миний хань тэтгэвэрт гараад гучаад жил болсон ч шавь нар нь амар мэндийг асууж, анги хамт олноороо манайд ирцгээдэг. Багшдаа үнсүүлж, багшаа магтан ярьдаг. Ингэхээр миний хань хүүхдүүдэд хичээл заахын зэрэгцээ эх хүний сэтгэлээр уян зөөлөн ханддаг байсны гэрч юм болов уу гэж боддог” гэж байлаа.

Тэднийх таван охин, нэг хүүтэй юм байна. Ууган охин энэ жил 59 нас хүрч байгаа бөгөөд 15 ач, зээ, таван ачинцар, зээнцэртэй гэнэ. Тэдний ууган охин Ц.Нарантуяа Политехникийн дээд сургуулийг сантехникийн инженер мэргэжлээр төгссөн. Ээрмэлийн үйлдвэр болон Улсын барилгын зургийн институтэд инженерээр ажиллаж байсан. Одоо барилгын зураг төслийн “ЦНТ” компанийн захирлын алба хашиж байгаа юм. Удаахь охин Ц.Энхтуяа Хөгжим бүжгийн дээд сургуулийг төгссөн. Улсын драмын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад Украйн улсын Харьков хотын Соёл урлагийн дээд сургуульд суралцжээ. Тэрээр Архангай аймгийн театрын дарга, Улаанбаатар хотын хөгжим бүжгийн сургуульд багшилж байсан аж. Одоо Англи улсад ажиллаж байгаа гэнэ. Гурав дахь охин Ц.Сарантуяа. Хөдөө аж ахуйн дээд сургуулийг нягтлан бодох-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, УлаанбаатарТөмөр замын суудлын вагон депод нягтлан бодогчийн чиглэлээр ажилладаг байна. Дөрөв дэх охин Ц.Од, тэрээр Чехословак улсад хөнгөн үйлдвэрийн инженер технологич мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын Гутлын үйлдвэрт инженер технологич, УИХын тамгын газарт референтийн алба хашиж байжээ. Одоо Австри улсад ажиллаж амьдардаг. Тэдний хүү Ц.Гантулга, цахилгааны инженер мэргэжилтэй. Хувийн бизнес эрхэлдэг. Отгон охин Ц.Төгсжаргал нь одоо Австри улсад амьдардаг байна.

Ш.Цамбажав гуайн аав нь уужуу тайван сэтгэлтэй аливаа асуудалд их ул суурьтай ханддаг, хэрсүү хүн байжээ. Олонд нэр хүндтэй, түүнийг хүмүүс “Шавиа” гэж авгайлдаг байна. Түүнчлэн 1924 оноос багийн дарга, хоршоо худалдаа, нам захиргааны байгууллагад 30 гаруй жил алба хашсан нэгэн байжээ.

Ш.Цамбажав гуай 1935 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Гуньж гутахыг мэдэхгүй, нусаа хацартаа наасан, хөдсөн дээлтэй, хөмөн гуталтай, хөл гар нь сайртсан, айл саахалтын хооронд дэгдсэн гурван настай хүү байхдаа ээжээсээ өнчирч үлдсэн байна.Тэднийх таван хошуу малтай болохоор Ш.Цамбажав гуайг сургуульд суулгахгүй гэж их л цааргалж байжээ. Хүүхдээ сургуульд суулга гэж сумаас байнга шаардсаны эцэст арга буюу сургуульд суулгахаар болжээ. Энэ талаар тэрээр “Тэр жил манайх ноосны төлөвлөгөө биелүүлээгүй учир сувай хонио ахарлав. Малын тоо толгойд оноосон хялгас, ноос ноолуурын төлөвлөгөө биелүүлэхгүй бол шоронгийн хаалга татуулдаг үе байсан юм. Ноос үсний төлөвлөгөө биелүүлэхээр малчин ард ихээхэн зовлонд учирч байлаа. Зарим аймаг, суманд дээлийн үсийг хүртэл хайчлуулж байж билээ. Ингээд би ахрын ноос ачсан тэмээнд сууж, аавын хамт сургуулийн зүг явж байсан юм. Би сургуульд орохоос өмнө ахаар тоо заалгаж 100 дотор нэмэх хасах аргыг сурчихсан, мөн шинэ үсгээр ойр зуур уншдаг “мундаг эр” байлаа шүү дээ. Манай ангид над шиг хөгшин хүүхэд тийм ч олон байсангүй. Багшид түвэг болохгүй, түүний заасныг бодож, уншчихдаг тул ангидаа овгор амьтан байлаа. Ингээд Цагаанхайрхан сумын долоон жилийн дунд сургуулийг төгсөөд аймгийн 10 жилд хувиарлагдав. Анги удирдсан багш Б.Чилхаасүрэнгээс Улаанбаатар хотод ямар нэг техникумд хувиарлахыг гуйсан боловч халгаасангүй. Би хот явах хүслэнд автагдан тэр зуныг өнгөрөөв.

