ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
2017.06.23 04:06

Өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт Ч.Санжаадамба аварга, П.Бүрэнтөгс нар хүчийг үзэх үү

Нийтлэлч: Энхтөрийн Мөнхтүвшин


Өнөө жилийн наадам урьд жилүүдийнхээс илүү үзүүштэй, сэтгэл хөдөлгөм сайхан наадам болох шинжтэй. Арваадхан хоногийн дараа болох Үндэсний их баяр наадмаар чансаа өндөр 512 бөх зодоглож, үнэн хүчээ үзэн барилдах болно. Одоогоор нутаг нутгийн бөхчүүд гал болон наадмын бэлтгэл сургуулилалтаа хангаж байна. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох Булган аймгийн “Булган хан” дэвжээний бөхчүүд зургадугаар сарын эхээр нутагтаа бэлтгэлд гарчээ. Монгол Улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр нарын ах дүүсийн ахалж буй галынхан Бүрэгхангай суманд үндсэн бэлтгэлээ базааж байгаа ба улсын начин Д.Амарсайхан, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нарын бөхчүүд энэхүү галд нэгджээ. Харин Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүд сурсан газар болох Бугын сангийн аж ахуйд бэлтгэлдээ гарсан байна. Зургадугаар сарын 12-ноос эхэлсэн тэдний бэлтгэлийг улсын арслан Д.Ганхуяг удирдаж байгаа аж. Сэлэнгэ аймгийн “Таванхан” дэвжээний бөхчүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Харзтайд наадмын бэлтгэлээ эхлүүлжээ. Уг галыг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж байгаа бөгөөд гуч гаруй бөхчүүд нэгдсэн гэнэ. Өнөө жилийн баяр наадамын гол тааврын эзэд болох улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын Увс аймгийн “Увс нуур” галын бөхчүүд мөн Харзтайд бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Зургадугаар сарын 9-нөөс эхэлсэн нэгдсэн бэлтгэлд аварга С.Мөнхбат, харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү тэргүүтэй 40-өөд бөх гарчээ. Тэгвэл Засагт ханы хөх харчуул Багануурын ойролцоох 'Мандал' амралтад бэлтгэлээ базааж байгаа бол Хан Хэнтий нутгийнхан Өндөр дэнж хэмээх газар наадмын бэлтгэлдээ оржээ. Хэнтийн бөхчүүдийг улсын начин Д.Одхүү ахалж буй юм. Хонгор нутгийн “Их Богд” дэвжээний бөхчүүдийн хувьд нутгаа зорьж, зургадугаар сарын 5-наас бэлтгэлээ эхлүүлжээ. Ийн нутаг нутгийн бөхчүүд цолгүй нь улсын цолонд, цолтойчууд нь шөвгөрөхийн тулд халуун нар, зүсрээ бороог үл ажран бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Өнөө жилийн наадмаар шинэ цолтонгууд харьцангуй цөөн төрөх болов уу хэмээн бөх судлаачид харж буй. Учир нь 512-д энэ цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг улсын цолтонгууд бүгд зодоглоно. Мэдээж хэрэг ирэлсэн тонгорог шиг аймгийн цолтонгууд бий.


Тухайлбал, өнгөрсөн жилийн наадмаас хойш өдий хүртлэх хугацаанд зохиогдсон заалны барилдаанд тогтмол дээгүүр барилдаж, улсын аварга, арслангуудыг дараалуулан өвдөг шороодуулж байсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг нэрлэж болох юм.

Тэрбээр өнөө жилийн сар шинийн барилдааны тавын даваанд улсын арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодууж, шөвгийн наймт шалгаран үлдсэн билээ. Мөн дөрвөн уулын хишиг барилдаан, болоод чансаа өндөр барилдаануудад тогтмол дээгүүр барилдаж, шөвгөрч байсан юм. Түргэн шуурхай, бие жижигч уран мэхтэй, хүнд бярдуулдаггүй өөрийн гэсэн онцлог барилдаантай өнөө цагийн шилдэг аймгийн арслангуудын нэг яахын аргагүй Ш.Пүрэвгарьд юм. Удахгүй болох наадмаар ч аварга, арслан, гарьд, заануудыг сандаргах бөхчүүдийн нэг билээ. Мөн сүүлд болсон томоохон барилдаан болох улсын арслан цолны хүндэтгэлд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд томчуудыг дараалан давж, урамтай сайхан барилдан түрүүлсэн, аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд мөн л адил иртэй барилдаж өнгөлсөн Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан Оргихын Хангайг өнөө жил дээгүүр барилдах болов уу гэсэн бөх сонирхогчдын зүгээс ихэд харж буй.

