ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2017.11.13 12:11

Өнөөдөр орой Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийн “Сэрсэн тал 33” тоглолт болно

Image result for Б.ШаравМанай алдарт хөгжмийн зохиолч УГЗ, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэрсэн тал 33” тоглолт өнөөдөр орой Соёлын төв өргөөнд болох юм. Энэ удаагийн тоглолтыг алдарт хөгжмийн зохиолчын шавь, Үндэсний урлагийн их театрын Үндэсний найрал хөгжмийн ерөнхий удирдаач, МУГЗ Н.Буянбаатар зохион байгуулж байгаа бөгөөд түүнтэй “Сэрсэн тал 33” тоглолтын талаар ярилцсаныг сонирхуулья.


-Төрийн соёрхолт Б.Шарав гуайн “Сэрсэн тал 33” тоглолт өнөөдөр орой болно. Та шавийнх нь хувьд энэ удаагийн тоглолтыг зохион байгуулж байгаа юм байна.

-УГЗ, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав нь одоогоос 33 жилийн тэртээ буюу 1984 онд БНМАУ тунхагласны 60 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн концертонд удирдатгал хөгжим бичих үүрэг авсан байдаг. Ингээд 1984 онд 150 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний найрал хөгжим “Сэрсэн тал” бүтээлийг анх тоглосон түүхтэй. Үүнээс 30 жилийн дараа буюу 2014 онд “Сэрсэн тал 30” гэсэн тоглолт хийсэн. Энэ нь Б.Шарав багшийн маань хөгжмийн , дууны урлагт бүтээсэн бүтээлүүдийг тоглосон. Түүнээс хойш “Сэрсэн тал 31”, “Сэрсэн тал 32” гээд жил бүр тоглолтоо хийгээд явахаар тогтсон боловч тухай цаг үед мэргэжлийн урлагийн байгууллагуудын бололцоо дээр нь багшийн маань алдартай дуунуудыг дуулдаг дуучид маань тоглолтын хувиараас болоод хоёр жил өнжсөн. Энэ жил нөгөө хувьсгалын тохироо бүрдэн гэдэг шиг манай алдартай дуучид маань гэрээт тоглолтоо түр завсарлаад энүүхэн хооронд “Сэрсэн тал 33” тоглолтыг хийх боломж гарлаа.

-Энэ жилийн “Сэрсэр тал 33” тоглолтын онцлог юу вэ?

-“Сэрсэн тал” тоглолтыг бид жил бүр хийхээр төлөвлөсөн. Энэ тоглолтыг хийхдээ хөтөлбөрт бол өөрчлөлт орохгүй. Харин хөтөлбөрт орсон уран бүтээлийг хэн уламжилж сайн дуулж явах вэ гэдэг нь онцлог болно. Магадгүй “Сэрсэн тал 44” тоглолтыг хийхэд жишээ нь “Хайрхан уулын бараа”-г хэн илүү сайн дуулах вэ гэдэг байна. Монголын хөгжмийн урлагийн түүхэнд Б.Шарав багшийн маань оруулсан хувь нэмэр түүний уран бүтээлүүд нь үеийн үед дурсагдаж байхаас гадна энэ бүтээлүүдээр дамжин манай дуучид дэлхийд гарах гарцыг олж байгаа. Олон улсын өндөр зэрэглэлийн дуулаачдын тэмцээнд оролцож буй манай уран бүтээлчид маань жишээ нь зайлшгүй монгол дуугаа дуулдаг. Үүнд манай Б.Шарав багшийн маань уран бүтээл дуулагддаг. Хамгийн сүүлд Лондон болсон “BBC Cardiff Singer of the World” олон улсын уралдаанаас Э.Амартүвшин оролцохдоо Б.Шаравын багшийн “Аав ээж хоёр” дууг дуулсан. Ингэснээр Монголын дууны урлаг ямар түвшинд байгааг харуулсан.

Уран бүтээлч Б.Шаравын дууны болон хөгжмийн уран бүтээлүүдийг харуулахаас гадна түүнийг цааш нь ямар уран бүтээлч авч явах вэ гэдгийн харуулах тоглолт юм.

-Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн бүтээлүүдийг харуулахаас гадна энэ тоглолт нь манай нэртэй дуучдын нэг дор цугларч үзэгчиддээ бүтээлээ толилуулна гэж ойлголж байна?

-Тэгэлгүй яахав.Энэ тоглолтонд Үндэсний урлагийн их театрын Үндэсний найрал хөгжим, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуулачид оролцоно. ДБЭТ гоцлол дуулчид гэдэг нь Монголд төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан уран бүтээлчид. Үүнд МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, МУГЖ Г.Уянга, Эрдэнэтуяа, сүүлд олон улсын тэмцээнд гран при шагналт хүртсэн манай тенор Батжаргал , Гомбоочир, Хүрэлбаатар, Энхнаран гээд. Манай дуурийн урлагт ноён оргилууд мөн дэлхийд нэрээ дуурсгаж яваа дуучид маань оролцох юм.


Онцлох нийтлэлүүд