Тэр үед ах Ш.Цэрэнчойжил Гэгээрлийн яаманд ажиллаж байв. Түүнд хотод сургуульд явахаар удаа дараа захиа бичсэний эцэст ир гэсэн хариу авч бөөн баяр болж байж билээ” гэв. Тэрээр Улаанбаатар хотын Багшийн их сургуулийг төгссөн. 1957 онд багш болж ЦагаанХайрханы бага сургуульд нэгдүгээр ангийг удирдаж байжээ. Тэрээр “тухайн үед хүүхэд багшаа гэж анх удаа дуудахад ичих, баярлах хоёр зэрэгцэж байлаа шүү дээ” хэмээсэн юм. Мөн ЦагаанХайрхан, Баруун Турууны дунд сургуульд гурван жил багшилсан байна. Дараа нь сэтгүүлч мэргэжил эзэмшиж, ажил амьдралынхаа хөгжилтэй, хөөртэй замналыг өнгөрүүлжээ.

Ш.Цамбажав гуай “Багшийн сургуульд намайг сурч байхад физикийн хичээл зааж байсан Ц.Няндаг, түүхийн багш Н.Наранцацралт багштай учрав. Эдгээр багш нар МУИС-д багшилж байжээ. Багш нартайгаа мэндлэн, сургуульд орохоор хөдөөнөөс хувиартай ирсэн. Түүхийн ангид бүртгүүл гэсэн. Би сэтгүүлчийн ангид ормоор байна. Надад тусалж сэтгүүлчийн ангид бүртгүүлж өгөхийг хүслээ. Наранцацрал багш, сэтгүүлчийн ангид 32 хүн авна. Одоо энэ ангид шалгалт өгөхөөр 70 гаруй хүн бүртгүүлээд байгаа. Чамайг бүртгэж болно. Чи шалгалтад тэнцэх үү” гэв. Би ч тэнцэнэ гэлээ. Ингээд сэтгүүлчийн ангийн жагсаалтад намайг 75д бүртгэв. Би элсэлтийн шалгалтаа амжилттай өгч эрдмийн уурхай болсон МУИСийн үүдийг татаж, 1960 онд сэтгүүлчийн ангид орсон юм. Нимгэн зузаан хэдэн дэвтэр хавтсанд хийж, анхны хичээл сонсохоор сургуульд очиж байлаа” хэмээв.

1960 онд МУИС-д сэтгүүлчийн анги нээгдэж, 30 оюутан төгссөн байна. Энэ бол монголдоо бэлтгэгдсэн мэргэжлийн анхны сэтгүүлчид юм.

