ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2019.06.17 09:06

Өнөөхөндөө өндөр дээдэст таалагдах ч өнө хожмоо өргөн түмэнд хэрэгтэй хууль өргөн баригджээ


Парламентын хашир гишүүн Д.Лүндээжанцан сүүлийн гурван жил Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажилласан. Өөрчлөлт оруулахаар ярьсаар өдий хүрсэн ч сая л нэг өргөн барилаа. Гурван ч парламент дамжин яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт одоо л нэг хэлэлцэж, батлагдах шатандаа орлоо. УИХ-ын ажлын хэсгээс гадна Үндсэн хууль судлаачдын дэд ажлын хэсэг байгуулж, саналыг тусгасан бөгөөд иргэдээс олон мянган санал авч хамгийн олон саналуудыг нэгтгэн тусгасан. Мөн Ардын их хурлын депутат байсан, Үндсэн хууль баталж байсан туршлагатай хуульчдыг хуулийн томьёолол дээр ажиллуулжээ. Нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж 60 орчим гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн мэдүүлээд байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр “Сэтгэлийн хөөрлөөр МАН өргөн барьсан юм биш”, нэлээд урт хугацаанд өргөн хэлэлцүүлэг, санал асуулга явуулж, олон саналыг харгалзан, олон талаас нь нухацтай ярилцаж, өчнөөн хуралдаж байж төсөл гараас гарсныг ажлын хэсгийнхэн хэлж байгаа. Энэ удаа Үндсэн хуулинд 20 зүйл заалт дээр өөрчлөлт оруулсан. Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа ард түмний олонхын саналаар сонгох бөгөөд 55-аас дээш насны, эх орондоо сүүлийн таван жил амьдарсан Монгол Улсын иргэн байна гэж заажээ. Энэ зохицуулалт нь 2025 оноос хэрэгжих юм. Манайд Ерөнхийлөгчийн сонгуулийн жишгээс харахад нэг сонгогдсон хүн дахин сонгогдож ирсэн байдаг. Одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хуулиар Х.Баттулга Ерөнхийлөгч 2021 оны сонгуульд дахин өрсөлдөж болно. Сонгогдоод гараад ирж ч болно. Нэмэлт, өөрчлөлт одоогийн Ерөнхийлөгчийн эрх ашигт харшлах зүйлгүй. Тэгэхээр 2025 онд зургаан жилээр сонгогдох шинэ Ерөнхийлөгчтэй болох нь. Ерөнхийлөгчийг нэг удаа, зургаан жилээр сонгох хууль Өмнөд Солонгос зэрэг улсад хэрэгждэг.


Ерөнхий сайд болоод дөрөв хүртэлх тооны УИХ-ын гишүүн давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулжээ. Төсөв батлахад УИХ-ын оролцоог хязгаарласан байна. Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл , зардал нэмэгдүүлэхгүй байх зэргийг оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэх үед өөрсдийн ашиг сонирхол, тойрогтоо мөнгө тусгуулах гэж чамгүй юм болдгийг болиулж байгаа юм байна. Үүгээрээ төсөв нэлээд эрүүлжиж ирнэ. Засгийн газар урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой, залгамж чанартай байхыг тусгасан. Ерөнхий сайдыг УИХ-аас томилох бөгөөд Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн танхимаа бүрдүүлнэ. Ерөнхий сайдыг дурын үндэслэлээр огцруулдгийг болиулсан. УИХ Ерөнхий сайдыг огцруулах санал оруулах бол түүний оронд томилох Ерөнхий сайдын нэрийг хамтад нь оруулахаар төсөлд тусгажээ. Японд ерөнхий сайд нь алдаа гаргасан кабинетынхаа гишүүдийг огцруулах эсэхээ өөрөө шийдээд явдаг. Германд бол Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг, гэвч 60, 70 жилийн хугацаанд ерөнхийлөгч нь эсрэг байсан тохиолдол гарч байгаагүй гэнэ.

Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй гэж үзэж огцруулбал 30 хоногийн дотор дараагийн хүнийг томилно. Эс бөгөөс УИХ тарах юм байна. Долоон удаа засаг байгуулагдахад 14-15 Засгийн газар солигдож байсан. Нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг болиулж, Засгийн газар тогтвортой ажиллах бололцоог олгож байна. Нэг үгээр Засгийн газрыг тогтвортой байлгахад ихэд анхаарсан заалтууд оруулж. Өмнө нь нэг сайд нь дургүйг нь хүргэвэл, эсвэл Ерөнхий сайдад дургүй нь хүрвэл улс төр хийж байгаад кноп дараад л унагачихдаг байсан. Энэ нь Засгийн газар тогтвортой ажиллахад сөрөг нөлөөтэй төдийгүй ард түмэнд ямар ч өгөөжгүй, улсын нийгэм, эдийн засагт хор хөнөөлтэй байсан. Үүнийг өөрчилсөн нь зөв зүйтэй боллоо гэж үзэж байгаа юм байна. Засгийн газар үүрэгт ажлаа сайн хийгээд явахад болох бөгөөд байнгын улстөржилт, сандал суудлын хэрүүл хамаагүй багасна. Өнөөдөр өндөр алба хашиж байгаа хүмүүс энэ мэтчилэн харшлах зүйл алга. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд айхавтар хориг тавиад байхгүй биз.