О.Хангай арслан хүчтэй, чацтай, мэхэнд үлдэцтэй, шуудагнаас ч, задгайгаас ч тэр сайн барилдаг хүчтэй арслан билээ. Тэрбээр өнөө жилийн баяр наадын гурвын даваанд тунан барилдах өндөр магадлалтай. Харин дөрвийн давааны оноолтод улсын арслан Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нарын хүчтэй арслангуудын нэгэнтэй нь таарч болзошгүй. Ингээд давчихвал тавын даваанд О.Хангай арсланг амлан авч барилдах бөх ховор болов уу. Доороос гарч ирсэн шилдэг аймгийн арслантай эсвэл улсын заан Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж нарын нэгтэй тунж магадгүй л юм. Хэрэв Б.Пүрэвсайхан заантай тунчихвал О.Хангай арслан начин болох магадлал өндөр. Учир нь өмнөх заалны барилдаанд Б.Пүрэвсайхан заантай дөрвөн ч удаа таарч барилдахдаа гурван удаа давсан болохоор тэр. Гэхдээ наадмын дэвжээ арай өөрөөр яригдах байх. Ямартай ч О.Хангай арсланд улсын цол авах боломж бий. Бүр П.Бүрэнтөгс арслангийн амжилтыг ч гаргаж болзошгүй бөх өө. Харин улсын цолтой бөхчүүдээс өнөө жил өнгөтэй байгаа нь өнгөрсөн жилийн түрүү бөх улсын аварга Ч.Санжаадамба. Өнгөрсөн хугацаанд болсон заалны барилдаануудад барилдахдаа ихэнхд нь түрүүлж, үзүүрлэсэн, шинэхэн аварга цолныхоо хэмжээнд хангалттай хүрч барилдсан юм. Тийм дээ ч өнөө жилийн наадмаар Санжаа аваргын гарыг нугалах бөх ховор болов уу. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь улсын арслан П.Бүрэнтөгс. Тэрбээр Санжаа аваргатай барилдаан таардаг, аралтай, бяртай, барилдааны хий багатай бөх гэдгийг ард түмэн мэднэ. Өнөө жилийн баяр наадмын түрүү, үзүүрт аварга, арслан хоёр таарах магадлал бас бий. Хэрэв Санжаа аварга түрүүлбэл далай аварга болно. Харин П.Бүрэнтөгс арслан түрүүлбэл улсын аварга цолтон нэгээр нэмэгдэх билээ. Өөр нэг зүйл нь өнөө жилийн баяр наадмаар шинэ улсын цолтонгууд ховор төрөх хандлагатай харагдана. Улсын начин цолтон хоёроос ихтэхгүй, улсын харцага ч алил. Харин улсын заан цолтон нэг төрж магадгүй бол улсын арслан цолтон шинээр төрөхөд үнэхээр хэцүү болж таарна. Энэхүү цолонд Б.Пүрэвсайхан, Ц.Содномдорж болоод од нь гүйсэн аймгийн арслангуудын нэг нь хүрч магадгүй. Харин улсын аварга цолтон төрөх магадлал өндөр юм. Өнөө цагийн бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг арслангууд болох П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын нэг нь аваргуудын эгнээнд бичигдэж магадгүйл юм. Ерөнхий дүр зургийг гаргах хэцүү болж. Хэн нь ч унаж, хэн ч давж магадггүй. Гэхдээ л олон түмэн улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан П.Бүрэнтөгс нарыг өнөө жилийн наадмын түрүү, үзүүрт үлдэнэ гэцгээх юм.