Тэрээр “Тэр намар Жаргалантын сангийн аж ахуйд Ц.Авирмэд гэдэг оюутантай танилцаж, Н.Иштавхайн тухай сонссон юм. Ц.Авирмэд ярихдаа “Н.Иштавхай гэж шог зохиолч, луглагар эртэй хамт сэтгүүлчийн ангид суралцана гэв. Би тэр Н.Иштавхай гэдэг чинь том эр үү, гэв. Ц.Авирмэд, Томоо том. Тэр лав манай ангийн “Атаман” болох хүндээ гэж ярив. Хичээл эхлэв. Ц.Авирмэдээс нөгөө Н.Иштавхай чинь аль нь вэ гэхэд. Халзандуу толгойтой, тогдгор намхан хижээлдүү насны хүнийг заав. Ингэж Н.Иштавхайтай энэ өдрөө л танилцаж халуун дотно яриа эхэлсэн юм. Түүнтэй дөрвөн жил хамт сурахдаа онигоо, алиа хошин яриагаар биднийг хөгжөөдөг байв. Тэрээр угаас инээдэмтэй, явах нь хүртэл ойр ойрхон алхдаг учраас түүнийг “мөөжиг жөөжиг алхаатай мөн ч хөөрхөн тавхай” гэдэг байлаа. Н.Иштавхай маань ангийн “атаман” биш Монголын шог зохиолын “атаман” хүн байжээ. Түүний талаарх нэгэн түүхийг өгүүлмээр байна. Нэг өдөр сэтгүүлчийн танхимын эрхлэгч зохиолч сэтгүүлч Л.Содов багш МУИСийн 20 жилийн ойд зориулсан тусгай сонин гаргах болсон талаар ярьж сонинд бичих сэдвийг хуваарилав. Н.Иштавхай бид хоёрт Их сургуулийн ректор Н.Содномтой уулзаж ярилцлага авч сонинд нийтлүүлэх үүрэг өгөв. Тэгээд ректороос ярилцлага аваад гарахад Н.Содном ректор “Иштавхай минь намайг битгий тоншуулдаа тоншчихоорой. Тэгвэл дипломгүй гэж мэдээрэй” хэмээн ёжлоход Н.Иштавхай, одоо ч чадахгүй л дээ ректор минь. Хожим сургуулиа төгссөн хойно бол магадгүй шүү гэж хошигнож билээ” хэмээн оюутны насны сайхан дурсамжаасаа ийнхүү өгүүлсэн юм.

Мөн тухайн үед дээрээс өгсөн чиглэлийн дагуу оюутнуудын ажиллах хуваарийг сургуулиас гаргаж өгдөг байжээ. Цамбажав гуай “Миний анхны хуваариар Намын Төв Хорооны хэвлэл “Намын амьдрал” сэтгүүлд ажиллуулах байв. Тэгээд сэтгүүлийн тэнхимийн эрхлэгч зохиолч, сэтгүүлч Л.Содов хэдэн оюутны хуваарийг Намын төв хорооны боловсон хүчний хэлтсийн эрхлэгч Б.Чимидэд айлтгав. Л.Содов багш, бидний сурлага сахилга бат, нам эвлэлийн гишүүн эсэх ял шийтгэл аваагүй, цагаантан болон хувьсгалын эсэргүү хэрэгт уг удмаас нь оролцож байгаагүй гэх зэргээр танилцуулав. Чимид гуай, намын гишүүн бус Ш.Цамбажав гэдэг оюутныг намын төв хэвлэлд ажиллуулахаар хуваарилагдсан байна хэмээн Л.Содов багшийг зэмлээд, тэр оюутан гар гэж лүндэн буулгав. Би арслан, бар мэт сүртэй эрээс сүнсээ зайлтал айж, сүүлээ хавчин нохой шиг хөөгдөн ордноос гарав. Энэ талаар Ш.Цэрэнчойчил ахынд(төрсөн ах) ирж ярив. Ш.Цэрэнчойчил ах “намд элс гээд байхад, одоо яав гэхэв. Хөдөө явж дээ” гэв. Ингэж Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллахаар очиж билээ” гэв.