Өмнө нь хэл ам дагуулаад байдаг байсан дордохын долоон өөрчлөлтийг засахыг нь засч, хасахыг нь хасчээ.

УИХ-ын хувьд нэлээд олон эрх хасагдаж байгаа ч парламентын засаглал хэвээр байх нь. Парламентын үйл ажиллагааг илүү хариуцлагажуулж, 50 өдөр хуралддаг байсныг далаас доошгүй болгож нэмэгдүүлж, байнгын ажиллагаатай парламентын шинжтэй болгож байгаа аж. УИХ-ын гишүүдийн олонх буюу 39-өөс доошгүй гишүүн кноп дарж байж хууль баталдаг болсон. Одоо мөрдөгдөж байгаагаар бол хориулаа ч хууль баталчихаад байдаг.

Ерөнхийлөгчийн засаглалтай болж магадгүй гэсэн болгоомжлол, хардлага Үндсэн хуулинд өөрчлөлт хийх сургаар л явж эхэлсэн. Ардчиллыг сонгочихоод парламентын засаглалаа соливол ухралт болно гэх айдас үгүй боллоо. Өргөн олонд таалагдах хууль болжээ гэж хэлээд байгаа минь энэ. Алдаа оноотой ч парламентын засаглал хөгжиж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын хувьд айх айдасгүй боллоо, Засгийн газар тогтвортой ажиллах нь. Ерөнхийлөгч ганц удаа сонгогддог болно. Ерөнхийлөгчийн засаглалтай болбол нэг хүний засаглал яадгийг бид дэлхийн олон орны жишээнээс харж мэддэг болсон. Хүний хөгжлийн индексээр тэргүүлэгч гучин улсаас Америк, Өмнөд Солонгосоос бусад 26 нь парламентын засаглалтай, харин хамгийн дампуу гучин улсын хорин найм нь Ерөнхийлөгчийн засаглалтайг НҮБ-аас гаргасан жагсаалтаас харж болно. Нэг хүний буруу шийдвэр ямар үр дүнд хүргэдгийг бид дэлхийн мэдээгээс өдөр бүр шахам сонсч байна. Эхний ээлжинд ард түмэнд таалагдах гэж баахан юм хийнэ. Популист амлалт, үйлдэл хийнэ. Дараа нь өмнөх Ерөнхийлөгчөө намнадаг. Олон Ерөнхийлөгчийн нүүрийг харсны хувьд бид үүнийг мэддэг боллоо. Ганц хүн хэмжээгүй эрх мэдэлтэй үед дургүйгээ хүрвэл барьж хорьдог болно. Тиймээс Ерөнхийлөгчийн засаглалтай болбол хөлд нь үрэгдэнэ. Өнөөх ардчилал маань оргүй болно. Нэг сайн хүн гарч ирээд өөрчилдгүйг бид хангалттай харж, сонссон болохоор төлөөллийн ардчиллын зарчмаараа парламентын засаглалтайгаа үлдсэн нь сайн хэрэг. Мөн шүүхийн хараат бус байдалд сайнаар нөлөөлөх заалт оруулжээ. Өмнө нь ямар нэг тодорхой шалтгаангүй шүүгчийг томилохоос Ерөнхийлөгч татгалзах тохиолдол олонтаа байсан бол одоо шүүгчийг томилохдоо татгалзах шалтгаанаа заавал тайлбарлах шаардлагатай болж.

Засгийн газар нь тогтвортой ажиллаж, улстөржихгүй, парламентын засаглал нь бэхжиж байвал ард түмэнд ч, улс оронд хэрэгтэй. Тиймээс өнөөхөндөө өндөр дээдэст таалагдах ч өнө хожмоо өргөн олонд хэрэгтэй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өргөн барьжээ. Төсөлд алдаа мадаг байгааг ч зарим хуульч шүүмжилж байгаа. Арав хоногийн зайтай гурван удаа хэлэлцэгдэх учраас зарим нэг алдаа мадгийг засч сайжруулах биз.

Онцлох нийтлэлүүд