Тэрээр тус сонинд хоёр жил ажилласан байна.Ингээд түүний цаашид хэвлэл мэдээллийн газар мэргэжлийн ажил хийх гарааг нээж өгсөн ажээ. Тэрээр ажиллаж байх хугацаандаа намд элсэж төвийн хэвлэлд ажиллах эрхтэй болсон байна. Ингээд Намын төв хорооны томилолтоор Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн хэвлэл “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар 14 жил ажиллажээ.

Тэрээр “Сэтгүүлч мэргэжлээр ажиллах шиг сайхан жаргал байсангүй. Тухайн үед “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлд ажиллаж байхад Чой.Лувсанжав багш англи хэлний хичээл бэлтгэн тусгай хавсралтаар хэвлүүлдэг байлаа. Ц.Пунцагноров дарга сэтгүүлд хэвлэсэн англи хэлний хичээлийн хавсралтыг барьсаар хааяа миний өрөөнд ирж “Чи энэ үгийг эхтэй нь сайн тулгаж хараагүй юм уу” гэнэ. Би тэр болгонд яс хавтасхийдэг байв. МАХН-ын төв хорооноос сар тутам төвийн хэвлэл, мэдээллийнхнийг цуглуулж, хэвлэлд буруу, зөрүү гарсан зүйлийн талаар жавтий хүртээнэ. Нэг өдөр хэвлэлийн нөгөө хурал боллоо. Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Адьяа манай сэтгүүлийн нэрийг дуудан, хэн ирснийг асуув. Би бослоо. Тэрээр “та нар орос хэлний оройд нь гарчихсан юм уу. Орос хэл сурталчлахын оронд сэтгүүлээр хөрөнгөтний хэл заалаа. Англи хэл сурталчилахаа боль хэмээн зарлигдав. Ингэж англи хэлний хичээл хаагдаж билээ.Гэтэл одоо төрийн албыг англи хэлээр явуулах нь холгүй болоод байх шиг. Цаг үеэ гэж хаврын тэнгэр лугаа адил юм аа” гэв.

Тэрээр 1962 оноос одоог хүртэл 200 гаруй сурвалжилга, найруулал, тэмдэглэл, нийтлэл, өгүүлэл, бичиж төв орон нутгийн хэвлэлд нийтлүүлсэн байна. Мөн “Өнөөгийн монгол”, “Үндэсний бөх”, “Илтгэх урлаг”, “А.В.Чеховын амьдрал уран бүтээл”, “БНМАУын ардын хянан шалгах байгууллага” зэрэг арваад ном, товхимол бичжээ.

Цамбажав гуай 1980-аад оноос Улсын Ардын Хянан Шалгах Хороонд ахлах зохион байгуулагч буюу улсын байцаагчаар ажилласан байна. Тухайн үед ардын хяналтын байгууллагад гавьяат эдийн засагч Ц.Молом, ахмад сэтгүүлч Ч.Бавуу, Ч.Молом гээд шилдэг авьяас билэгтэй хүмүүс удирдаж байжээ. Тус байгууллагад төрөл бүрийн мэргэжилтнүүдтэй хамт арван жил ажилласан байна.Тэрээр “Энэ нөхдийн ачаар миний бие төрийн хяналт шалгалтын ажилд зохих дадлага туршлага олсон юм. Одоогоос 34 жилийн өмнө Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн анхны шав тавигдаж байхад миний бие сурвалжилж байлаа” гэв.

Тэрээр өөрийн одоо гарч байгаа сонин, сэтгүүл, телевизийн мэдээг алгасахгүй үздэг гэнэ. Сүүлийн үед гарсан ном, сонин дээр засвар хийж балаар зассан харагдаж байлаа. Зуун зууныг элээж бидний үед хүртэл нутагшиж ирсэн ХанХөхий уулаараа овоглож байдаг өтгөс буурлуудын туулсан нэгэн амьдралын түүхийн зах зухаас хүргэхэд ийм байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Онцлох нийтлэлүүд